Итали бол "Их-7" бүлгээс "Бүс ба зам" санаачлагад нэгдсэн цор ганц орон юм. Хоёр улсын гэрээний хугацаа ирэх оны гуравдугаар сард дуусна. Тэгвэл Итали ирэх онд дэлхийн дэд бүтцийн хөтөлбөрөөс гарах болсныг ерөнхий сайд Жоржиа Мелони бататган мэдэгдлээ. Энэ нь Европын Хятадад хандах хандлага чангарч буйн шинж тэмдэг гэж үзэж байна.
Итали улс 2019 онд Хятадтай гэрээлсэн. Гэвч энэ нь Италийн эдийн засагт багахан л ашиг авчирчээ. "Бүс ба зам" санаачлагаас гарсан ч гэсэн хоёр улс сайн харилцаатай хэвээр байна гэдгийг Мелони онцлон тэмдэглэсэн юм.
Европын холбоо 2019 онд Хятадын системийн өрсөлдөгч гэж үзсэн. Энэ хүрээнд Хятадын нийлүүлэлтийн сүлжээ, эмзэг технологиудыг эрсдэлгүй, аюулгүй болгох кампанит ажил эхлүүлсэн юм.
Хятадын Гадаад хэргийн яам Пүрэв гаригт ээлжит хэвлэлийн бага хурлаа хийх үеэр хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин "Бүс ба замын хамтын ажиллагааг гутаан доромжлох, хорлон сүйтгэх оролдлогыг эрс эсэргүүцэж байна" гэж мэдэгдсэн боловч Италийг шууд дурдаагүй байна. Тус улс сүүлийн 10 жилийн хугацаанд "Бүс ба зам" санаачлагын хүрээнд 140 гаруй оронтой гэрээ байгуулсан. Итали улс 2019 онд санаачлагад нэгдэх үед үүнийг Бээжингийн хувьд дипломат ялалт болсон гэж мэдэгдэж байв.
Хятад өнгөрсөн онд Италиас 26.9 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолсон бол 2019 онд энэ үзүүлэлт 21.4 тэрбум байжээ. Харин Хятадаас Итали руу хийсэн экспортын хэмжээ мөн хугацаанд 33.5-аас 50.5 тэрбум ам.доллар болж өссөн.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ