Нүүрсний хулгайн нээлттэй сонсгол гэдэг сүржин нэртэй, тавилттай жүжиг дөрөв хоног үзлээ. МАН-ынхны өнгөрсөн долоон жил мөнгөний авдар хийсэн “Эрдэнэс Тавантолгой” компани дахь хулгайгаа ярина гэсэн хүлээлт байсан ч байдал тэс өөрөөр эхэлсэн. Хөрөнгө биржийн хяналттай зах зээл дээр бүртгэлтэй, дэлхийн 30-аад орны хувьцаа эзэмшигчтэй, орон нутгийн 51 хувийн өмчит “Тавантолгой” ХК эхний үзэгдэл байлаа.
Энэ үзэгдлийн оргил хэсэг нь нүүрс биш газар олголт болж хувирсан. Сөрөг хүчин засаглаж буй Өмнөговь аймгийг “Улс доторх улс” хэмээн цоллож, хятадаар айлгадаг тактик өнөөдөр ч хуучраагүйг мэдрүүллээ.
Монгол Улс холбооны улс биш.
Төрийн нэгдмэл тогтолцоотой улс гэдгийг сонсголын “шүүгч”-д умартсан. Үргэлжүүлэн “Өмнө зүгт Тангуд улс байгааг” хэд хоногийн турш л санууллаа. Харин Монголын нүүрсийг хятадууд л авдаг, ялангуяа Өвөрмонголын Баяннуур аймаг, Бугат хотын ганц, хоёр үйлдвэрээс хараат экспорттой гэдгийг хэн ч бодолцсонгүй. Сонсголын гол бай нь УИХ-ын гишүүн асан “Ажнай” компаниараа овоглодог Д.Бат-Эрдэнэ байсан. Түүгээр далимдуулан сөрөг хүчнийг нүүрсний хар буртганд хутгах зорилгоо болгов.
Хаа хамаагүй баахан хүний нэр зарлахад, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийтээс өөр МАН-ын гишүүний нэр гарсангүй. Сонсголын тайзан дээр “МАН-д нэг ч нүүрсний хулгайч байхгүй” гэдэг 2023 оны шилдэг өмөөрөлт жинхэнэ утгаараа биежиж амилсан. Даанч үзэгч сэтгэл бууж өгдөггүй, нүд хорсгодог муу тавилттай, авьяасгүй жүжиглэлт болж хувирав. Энэ далимд, Монголд гарын арван хуруунд багтах цөөн хэдэн мэргэжлийн компаниа олны нүдэн дээр дэвслэхийг үзлээ. Өөр юу ч байсангүй. Бас Монголын хамгийн том хулгайчаар тодроод буй Б.Ганхуягийг байлгасангүй, хүссэнгүй. Нэгэнт Хуул зүйн сайд, нүүрсний Түр хорооны дарга шүүхэд “Б.Ганхуягийг сонсголд гэрчээр оролцуулах” хүсэлтээ гаргаагүй нь ил болсон учраас олон нуршиж илүүц.
ТЭГВЭЛ ГЭРЧЭЭР ХЭН, ХЭН ДУУДАХ ЁСТОЙ БАЙСАН БЭ?
Сонсголын үеэр нэг зүйл анзаарагдсан нь тухайн асуудал огт хамаагүй хүнийг гэрчээр дуудсан явдал олон удаа гарсан. Түр хорооны гишүүдийн зүгээс маш их бухимдуулж, олон нийтийг төөрөгдүүлсэн энэ явдалд, Хууль зүйн сайд Б.Энхбаяр “Шинжээчдийн зүгээс гэрч нарын нэрсийг гаргадаг. Түр хорооны гишүүд дуудах гэрч нарын нэрсийг гаргахад хөндлөнгөөс оролцох эрхгүй” гэдэг тайлбар хэлнэ билээ.
Тэгвэл шинжээч нар сонсголыг булиантуулсан уу, эсвэл тэдэнд дарга нь тийм үүрэг өгсөн үү гэдэг асуулт гарч ирж байна.
Тухайлбал, их хулгайн он жилүүд буюу 2016-2023 онд “Эрдэнэс Тавантолгой” компанийг удирдсан хүмүүсээс нэг ч байсангүй. Тэртээ 10 гаруй жилийн өмнө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг байгуулалцаж, анхны захирлаар нь ажилласан Б.Энэбиш содон үзэгдэл байлаа. Тэрбээр гадаад бүгж байгаад ирсэн гэдгээ битүү утгаар хэлсэн. Хятадын “Чалко” компанид Тавантолгойн нүүрсийг барьцаалж, 350 сая ам.долларын зээлийн гэрээ хийгээд, гадаад гарсан гэдгээ ярьсан. “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагуудаас гадна 2016-2023 онд ТУЗ, гүйцэтгэх захирлын томилгоо хийсэн Засгийн газрын гишүүд, нууцын зэрэглэлтэй худалдаа хийх, гэрээ байгуулах эрх олгосон ҮАБЗ-ийн гишүүдээс хэн ч байсангүй. Өөрөөр хэлбэл, дээрх хугацаанд Ерөнхий сайдаар ажилласан Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийг хэн дуудаж байцааж зүрхлэх вэ.
Харин ҮАБЗ-өөс нөлөөлөл үзүүлж байсан Х.Баттулга руу бага сага чулуу шидэж харагдсан. Тэднээс доошлоод нүүрсний хэргээр гишүүнээс мултарсан Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат нар хаачив.
УУХҮ-ийн сайд нар, “Эрдэнэс Тавантолгой”-д ТУЗ-ийн гишүүнээр ажилласан хүмүүсийг дуудаж болох л байсан. Гэвч тэднийг дуудаж зүрхэлсэнгүй. Ганцхан Б.Ганхуягийг гэрчээр оролцуулахад, тэдний хэн нэгнийг нэрлэнэ, нэрлэхгүй гэдэг баталгаа байхгүй. Хамгийн гол нь тэрбээр мянган асуултад хариулт өгөх цор ганц гэрч гэдэг нь маргашгүй үнэн. Ийм л олонд танигдсан сонирхолтой дүргүй жүжиг яаж үүргээ гүйцэтгэж, тархи угааж чадах билээ. Ийнхүү гол гэрчүүд нь байхгүй учраас агуулгын хувьд авах юмгүй нүүрсний нэгдүгээр сонсгол өндөрлөлөө. Хоёр дахь сонсголоос оролцогчдын чанар, агуулгадаа анхаарахгүй ард иргэд гудамжинд жагсах нь байна шүү. Ард түмэн нүүрсний хэрэгт хариулт хайж, хариуцлага хүлээсээр байна.
Холбоотой мэдээ