Парис 2024 Олимпийн наадам дөхөхтэй зэрэгцээд тус хотын хаа сайгүй бясаа үзэгдэх болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл бясаа устгалтай холбоотой залилангийн хэрэг ч гарч эхэлжээ.
Тодруулбал, бясаа устгах нэрийдлээр настай хүмүүсийг залилсан хоёр эрэгтэйг баривчилсан байна. Страсбургийн цагдаагийн газраас мэдэгдсэнээр залилагч этгээдүүд хохирогчийн гэрт очсоныхоо дараа төлбөрөө хэтрүүлэн авсан байжээ. Тэд нийтдээ 48 хүн залилсан бөгөөд ихэнх нь 90-ээс дээш насны эмэгтэйчүүд аж. Луйварчид хохирогчидтой өөрсдөө эхэлж холбогдоод, гэрийнх нь ойр орчимд бясаа тархсан тул ариутгал устгал хийнэ гэж хэлдэг. Ингээд шавж устгалын ажилтны дүрд хувиран гэрт нь очоод, аэрозолын шүршигч ашигладаг. Явахаасаа өмнө бясаа үргээдэг гэх тос санал болгодог аж. Хохирогчоос дунджаар 300-2100 еврогийн хураамж авч байжээ.
Цагдаа нар бясаа устгалтай холбоотой есөн албан ёсны гомдол хүлээж авчээ.
Франц даяар сүүлийн саруудад бясаа асуудал болж байна. Орон даяар түгшүүр төрүүлсэн уг асуудлыг шийдвэрлэхээр өндөр албан тушаалтнууд ч хөдөлж эхлэв. Бясаа Лондон хүртэл тархах вий гэсэн болгоомжлол ч байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ