Тойм: Хөрөнгө оруулалтын таатай орчинтой улс болохыг зорьж байна

Хуучирсан мэдээ: 2023.12.09-нд нийтлэгдсэн

Тойм: Хөрөнгө оруулалтын таатай орчинтой улс болохыг зорьж байна

Тойм: Хөрөнгө оруулалтын таатай орчинтой улс болохыг зорьж байна

Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.


"ХОТЫН ДАРГЫН ТОМИЛГОО ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН"

Цаг үеийн асуудлаар Улаанбаатар Эрдэм их сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор, Доктор /PH,D/, дэд профессор Б.Сүхболдтой ярилцлаа.


 -Та бүхний зүгээс Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нарыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байна. Энэ нь Үндсэн хуулийн ямар, ямар заалтуудтай харшилж байгаа вэ?

-2020 оны Улсын их хурлын сонгуулиар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэдийн итгэл, сэтгэл, дэмжлэгээр сонгогдож, төрийн сүлдэндээ тангараг өргөж, парламентын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлж байсан УИХ-ын  гишүүн Д.Сумьяабазар, Х.Нямбаатарын нарын бүрэн эрхийг өөрийнх нь хүсэлтэд үндэслэн Улсын Их Хурлаас тогтоол баталж, хугацаанаас нь өмнө дуусгавар болгосон. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Улсын Их Хурлын гишүүн бол ард түмнээс мандат авч сонгогдсон, ард түмний төлөөлөгчдийн байгууллагын гишүүн агаад түүнийг Улсын Их Хурлаас дур мэдэн, Үндсэн хууль болон үндсэн хуульчилсан хуульд үндэслээгүй тогтоол гаргаж, бүрэн эрхийн хугацаанд нь (4 жил) хууль бусаар халдаж, бүрэн эрхийг нь дуусгавар болгох хууль зүйн үндэслэл байхгүй юм.

-Тухайн хүмүүс УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өөрсдөө гаргах эрхтэй биш гэж үү? 

-Монгол Улсын хувьд парламентын гишүүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох Үндсэн хуулийн заалт нэгэнт байхгүй учраас Улсын Их Хурлын тухай хууль гэх үндсэн хуульчилсан хуулиар тус асуудлыг зохицуулсан. Гэтэл Улсын Их Хурлын тухай хуульд ч гэсэн Д.Сумьяабазар, Х.Нямбаатарын нарын бүрэн эрхийг өөрийнх нь хүсэлтэд үндэслэн Улсын Их Хурлаас тогтоол баталж, хугацаанаас нь өмнө дуусгавар болгох тухай эрх зүйн зохицуулалт байхгүй юм.

Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7.3-т “Гишүүний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна” хэмээн заасан бол 10.1.1.-10.1.7-д Улсын Их хурлын гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох долоон шалтгааныг нэрлэн тоочжээ.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

"ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТААТАЙ ОРЧИНТОЙ УЛС БОЛОХЫГ ЗОРЬЖ БАЙНА"

Хөрөнгө  оруулалт, худалдааны газрын дарга В.Энхбаатартай ярилцлаа.


-Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулалт, худалдааны чиглэлээр дагнасан, мэргэжлийн байгууллага байгуулах эсвэл татан буулгах шийдвэр удаа дараа гаргаж байсан. Танай байгууллагын хувьд энэ оны эхээр байгуулагдсан. Үндсэн, үүрэг чиглэл юу байх вэ?

-Монгол Улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжих, гадаадын хөрөнгө оруулагчдад төрийн үйлчилгээг нэгдсэн байдлаар хүргэх, мэргэжлийн туслалцаа үзүүлдэг байгууллагыг сэргээн байгуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг сэргээх, өргөжүүлэх, “Шинэ сэргэлтийн бодлогo”-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөгжлийн төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэл болон бусад хэлбэрээр хэрэгжүүлэхэд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт чухал шаардлагатайг онцолж байна. Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын дийлэнх хувь нь уул уурхайн эрэл хайгуул, олборлолт, газрын тосны салбарт байна. Эдийн засгийн уул уурхайн бус салбаруудыг дэмжих, эдгээрт хөрөнгө оруулалтыг татах, хөгжүүлэхэд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, тогтвортой, таатай байлгах шаардлага байна. Эдгээр төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалтыг татах стратеги боловсруулж, хөрөнгө оруулагчдад төрийн үйлчилгээг нэг цонхоор хүргэж, дэмжиж ажиллах шаардлага бий болоод байна.

Манай байгууллагын хувьд гол чиг үүргүүд нь гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, татах, хөрөнгө оруулалтыг нутагшуулахад мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх, хөрөнгө оруулалтыг хамгаалах, худалдааг дэмжих хөнгөвчлөх бодлогыг хэрэгжүүлэх юм.

Хөрөнгө оруулалт, худалдааны газар байгуулагдсанаар хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах, зорилтот улс, бүс нутаг, эдийн засгийн салбар, тэргүүлэх чиглэлээр хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, дэмжлэг үзүүлэх, худалдааны эргэлтийг сайжруулах, импортыг орлох салбарыг хамгаалах, экспортыг дэмжих, эдийн засгийн төрөлжилтийг гүнзгийрүүлэх, худалдааг хөнгөвчлөх, цахим нэг цонхны үйлчилгээ үзүүлэх, хөрөнгө оруулалт, гадаад худалдааны нэгдсэн мэдээллийн сан үүсгэх нөхцөл бүрдэж байна. Мөн төрийн бодлого, үйлчилгээг чанар стандартад нийцүүлэн оновчтой, хүртээмжтэй, богино хугацаанд хүргэх, хөрөнгө оруулагч, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн түвшинг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалт, худалдааны үйл ажиллагаа нэгдсэн зохион байгуулалтаар хангагдах юм.

-Монгол Улс хөрөнгө оруулагчдыг эх орондоо дуудаж байгаа энэ үед танай байгууллагын хүлээх үүрэг хариуцлага өндөр байгаа байх. Хөрөнгө оруулагчид руу чиглэсэн ямар ямар ажлууд хийж байна. Монгол Улс үнэхээр хөрөнгө оруулагчдад ээлтэй байх хууль эрх зүйн орчин, дүр төрхийг бүрдүүлж чадаж байна уу?

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт тодорхой хэмжээгээр буурсан. Үүнд цар тахал болоод дайны нөхцөл байдал тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх. Дэлхийн улс орнуудын болоод Монгол Улсын эдийн засаг тогтворжиж байгаа энэ үед гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг идэвхижүүлэхэд анхаарч ажиллаж байна. Хөрөнгө оруулалтыг татахын тулд хууль эрх зүйн таатай орчныг нь бүрдүүлж, тэдний хуулиар олгогдсон эрх ашгийг хамгаалах нь чухал. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон, хуулийн зөрчилтэй асуудлууд гарч, энэ чиглэлийн гомдлууд ч нэлээд бүртгэгдсэн. Тиймээс өмнө нь гаргаж байсан алдаа, дутагдлаа засахын тулд Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн иргэн, АНН-үүдийг, бүх талаар дэмжиж ажиллахыг зорьж байна. Цаашид Монгол Улсыг хөрөнгө оруулалтад ээлтэй, хөрөнгө оруулалтын таатай орчинтой улс гэдэг дүр төрхийг бий болгож, олон улсад эх орноо сурталчлахыг зорьж байна.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

"БИДНИЙ ЗОРИЛГО ‘MR.OLYMPIA’-Д АЗИЙН НОМЕР НЭГ ТАМИРЧИН БОЛОХ"

Монголын бодибилдинг, фитнессийн спортын түүхэнд анх удаагаа “Mr.Olympia”-д өрсөлдөх эрхийг хүртсэн Б.Уянгатай ярилцлаа. Түүний хувьд саяхан болж өнгөрсөн "IFBB Pro Taiwan" тэмцээнд түрүүлснээр бодибилдинг, фитнессийн олимп гэгдэх энэхүү томоохон тэмцээнд оролцох эрхээ авсан юм.


-Мэргэжлийн бодибилдинг, фитнесийн тамирчны мөрөөдөл болсон “Mr.Olympia”-д оролцох эрхээ авсанд тань баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Сэтгэгдэл  маш өндөр байна. Одоо ч тэр байдлаасаа гарч чадахгүй байна. Олимпийн эрх аваад олимпод оролцоно гэдэгтээ итгэж чадахгүй байна.

-Таны хувьд хичнээн жил энэ спортоор хичээллэж, өнөөдрийн энэ амжилтад хүрэв? Анх татагдсан шалтгаан нь юу байсан бэ?

-Миний хувьд гурав дахь жилдээ хичээллэж байна. Шалтгаан нь найз залуугаа л дагаж, бэлтгэл хийж эхэлсэн. Найз залуу маань Монголоос төрсөн анхны мэргэжлийн тамирчин. Найз залуутайгаа танилцаад л энэ спортод дурлаж эхэлсэн дээ. Хамт бэлтгэл хийгээд л, хамт байсаар энэ спорт руу орсон.

-Гурван жил гэхээр богино хугацаа мэт сонсогдож байна л даа. Хэрхэн ингэж тууштай байж чадсан юм бэ? Дунд нь шантрах үе бишгүй л тохиосон байх.

-Шантрах үе байсан. Гэхдээ хажууд байсан хүмүүс минь л их нөлөөлсөн. Гэрийнхэн, найзууд, найз залуу минь гол нөлөөлсөн. Ялангуяа найз залуу минь. Өөрөө тамирчин хүн учир сайн ойлгодог. Бүх зүйл дээр тусалдаг. Миний биеийн тал шиг л ойлгож, дэмждэг.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж