Хуучирсан мэдээ: 2023.12.08-нд нийтлэгдсэн

Нэг л биш…

Нэг л биш…

УЛ БОЛСОН АРДЧИЛЛЫН УХРАЛТ

Ардчиллын төлөөх таван нам нэгдсэн өдрөөрөө АН бодлогын реформоо “Бултаараа баяжигтун” уриан дор хийв. 90 жилийн өмнөх Эргэлтийн бодлогод “С” үсэг нэмээд сүйрүүлж буй МАН-ыг харсаар байж зогсоох ёстой сөрөг хүчин 100 жилийн өмнө С.Данзангийн хэлсэн “Баяжигтун”-д “бултаараа” нэмсэн нь өнөөгийн бидний царай, тэдний цараа хэлээд өгөв. Нэг л биш… “Хонхны дуу”-гаа тавиад л байдаг. Дуг нойрондоо дугжирсаар…

АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн Х.Тэмүүжингийн хэлснээр “Яг 33 жилийн өмнө энд сууж байгаа олон хүмүүс, олон олон аав ээж, ах эгч нар ардчиллыг эхлүүлсэн. Одоогийн ярьж байгаа авлига, хүнд суртлыг устгая, хэвлэлийн эрх чөлөө, хүний эрх, шинэ цаг ирлээ гэсэн уриа лоозонгууд тэртээ 33 жилийн өмнө ч гэсэн яригдаж байсан, бид 33 жилийн дараа ч ярьж байна”. Х.Тэмүүжингийн асуугаад байгаа “Дүр эсгэсэн, гажуудсан ардчилал бий болж байна. Яагаад гажив, яагаад зорилгодоо хүрсэнгүй вэ?” гэдгийг бодох, сөхөөрөх нь энэ намд даанч цөөхөн санж. Ардчилсан намд өнөөдөр барууны чиг баримжаатай нь цөөнх болжээ. Тэд нэг л мэдэхэд өөрсдийн зорьсон зорилгынхоо эсрэг талд гараад зогсчээ. Эрх баригчид ч энэ завшааныг ашиглан таван нам нэгдсэн өдөрт нь зориулж “МҮДН”-ийг нүүрсний хэрэгт холбогдуулан буруутгасан нь ердөө ч санамсаргүй тохиолдол биш. Наанаа Ардчилсан намд данстай ч цаанаа МАН-ынхантай худ ураг, халаас нэгтэй болоод удсан нөхрийн явуургүй тоглолт явсан нь Л.Гантөмөрийг сонсголоор шорлох гэсэн санаархал байв. Үгэнд нь ороогүй намын даргын байр суурийг тэр ганхуулах нь.

Ардчилсан хувьсгалд оройлон оролцогчдыг үе шатттайгаар харлуулж ирсэн тэрбээр өнөөдөр том хэвээрээ байна.

Бусдын заавраар будилж явсан НАХЯ-ны генералыг бидний бахархал гэж итгүүлж, уяраасан тэрбээр өвгөн генералаас илүү их бүтээн байгуулалтыг хятадууд хийж өгсөн гэдгийг дурсдаггүй.Учир нь өвгөн генералыг хүндэлсэндээ бус барилгын цэрэг гэдэг БНМАУ-ын “боолчлолыг” сэргээх далд санаа агуулсаныг цэргүүдээр бариулсан мухар төмөр зам гэрчилнэ. Ингэхийн тулд түүнд нам нь ч хайран байсангүй. Нарийн  царигтай төмөр зам барьвал хятадууд танкаа ачаад ороод ирнэ гэхэд итгэгсэд нь дэндүү олон болохоор МАН-тай нийлж Монгол Улсын төмөр замын баримтлах бодлогыг ч өөрчлүүлж чадсан. Тэдний төлөөсөнд  монголчууд тэрбумаар тооцогдох долларын орлогоо алджээ. Гэвч түүнийг, тэднийг тахин шүтсэн хэвээрээ. “Төр шийдээчээ” гэж орилогсод олонх болсон төдийгүй хувийн өмч, хувь хүний эрх чөлөөг өмгөөлсөн нэгнийг нийгмээрээ хараах нь холгүй яваа бид нэг л биш ээ.

Мэлхийг амьдаар нь чанахын тулд хүйтэн усанд хийгээд аажмаар халаадаг шиг бид  аажим аажмаар өнгөрсөн рүү ухраахыг тэд санаархах болсон бөгөөд үүнийг иргэдийн айдас, бухимдал, эмзэглэл, үр хүүхэд, үнэт зүйлсээр нь далимдуулан  алхам алхамаар амжилттай хэрэгжүүлж байна.

Ардчилал тийм ч сайхан зүйл биш бөгөөд түүний үр шимийг монголчууд хүртээгүй төдийгүй хүртэх боломжгүйгээр хазайж, хазайснаа ч харалгүй хараан зүхэж байна. Ардчиллаас хамгийн их хожсон нь хэн бэ гэвэл МАН.  Тийм атлаа хамгийн ихээр хараадаг нь бас тэд.  Ардчиллын 33 жилд ийм боллоо гэж амны зоргоор аашлахыг нь сонссон байх. Тэнэглэл хязгаар байх биш, тэд өөрсдөө 8-аас бусад жилд нь төр барьсан байхыг сануулах нь илүүц биз. Ардчиллынхан

ЗУЛ БОЛСОН БНМАУ-ЫН СҮНС БИЕЖИВ

Баруун төвийн бодлоготой гэж өөрсдийгөө тодорхойлсон ч зүүний МАН-д байхаар гишүүд дэндүү олонхыг нь бүрдүүлдэг нь харамсалтай. Хэрэвзээ гишүүдээ тестлээд үзвэл олонх нь зэс нь цухуйна. Алтны дэргэдэх гуйл шарлана гэгчээр Ардын намаас ялгаа даан ч тэдэнд алга. Өнөөдөр ардчилсан хувьсгалын буянаар хүний эрх, эрх чөлөөг төрөлхийн заяагдсан зүйл гэж бат итгэж өссөн залууст зүүний социал демократуудаас өчүүхэн ч ялгаагүй шахуу харагдаад буй нь өөрсдийнх нь үнэт зүйлсгүй, эрх ашгийн төлөөх нэгдлийн буруу болохоос өөр юуных ч биш гэдгийг ухаараагүй цагт энэ нам эргэж өндийхгүй нь. Харин эрх баригчид энэ хугацаанд алгуурхан санасандаа хүрэхийг хичээж, үг, үйлдлээрээ түүнийгээ илэрхийлж ирэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн оролцоогүй чөлөөт зах зээл гэж байхгүй талаар зандарч байсан бол УИХ-ын дарга Г.Занданшатар ердөө жилийн өмнө Турк улсад айлчлахдаа улсаа “БНМАУ” гэж албан хуудсаараа зарласан зүгээр ч нэг гоёчирхол биш байлаа.

Тэдний далд санаа нь сайтар боловсрлуулсан ардчиллыг устгах төлөвлөгөө байжээ. Авлигаар далилдуулж адгийн амьтад эрх мэдлээр хуяглаж байна. Хүн биш мал төрийн хамгаалалтад байсаар байгаа төдийгүй хувийн малаа өсгөсний төлөө улсын аварга малчин цол олгох агаад түүнийг дагалдах тэмдэг БНМАУ-ын үеийн сүлдтэй байх нь хачин. Түүгээр ч зогсохгүй төрийн сүлдээ өөрчилсөн хэр нь далбаагаа хэвээр үлдээж, социалист одыг авсан болоод аргацаажээ. Монголын төрийн алба улстөрчдийн үе залгамжилсан бүтэцтэй болсон бол төртэй хамааралтай бизнес л оршин тогтнож, бусад нь дампуурах системийг угсарчээ. Төрийн өмчит компаниудын хөрөнгө ДНБ-нээс даруй их наядаар давсан бол эмнэлэг, сургууль, цэцэрлэг, цагдаа, тэр ч бүү хэл онцгой байдал, шашны удирдагчийг ч намынхан томилж, томилогддог болсон нь нэг л биш. Товчхондоо нам, төрийг шүтэх мухар үзэл биднийг залах болжээ. Өнгөрсөн нийгэмд ганц бие байсныхаа төлөө татвар төлдөг байсан бол өнөөдөр нууц амрагт ял оногдуулдаг болох тухай барууны бодлоготой намын зүүнтэн санаачлаад сууж байх жишээтэй. Шахмал түлшнээс болоод угаартаж амиа алдвал өөрсдийнх нь буруу гэж улайхгүй хэлэдэг төрийнхөн утаатай хотод амьдарч, амьдралаа авч явахаар үйлчилгээ үзүүлсэн иргэдээс авдаг татварыг хоёр дахин нэмэхээр болов. Тэдний орлогоос шууд 1 хувийн татвар авах бол банкны шимтгэлд дахиад нэг хувь, НӨАТ 10 хувь гээд ашигтай, ашиггүй нь хамаагүй. Борлуулалтаас 14 хувийн татвар авна гэж боолчлолын албадлагыг бидэнд шууд тулгав. Ажил хийж буй л бол албан татвар, даатгал зэрэгт цалингийн тал орчмыг авдаг төрийн боолчлолыг байх ёстой зохицуулалт гэж гөрдөхийг нь яана. Төрд эрх мэдэл, хөрөнгө төвлөрүүлснээс бизнесийн орчин хязгаарлагдаж, тонууль, хулгай газар авдагийг банк, нүүрс, сангийн хэргүүд харуулаад байхад л улам төрийг данхайлгах тухай ярьж, хулгай хийсэн газарт бүрэн эрхт төлөөлөгч томилохдоо Монгол Улсын бус БНМАУ-ын хуулиар томилох жиштэй.

Ийнхүү зул болсон БНМАУ-ын сүнс биежин удахгүй төмөр нүүрээ харуулах нь. Харин монголчууд халамж нэхэх бөгөөд түүнийгээ ч авч, хариуд нь эрх чөлөөгөө хязлуулснаа мэдэхгүй явна.

Х.Нямбаатараас эхлээд нэгнийх нь халаасыг сэгсэрсэн мөнгөөр өөрсдийн хамсаатнаасаа 20 мянган зуух аваад нөгөө хэсэгт нь тараан угаартуулж алах тухай ярьж байхад бид баярлаад сүйд… Зул болсон БНМАУ-ын сүнс хойд төрлөө олсон төдийгүй хэлд орохоор шулганаж байна. Удахгүй эрийн цээнд хүрэх вий.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
20
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж