"Хархорум" наадам дэлхийн хэмжээний фестиваль болно гэдэгт итгэлтэй байна"

Хуучирсан мэдээ: 2023.12.08-нд нийтлэгдсэн

"Хархорум" наадам дэлхийн хэмжээний фестиваль болно гэдэгт итгэлтэй байна"

"Хархорум" наадам дэлхийн хэмжээний фестиваль болно гэдэгт итгэлтэй байна"

Монголын үндэсний кино урлагийн зөвлөл, Кино гүүр хөгжлийн холбоо хамтран зохион байгуулж буй “Хархорум” олон улсын кино наадам нээлтээ хийлээ. “Хархорум” Олон улсын кино наадам нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байна. Энэ хүрээнд “Хүний эрх 75” буюу хүний эрх, эрх чөлөөг сурталчлах нийтлэг ойлголт болоод сэдэвчилсэн мэдлэгийг таниулах бөгөөд кино урлагаар дамжуулан хүний эрхийг дээдлэх, зөв хандлагыг төлөвшүүлэх зорилготой юм.

“Хархорум” Олон улсын кино наадам нь 12-р сарын 7-12-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд Венец, Пусан, Берлин, Токиогийн кино наадмын болон Оскарын шагналт найруулагчдын шилдэг 22 уран сайхны болон баримтат киног толилуулах юм. Наадмын нээлтэд олон улсын уран бүтээлчид болоод кино найруулагчид, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра тэргүүтэй зочид, төлөөлөгчид оролцлоо.

Соёлын сайд Ч.Номин “Хархорум” Олон улсын кино наадмыг нээж үг хэлэхдээ “Кино урлаг бол хүн өөрийгөө илэрхийлэх эрх чөлөөний нэгэн илрэл бөгөөд урлагийн олон төрлийг өөртөө агуулснаараа ялгардаг билээ. Энэ ч утгаараа бид “Хархорум” кино наадмаар дамжуулан иргэдэд хүний эрхийн талаарх ойлголт, мэдэгдэхүүнийг дээшлүүлэх, нөгөө талаас олон улсад хүний эрхийг дээдэлдэг ардчилсан улс гэдгээ кино урлагаар дамжуулан сурталчлан таниулах зорилгоор энэхүү наадмыг зохион байгуулж байна. Кино урлаг нь Монгол Улсын Соёлын яамнаас баримталж буй Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлд зүй ёсоор багтдаг билээ.

Энэ утгаараа бид Монгол уран бүтээлчдээ дэлхий дахинаа алдаршуулах нэгдмэл зорилгын хүрээнд дэлхийн тавцанд Монголын кино урлаг, уран бүтээлчдийг таниулах, кино урлагаар дамжуулан эдийн засагт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн бие даасан салбар болгохоор зорин ажиллаж байна.

Энэ ч утгаараа Монгол Улсын Засгийн газраас кино урлагийг дэмжих тухай хуулийг батлуулж, кино урлаг дэмжих санг үүсгэхийн зэрэгцээ тогтмол үйл ажиллагаатай Кино Урлагийн зөвлөлийг байгуулсан. Ингэснээр олон улсын кино бүтээлчдийг Монголын уран бүтээлчидтэй холбох, хамтарсан кино төсөл хэрэгжүүлэх, хөрөнгө оруулагчдыг татах үүднээс Гадаадын кино уран бүтээлчдэд зардлын тодорхой хувийг буцаан олгох эрх зүйн орчныг бүрдүүлж дотоодын уран бүтээлчдээ дэмжиж, кино бүтээл туурвих таатай орчныг бий болгон ажиллаж байна. “Хархорум” олон улсын кино наадам цаашид цар хүрээгээ тэлж, олон улсын уран бүтээлчид энэхүү наадамд бүтээлээ сорин өрсөлддөг, хүсэн хүлээсэн дэлхийн хэмжээний наадам болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Наадмын хүрээнд уралдаант болон уралдаант хэсэгт гурван уран бүтээлийг шалгаруулах бөгөөд “Хархорум” наадмын алтан цом, мөнгөн шагналаар шагнана. Үүнд:

  • “Шилдэг бүрэн хэмжээний уран сайхны кино”,
  • “Шилдэг баримтат кино”;
  • "Хүний эрхийн агуулга бүхий шилдэг бүтээл"-ийн шалгаруулна.

Түүнчлэн наадмын үеэр кино уран бүтээлчдэд зориулсан сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулах бөгөөд олон улсын уран бүтээлчдийн сургалтад хамрагдан туршлага судлах боломжтой. Энэ хүрээнд:

  • "Кино наадамд кино бүтээлийг бэлдэх нь" мастер класс,
  • "Кино бүтээл туурвихдаа хүний эрхийг зөрчихгүй байх нь”
  • Залуу киночдод зориулсан сургалт,

"Кино урлагаар дамжуулан хүний эрхийг тунхаглах нь" форум зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж