Үржил селекцийн бодлогын алдааг засахад 30 жил шаардана
Асуулгатай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ:
-УИХ-аас “Монгол мал” хөтөлбөр, Малчдын талаар төрөөс баримтлах бодлого гэж хоёр том бодлого баталж гаргасан. Малчдын талаар баримтлах төрийн бодлогоо анхаарч дахин сайжруулах шаардлага байна гэж үзэж байгаа.
Засгийн газрын дэвшүүлсэн “Шинэ сэргэлт” бодлогын хүрээнд УИХ –ын дарга онцгойлон санаачлага гаргаж, ажиллаж байгаа. Хуучин тогтолцооны үед бий болгосон түүхий эд бэлтгэлийн сайн систем байсан түүнийгээ нураачихсан. Хөдөлмөрөө хорших олон улсад жишиг болохуйц сайн нэгдлийн тогтолцоогоо унагачихсан. Энийг шинээр зохион байгуулах талд онцгойлон анхаарах хэрэгтэй байна. Хэнтий аймгийн Баян-Овоо сум аравтын зохион байгуулалтыг маш сайн хэрэгжүүлсэн. Нүдэнд мэдрэгдэхүйц амжилтад хүрсэн. Энэ тогтолцоогоороо мал аж ахуйг сэргээх ажлыг хийж, малчид хөдөөгийн ард түмэн хөдөлмөрөө хоршдог, тулгамдсан асуудлаа шийддэг, малын үүдэр угсааг сайжруулах шаардлага байна. Айлаас гуйхаар авдраа уудал гэж үг бий.
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, н.НАРАНЧУЛУУН:
-Залуу малчдыг чадавхижуулах есөн чадамж бүхий сургалтыг өнгөрсөн зун бүсээр зохион байгуулж, 1300 малчин хамрагдсан. Хэнтий аймагт ажиллах үеэрээ Баян-Овоо сумаас малчдыг туршлага солилцох арга хэмжээг зохион байгуулсан. Улсын хэмжээнд жишиг болохуйц байсан тул хэвлэлээр сурталчлах ажлыг зохион байгуулсан. Улсын хэмжээнд сум бүрт Хөдөө аж ахуйн биржийн итгэмжлэгдсэн агуулах бий болгож байна. Одоогоор 119 агуулахад итгэмжлэл олгосон. Агуулахад авсан ноолуурыг ангилсан байдлаар, арьс ширийг ангилсан байдлаар хадгалж байгаа учраас үндэсний үйлдвэрүүд онлайн худалдаанд орох ажлыг хийж байна.
УИХ-ын гишүүн Г.ГАНБОЛД:
-Бид 30 гаруй жил бий болгосон зүйлээ малаа хувьчлаад устгасан. Хуучин төвийн бүсэд арьс ширний чиглэлийн хонь үржүүлж байсан. 1990 оноос хойш бодлого алдагдсанаас зүүн аймгаас махны гарц нэмэгдүүлнэ гэж баахан хуц авчраад Архангай, Өвөрхангайд тавьтал махных биш болсон. Малынхаа арьсаар нэхий дээл ч хийх боломжгүй болсон. Энэ бодлого алдагдсанаас монгол хонины нэхий малын арьс шир үнэгүй байна гэдэг нь үнэн үү. Нядалгааны бодлого байдаггүйгээс малын арьс ширний 70-80 хувь нь механик гэмтэлтэй байгаа нь үнэн үү.
Манайд үржил селекц генетикийн бодлого алдагдсан бол хэдий хэмжээний хугацаа зарцуулж байж 1990 оны хэмжээнд аваачих вэ. 330 гаруй суманд байгуулагдсан Мал эмнэлэг үржлийн албаны зорилго юу вэ. Үлгэр жишээ энэ ажлаа хийгээд явж байгаа нэгж байна уу.
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.БОЛОРЧУЛУУН:
-Үнээн. Зүүн бүсээс Архангай, Өвөрхангайд нэг үүлдрийн хонь аваачаад үзэмчин барга гээд үржүүлэх гэж оролддог. Махных ч биш ноосных ч биш болж үүлдрийн чанараа алддаг. Бүс бүсдээ үүлдэр омгийн хонийг хөгжүүлж байж ашиг шим нь өндөр байхаас биш холын аймагт аваачаад үр ашиг гардаггүй нь харагдсан. Монгол Улсын төрийн бодлого 1990 оноос өмнө хатуу байсан. 30 жилд мал аж ахуй дээр баримтлах төрийн бодлого алдагдсан. Дураараа хуц ухнаа солилцдог, малын өвчлөл ч их гарсан. 21 аймагт шүлхий гараад хуучин байдаггүй мялзан, товруутах өвчин ч гарсан. ТИймээс малаа вакцинжуулахад зориулж 141 тэрбум төгрөгийг вакцинжуулалтад суулгасан. Мал эмнэлгийн үйлчилгээний үнэ хэтэрхий бага байснаас малын өвчлөл гарсан. Ашиг шимэнд шууд нөлөөлсөн. Мэргэжилтэж боловсон хүчин алдагдсан. Бүх суманд мал зүйч байна гэдэг ч орон нутагт суурьшиж амьдрах нь багасч, нийслэл рүү гадаад руу явах болсон. Засгийн газрын шийдвэр гарснаар аймагт ажиллаж байгаа төрийн албан хаагчийн цалингийн нэмэгдлийг 20 хувь, суманд ажиллаж байгаа албан хаагчийн цалин 40 хувь нэмэгдүүлэн олгох болсноор ахиц гарахаар бллж байна.
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, н.НАРАНЧУЛУУН:
-Үржил селекцийн бодлогын алдааг засахад 20-30 жил шаардана. Энэ ажилд төрөөс жилдээ хамгийн багадаа 6-7 тэрбум, дээд тал нь 13-15 тэрбум төгрөг тавих шаардлагатай. 330 суманд нэг нэгждээ 20 хүртэл сая төгрөг өгөөд явбал хээлтүүлэгчээ нэгждээ авч эмх цэгцэнд оруулж чадна. Үлгэр жишээ болох нэгж Дорнод аймгийн нэг суманд бий. Нэгжийн мэргэжилтэн ярьж байсан 500 хуц ухнаа үржилд ашиглуулаад автал 1000 боллоо гэж байсан. Эхний гарааных нь мөнгийг өгчих юм бол цаашаа явах боломжтой.
Үржил селекцийн ажлыг явуулахад хөрөнгө мөнгөөр маш их дутагддаг.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна.
Нэмүү өртөг шингээвэл ноолуураас 700 сая доллар олно
Асуулгатай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:
-Дэлхий нийт хөгжөөд алга болсон. Манай улсын хувьд бэлчээрийн аж ахуйтай боловч дэлхийд гаргаж чадахгүй байна. Үе, үеийн Хөдөө аж ахуйн сайд нар сэтгэлд хүртэл ажиллаж чадахгүй байна. Хамгийн хямдхан гурил идүүлж байгаа л гэсэн үгүй ш дээ. Хамгийн үнэтэй гурил идэж байна. Малчид хүнд байна. 18-35 насны залуучуудын 80 хувь нь гэр бүлгүй. Зоо техникч байдаг байсан, одоо байхгүй болсон. Малын тэжээл нь хаана байна, үхрийн ээмэг л яриад байх юм. малчид малынхаа хойноос явж байгаад эндэж байна. Мал давжаарсан, 70 сая малын 20 мянгыг нь ингэлээ тэглээ гэж яриад яах вэ дээ. Малын арьс шир боловсруулах үйлдвэр хаана байна. Цувдай гэдэс зэргээ тээврийн зардлыг нь дийлэхгүй хаяж байна. ДТ байхгүй, портерууд түлшээр явдаг, маш хүнд байна.
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.БОЛОРЧУЛУУН:
-Дэлхийн мал аж ахуй хөгжөөд байна, манайх хаана байна гэлээ. Энэ үг үнэн. Монгол Улс 1990 оноос өмнө бүх малаа эрүүлжүүлж, ашиг шимийг нь дээшлүүлэхийн төлөө ажиллаж байсан бол 1990 оноос хойш энэ ажил хөрөнгө мөнгөнөөс шалтгаалж хаягдсан. Хонины мялзан өвчин зэрэг гарсан нь УИХ дээр хөрөнгө батлахгүй байсантай холбоотой. Энэ жил анх удаа мал эмнэлгийн үйлчилгээний хөлсийг хоёр дахин нэмэгдүүлсэн. 2024 оноос эхлээд мал эмнэлгийн үйлчилгээний хөлс хоёр дахин үнэтэй болно. Мал эмнэлэг үржлийн алба дотоодоо чанартай махаар хангах, гадаадад экспорт гаргах зорилготой ажилладаг. Үхрийн махыг гадаадад экспортлохын тулд үхрийг ээмэгжүүлэх шаардлагатай байдаг. Тарилга туулга бүх зүйл нь бүртгэл хяналтад орсон байх ёстой. Энэ ажлыг хийж чадаагүй байгаа учраас Хятад руу махыг чанаж гаргаж байна. Махыг чанаж гаргахад 1 кг нь 4-5 ам.доллар, хэрвээ олон улсын стандартын дагуу бүртгэл хяналтад оруулбал 7-8 ам.доллараар кспортолно. Энийг хийгээгүй өнөөдрийг хүргэсэн. 2024 оны хавраас эхлээд хорио цээрийн найман аймаг дээр шүлхийн вакцинтай цуг үхрийг ээмэгжүүлэх ажлыг хийнэ. Нэг жил хийгээд олон улсын байгууллага хүлээн зөвшөөрөдөг юм биш. Хоёр жилийн дараа Мал эмнэлгийн эрүүл мэндийн байгууллага баталгаажуулдаг.
УИХ-аас мөн л 2024 онд анх удаа арьс ширний үйлдвэр байгуулахад зориулж төсөвт 11 тэрбумыг тавьсан. Арьс ширний үйлдвэрийн хувийн хэвшлийнхэн барина. Төр үүнд оролцохгүй ч цэвэрлэх байгууламжийг нь барихад зориулж 11 тэрбум төгрөг төсөвт суулгасан.
УИХ-ын гишүүн Б.ЖАРГАЛМАА:
-Хүн амаасаа хэд дахин малтай болсон улсын хувьд чанарт хэрхэн анхаарч байна вэ. Мах, сүүний чанарт ахиц гарахгүй байна. УИХ-аас хүн амыг чанартай мах сүүгээр хангахаар үүрэг далагавар өгөгдсөн ч хэрэгжээгүй. Мөн хавар болохоор махны үнэ тэнгэрт хаддаг.
Дэлхийн зах зээл дээр үнэ хүрч байгаа ноолуураа яаж хамгаалах вэ гэдэг асуудал яригддаг. Хятадад улаан ямаа байдаг, энийгээ алдах уу гэдэг асуудал хөндөгддөг. Монгол ноолуурыг бусдад алдахгүйн тулд яамнаас юу хийж байна вэ. Махны нөөцийг нийслэл хариуцаж байна, хомсдол үүсэхгүй байх боломжтой юу. Яам ямар оролцоотой байна вэ?
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.БОЛОРЧУЛУУН:
-Мах үнэтэй болохоод хөдөөгийнхөн баяртай байдаг бол хотынхон бухимддаг. Яам хоёр ашиг сонирхлын дунд ажилладаг. 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс Улаанбаатар хотынхны махны хэрэглээг хангах ажлыг нийслэл хариуцна. Зоорь зэрэг юм нь байдаг учраас. Яам цаг агаарын хүндрэлээс шалтгаалж хүмүүсийн гар дээр байгаа махыг худалдан авах чиглэлээр хөнгөлөлттэй зээл гаргаж, аймаг болон нийслэлийн бизнес эрхлэгч үйлдвэрт өгч, ажиллаж байна.
Монгол Улс 5.5 сая үхэртэй хэрнээ дулааны улиралд 70 орчим хувийг дотоодоосоо хангадаг бол өвөл 30 орчим хувиа дотоодоосоо хангадаг. Импортын сүүнд ногдуулдаг татвар бага. Улс орнууд татаас өгдөг юм билээ, сүүний аж ахуй эрхлэгчдэд. Сүүний урамшуулалд 1 литр тутамд 500 төгрөгийн урамшуулал олгодог байсныг 1000 төгрөг болгож нэмэгдүүлж байгаа.
Махаа экспортод гаргах тухайдөнгөрсөн жил 16 мянган тонныг экспортолсон бол өнөө жил нэг цонхны бодлого хэрэгжүүлснээр 70 мянга гаруй тонн мах экспортолсон. Маханд тогтоодог байсан квотыг цуцалсан. Одоогоор 70 гаруй мянган тонн мах экспортолсон гэдэг нь 5.5-6 сая мал экспортолсон гэсэн үг. Махыг түүхийгээр нь гаргана, чанаж гаргана, мөн малыг амьдаар нь тодорхой тоогоор гаргаж байна.
Ноолуур дээр дэлхийн ноолуурын 45 хувийг бэлтгэдэг хэрнээ угаасан байдлаар урагш гаргадаг. Нэмүү өртөг шингээж гаргахад анхаарч байна. Түүхий болон угаасан ноолуураас 370 сая доллар олдог бол боловсруулснаар 700 сая ам.доллар олно.
Ирэх хавраас ноолуураар эцсийн бүтээгдэхүүн хийдэг үндэсний үйлдвэрүүддээ хөнгөлөлттэй зээл олгож, дэмжинэ.
Х.Болорчулуун: 109 ААН-д 40 тэрбум төгрөгийн зээл олгоод байна
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ нараас Ерөнхий сайдад хандан тавьсан “Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар төлөвлөж буй бодлого арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонсч эхэллээ. Асуулгатай холбоотой мэдээллийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун танилцуулж байна.
Сайд Х.Болорчулууны мэдээллээр эрчимжсэн мал аж ахуйг дэмжих хүрээнд жилд 2009-2017 онд Мал хамгаалах сан, ЖДҮХС-гаас жилд 3-4 тэрбум төгрөгийг 20-50 орчим ААН-д олгож, ажиллаж байна. Эргэлтийн хөрөнгийг 132 тэрбум төгрөг байхаар тусган, 109 аж ахуй нэгжид 40 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгосон. Одоо 40 тэрбум орчим төгрөгийн зээл банкинд судлагдаж байна.
Сэрүүний улиралд сүү бэлтгэн нийлүүлсэн иргэн, ААН-д сүүний урамшуулал олгохоор болж шийдвэрлэсний дагуу 2020-2022 онд 18.8 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон бол 2023 оны арваннэгдүгээр сарын 1-ээс эхлэн 1 литр тутамд сүүний урамшууллыг 1000 төгрөг болгон нэмэгдүүлсэн нь сүүний чиглэлийн аж ахуйн нэгжид бодит дэмжлэг болсон байна.
Чуулганыг хаалттай горимд шилжүүлэн, төрийн нууц асуудал хэлэлцэж байна
Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Зэвсэгт хүчний зэвсэг техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. Эл төслийг хэлэлцэх шатанд төрийн нууцтай холбоотой асуудлууд яригдах тул хуралдааныг хаалттай горимд шилжүүлэх саналыг УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан гаргасныг гишүүд дэмжлээ.
Чуулганы нэгдсэн хуралдааныг хаалттай горимд шилжүүлээд байна.
Чуулганы хуралдааныг хаалттай горимд шилжүүлэхийн өмнө Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад төслүүд, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Ш.Адьшаа: Б.Энхбаяр сайд уучлал гуйгаарай, гүтгэхгүй шүү!
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.12.08/ нэгдсэн хуралдаан эхлээд байна. Хуулийн төслүүдийг хэлэлцэхийн өмнө УИХ-ын гишүүн Ш.Адьшаа нүүрсний сонсголыг удирдсан, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг уучлал гуйх ёстой гэлээ.
Учир нь УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өчигдөр нүүрсний сонсголыг удирдах үеэрээ “Нүүрсний хулгайн хэргээр хоригдож буй Б.Ганхуягийн ар гэрийн төлөөллийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Төрийн ордонд оруулж, хэвлэл мэдээллийн зохион байгуулалттай акц хийсэн. Сонсголыг зогсоох гэсэн сонирхлоо таслан зогсоох хэрэгтэй. Иймэрхүү ажлыг нүүрсчид идэвхтэй зохион байгуулж байгаа” гэж мэдэгдсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “УИХ нүүрсний сонсголыг орон даяар зохион байгуулснаар ард түмэн юу болсныг ажиглаж байна. Миний хувьд нүүрсний хулгай луйварт оролцсон хүмүүсийг илрүүлэхийн тулд 26 гишүүнээр гарын үсэг зуруулж, нүүрсний сонсгол байгуулах Түр хороог байгуулах шийдвэрийг албажуулсан. Түр хороо байгуулагдсан цагаас “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр юу болсон юм бэ гэдэгт хууль хяналтын байгууллагын анхаарлыг хандуулахын төлөө хүчин зүтгэж ажилласан. Гэтэл нүүрсний сонсголыг тодорхой шалтгааны улмаас явуулалгүй хойшлуулсаар эцэст нь Б.Энхбаяраар ахлуулж энэ асуудлыг хэлэлцэх үеэр тэр намайг ор үндэсгүй гүтгэлээ. Ш.Адьшаа гишүүн Б.Ганхуягийн дүү, төрөл төрөгсдийг Төрийн ордонд оруулж, мэдээлэл хийлгэсэн гэж гүтгэлээн. Б.Энхбаяр аа, уучлал хүсээрэй. Тэр хүмүүсийг С.Ганбаатар гишүүн авч ирсэн.
"Эрдэнэс Тавантолгой" төрийн өмчит компанид олон хулгай луйвар байгаа ч илрүүлэхийг хүсэхгүй байна. Харин ч энэ хулгайг илрүүлэхийн төлөө шударгаар ажилласан хүмүүсийг ор үндэсгүйгээр гүтгэх, төрөл төрөгсөд ах дүүг нь нүүрсний хулгайд холбоотой мэт буруу ташаа зүйл цацаж байгаад харамсч байна. Нүүрсний сонсгол анхны зорилгоосоо хазайж, олон хүний нэр хүндэд халдаж байгаад харамсч байна. Би 2020 онд УИХ -ын гишүүн болсон, нүүрсний хулгайд холбогдоогүй” гэв.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад төслүүд, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлах юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ