УИХ шинэ оны өмнө сонгуулийн тойргоо зурна

сонгууль-2024

УИХ шинэ оны өмнө сонгуулийн тойргоо зурна

УИХ шинэ оны өмнө сонгуулийн тойргоо зурна

Парламентын сонгуулийн жилийн өмнөх жил буюу нэг жилийн өмнө сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зохицуулалтын дагуу УИХ хуулиа өөрчилсөн. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр сонгуулийг пропорциональ тогтолцоогоор явуулна гэж хуульчилж өгсөн. Өөрөөр хэлбэл, ирэх 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийг холимог системээр явуулна.  Хуулийн дагуу сонгууль санал авах өдрөөс  60-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийн тойргоо тодорхой болгох зохицуулалттай. Энэ нь өнөөдрийн улс төрийн хүрээний гол анхаарлыг татаж буй сэдэв болжээ.

СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ: 12 дугаар зүйл.Сонгуулийн тойрог байгуулах

  • 12.1.Улсын Их Хурал ээлжит сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө сонгуулийн тойрог /цаашид "тойрог" гэх/-ийг байгуулна.
  • 12.2.Энэ хуулийн 4.6-д заасны дагуу ээлжит бус сонгууль явуулах тохиолдолд Улсын Их Хурал ээлжит бус сонгуулийн санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө энэ хуульд нийцүүлэн сонгуулийн тойргийг байгуулна.
  • 12.3.Сонгуулийн тойргийг байгуулахдаа аймаг, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно.
  • 12.4.Тойрогт хамаарах засаг захиргааны нэгж нь нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл, хилийн цэсийн хувьд зэргэлдээ байна.
  • 12.5.Аймаг, нийслэлийн дүүргийн хүн амын тоо нь тойрог байгуулах улсын дунджаас цөөн байвал зэргэлдээ аймаг, нийслэлийн дүүрэгтэй нэг тойрог болгон нэгтгэж болно.
  • 12.6.Сонгуулийн тойргийг ээлжит бус сонгууль явуулахаас бусад тохиолдолд дараагийн ээлжит сонгууль хүртэл өөрчлөхийг хориглоно.

Хуулийн дагуу эрх баригчдад шинэ оны өмнө тойргоо зурахаар бэлтгэлээ хангаж эхэллээ. Парламентад суудалтай болоод эрх баригч нам өөртөө хамгийн ашигтай байх боломжит хувилбарыг тооцож сонгуулийн тойргоо зурсаар ирсэн нь үнэн. Харин энэ удаад өөрсдийн эрх ашгаас улс орны эрх ашгийг дээгүүр тавьж чадах эсэхийг олон нийт анхааралтай ажиглаж байна.

Монгол Улсын хөгжил дорой байгаагийн том шалтгаан нь сонгуулийн жижиг тойрог гэдгийг судлаачид хэлсээр, анхааруулсаар ирсэн. Жил бүрийн төсөв батлах үед хэнд илүү эрх мэдэл байна тэр нь тойрогтоо ахиу төсөв тавиулсаар ирсэн нь бичигдээгүй хууль. Монгол Улс нэгдсэн улс гэгддэг боловч сонгуулийн тойргоосоо үүдэн төсвийн хуваарилалт дээр 76 ханлиг улс болоод хуваагдчихдаг.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Сонгуулийн тойрог тодорхой болоогүүй байхад УИХ-д нэр дэвших санаатай нөхдүүд мөнгө тараагаад эхэлчихсэн байна. Тиймээс сонгуулийн тойргоо томсгомоор байна. Жижиг тойргийн зовлонтой явсаар байвал Монгол Улс хэзээ ч хөгжихгүй. Хөгжлөө ч маргааш нь нэг нөхөр гарч ирж попроод улс орны  эдийн засгийг нураана. Тэгэхээр хэт жижиг буюу 78 тойрог  байж бүр болохгүй. Одоо  байгаа тойргоо томсгомоор байна. Тухайлбал, баруун аймгуудаа нэг тойрог болгоод асуудлуудаа шийдэх хэрэгтэй. Ингэж тойргоо томсговол зам харилцаа, эрчим хүч, хил боомтын асуудлууд шийдэгдэж томоохон хөрөнгө оруулалтууд шийдэгдэх бололцоотой. Сонгуулийн тойргийг тогтоохдоо бүсчилсэн хэлбэрээр тогтоож байж улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэнэ. Тэгэхгүй бол өнөөдрийн жалга довны үзлээр бие биерүүгээ дайрч давшилсан улс төр хол явахгүй нь. Тойрог тогтоох асуудал УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Энэ асуудлаа шийдмээр байгаа"-г шүүмжилсэн.

УИХ-ын дарга Г.Занданшатар түүний саналыг дэмжиж “Уг асуудлыг цагийг нь тулгаж байгаад шийдэх биш одооноос хэлэлцэж эхлэх нь зүйтэй. Асуудлыг тулгаж байгаагаад шийдэх нь эрх барьж байгаа нам эвслийн саналаар шийдэгдэх магадлалтай. Тиймээс парламентад суудалтай улс төрийн намуудаас санал авч, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалдаа нийцүүлж тойрог томсгох  асуудлыг арванхоёрдугаар сардаа хэлэлцэхээр тов тогтооё.  Тойрог тогтоох асуудал дээр намын бүлгүүд, улс төрийн намууд,саналаа нэгтгэж Төрийн байгуулалтын байнгын хорооноос саналаа оруулж ирэх ёстой. Сонгуулийн тойргоо зөв тогтоохгүй бол мөнгөний, авлигажсан сонгууль болно. Тиймээс нэг мөсөн томоохон өөрчлөлт хийх нь зөв” гэв.

Энэ удаагийн сонгууль маш онцлогтой сонгууль болно. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу анх удаа парламент 126 гишүүн сонгогдоно. Ингэхдээ 126 гишүүний 78 нь тойргоос 48 нь намын жагсаалтаар сонгогдох зохицуулалттай.

  • 4.3.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын 126 гишүүнийг дараах байдлаар сонгоно:
  • 4.3.1.Улсын Их Хурлын 78 гишүүнийг энэ хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойргоос олныг төлөөлөх /мажоритар/ аргаар;
  • 4.3.2.Улсын Их Хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх /пропорционал/ аргаар.

Тийм учраас УИХ-аас сонгуулийн тойрог хэрхэн зурахаас улс орны ирээдүй хамаарна. Өөрөөр хэлбэл, тойрог жижигсэх тусам төсөв хуваагддаг,  тойрог томрох тусам эдийн засгийн том, том бодлогууд хэрэгжих боломжтой гэж үзэж байгаа юм. Хамгийн гол нь сонгууль бүрийн өмнө өөрт хамгийн ашигтай байх боломжит хувилбараар тойргоо зурдаг парламентын гишүүд энэ удаа ямар тооцолол хийх нь шинэ оноос өмнө нь тодорхой болох бололтой. Тойргоо зөв зурахгүй бол "тойрох"-оо зуруулах гишүүд олон байгаа учраас нухацтай бөгөөд нарийн тооцоолол гаргах нь дамжиггүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2023-12-08 66.181.189.222

Сонгуулийн тойргийг томоруулах гээд байгаа юм бол эдийн засгийн бүсээр нь нэг нэг тойрог болгох хэрэгтэй. Сонгуулийн тойрогтой ноцолдож байснаас улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжлийг жил, тав, арван жилээр нь төлөвлөж түүнийгээ хэрэгжүүлээд явах нь зөв арга шүү. Социалист нийгмийн үед төлөвлөгөө байдаг, зах зээлийн үед төлөвлөгөө байдаггүй гэж эндүүрэгсэд одоо нойрноосоо сэрэх цаг болсон. жилийн болон хэтийн төлөвөгөөнд тусгагдсан ажлыг чиний миний тойрог гэх хэрэггүй болно.

Avatar

Нэргүй 2023-12-08 66.181.186.18

Финланд улсаа 8 тойрог болгоод 170 гишүүнээ сонгодог.

Avatar

Нэргүй 2023-12-08 66.181.191.54

МАН & ДАНХ ГАЗРЫН ГАВААР ЗАЙЛУУЛЧИХВАЛ САЙН БАЙНА

Avatar

зочин 2023-12-08 66.181.160.119

ЗУРНА биш ЗАРНА !!!..

Avatar

Нэргүй 2023-12-08 66.181.187.194

Сонгуулийн солиорлын үе эхэлжээ. Тойрог гэж элийрэхгүй шүү. Засаг захиргааны нэгжээрээ сонгууль өгөх ёстой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж