Хойд Солонгосоос дүрвэж Хятадад ирсэн байсан 600 орчим иргэнийг Пёньян хилээ нээсний дараа нутагт нь буцаасан. Тэгвэл эмэгтэйчүүд голдуу 600 иргэн тэр цагаас хойш сураггүй байгааг Сөүлд төвтэй хүний эрхийн байгууллагаас хэллээ.
Хойд Солонгосын хилийн хориг цуцлагдсаны дараа Хятад улс аравдугаар сард сүүлийн жилүүдэд байгаагүй олон тоогоор хойд солонгос дүрвэгчдийг буцаасан. Энэ нь дүрвэгчдийн амь насыг эрсдэлд оруулна гэдгийг тухайн үед хүний эрхийн байгууллагууд анхааруулж байв. Урвагч гэж үзвэл тэднийг эрүүдэн шүүх, бэлгийн хүчирхийлэлд өртөх, цаазаар авах ч магадлалтай.
Хаалттай дэглэм учир харилцаа холбоо тогтооход үргэлж хэцүү байдаг гэдгийг хүний эрхийн байгууллага онцолж буй.
Дүрвэгсдийн дотор байсан нэгэн эмэгтэйн эгч Их Британид амьдардаг. Тэр эмэгтэй ярихдаа "Миний эгчийн хийсэн цорын ганц гэмт хэрэг нь Хойд Солонгост төрсөн явдал. Би түүнд аюулгүй амьдралыг л хүсч байна" гэжээ.
Хятадын Жилин, Ляонин муж дахь цагдан хорих төвөөс албадан ирүүлсэн хүмүүсийг Хойд Солонгостой хиллэдэг таван боомт руу тээвэрлэж яваа автобус, фургон машинуудыг аравдугаар сард олж илрүүлсэн. Хүний эрхийн байгууллага тус хоригдлуудыг Шэньян шорон болон Чанчун Тибэй шоронд хоригдож байсан гэж тодорхойлжээ. Онсонгийн гарам боомтоор 300 гаруй хүн, Дандун боомтоор 180 гаруй хүн нэвтэрсэн гэж үзэж байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ