АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены хүү Хантер Байденг татварын есөн хэрэгт буруутгаж байна. 2024 оны сонгуулийн кампанит ажил эхэлж буй чухал үед Хантер Байден ийнхүү Цагаан ордон болон Ардчилсан намынхны толгойн өвчин болов. Төлөөлөгчдийн танхимын бүгд найрамдахчууд ирэх долоо хоногт Хантерын хилийн чанад дахь бизнесийн үйл ажиллагаатай холбоотойгоор Жо Байденыг огцруулах санал хураалт явуулахаар төлөвлөж байна.
Хантерыг 2016-2019 онд татварын гэмт хэрэг үйлдсэн, тэр дундаа татвар төлөхийн оронд үрэлгэн амьдралын хэв маягт олон сая ам.доллар зарцуулсан гэж буруутгажээ. Энэ хугацаанд тэр хар тамхи, охид, тансаг зочид буудал, түрээсийн байр, чамин машин, хувцас гэх мэт хувийн чанартай зүйлсэд, товчхондоо хэлбэл татвараас бусад зүйлд мөнгөө зарцуулсан байна. Дээрх бүхнийг дэлгэрэнгүй бичсэн яллах дүгнэлт 56 хуудас болжээ.
Гэхдээ ерөнхийлөгч Жо Байден хүүгийнхээ үйл ажиллагаанд ямар нэг байдлаар оролцсон, ашиг хуваалцсан гэх нотлох баримт олдоогүй.
Хантерыг буруутгаж буй есөн хэргийн гурав нь хүнд гэмт хэрэг, зургаа нь татварын хэрэг. Бүх хэрэгт буруутай нь тогтоогдвол тэр 17 жилийн хорих ялаар шийтгүүлнэ.
Энэ хэрэг Дональд Трампын өмнө тулгараад буй дөрвөн эрүүгийн хэргээс олны анхаарлыг сарниулж магадгүй юм.
Эх сурвалж: BLOOMBERG
Холбоотой мэдээ