Газын зурваст түр гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр нэн хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнүүд энгийн иргэдэд хүрэх боломжтой болсон. Ирээдүй бүрхэг байгаа хэдий ч тусламжийн ажилтнууд хоол хүнс, ус, эм гэх мэт шаардлагатай зүйлсийг амсхийх завгүй хэрэгтэй газарт нь хүргэж байна. Харамсалтай нь одоогийн нөөцөөр палестинчуудын хэрэгцээг яасан ч бүрэн хангаж дийлэхээргүй байгаа аж.
Үүний үр дүнд тусламжийн ажилтнууд хүндхэн шийдвэр гаргах шаардлагатай тулгарч байна. Мөн асар их хэрэгцээ шаардлагын өмнө хүчгүйдэж, арчаагүй нэгэн болсон мэдрэмжийг тэд авдаг. Зөвхөн Газын зурвасаар тогтохгүй дэлхийн өнцөг булан бүрт байгаа тусламжийн ажилтнууд ёс суртахууны сорилттой тулгардаг.
Энэ нь ёс суртахууны үнэлэмжид үл нийцэх аливаа гамшигт үйл явдлын дараа хүний сэтгэл зүйд үүсдэг нэг төрлийн гэмтлийг хэлнэ.
Ёс суртахууны сорилт нь хүний сэтгэл зүйд ямар нөлөө үзүүлдэг талаар саяхан нэгэн судалгаа хийжээ. 243 тусламжийн ажилтантай уулзаж, тэдэнд тохиолдсон үйл явдал, сэтгэцийн эрүүл мэндийнх нь талаар ярилцсан. Ажилтнуудын ихэнх нь Африк, Ойрхи Дорнод, Азид ажиллаж байжээ. Судалгаанд оролцсон ажилтнуудын 81 хувь нь ёс суртахууны итгэл үнэмшлийн зөрчлийн улмаас трауматай үлдсэн нь судалгаагаар тодорхой болсон.
Энэ траума нь нэгдүгээрт, болсон явдалтай биш тусламжийн ажилтнуудын өөрсдийнх нь үйл ажиллагаатай холбоотой байх нь бий. Тухайлбал, тусламжийн ажилтнууд хоол хүнс, эм тариа гэх мэт хангалтгүй нөөцийг хэрхэн хуваарилж, ашиглахаа шийдэж чадахгүй байгаагаасаа болоод ёс суртахууны сорилттой тулгардаг. Эмнэлгийн ажилтнууд ч бас хязгаарлагдмал нөөц бололцооноос шалтгаалаад аль нэг өвчтөнөө сонгох шаардлагатай болдог аж.
Өөрсдийн зөв гэж бодсоноороо шийдвэр гаргалаа гэхэд тэр нь санаанд оромгүй сөрөг үр дагавар дагуулж ч болно. Тухайлбал, тусламжийг хамгийн түрүүнд хүүхэд, эмэгтэйчүүдэд хүргэснээр эргээд тэднийг халдлагын бай болгох нь бий.
Хоёрдугаарт, тусламжийн ажилтнууд аливаа хүмүүнлэг бус үйлдлийн гэрч болж байгаадаа бухимдаж, трауматай үлддэг. Шударга бус зүйлд хөндлөнгөөс оролцож чадахгүй байгаадаа тэд зовдог.
Гуравдугаарт, хүнд хэцүү нөхцөл байдалд байгууллага эсвэл удирдлага нь тэднийг хангалттай хамгаалахгүй байгаа мэт, хууртагдсан мэт мэдрэмж тусламжийн ажилтнуудад төрдөг. Судалгаанд оролцсон ажилтнуудын 27 хувь нь дор хаяж нэг удаа ийм мэдрэмж амссан гэж хариулжээ.
Газын зурвасын нэгэн адил дайны бүсэд ажилласан тусламжийн ажилтнууд сэтгэл зүйн гэмтлийг олон янзаар мэдэрдэг. Судалгаанаас үзэхэд ихэнх нь уур уцаартай болох, жигших, ичгүүртэй санагдах, гэм буруутай мэт санагдах зэрэг хүчтэй сэтгэл хөдлөл мэдэрдэг. Тэд ойр дотны хүмүүсээсээ хөндийрч, амьдрал нь утгагүй санагдах, ховор тохиолдолд амиа хорлох нь ч бий. Сэтгэл зүй, ёс суртахууны гэмтэл авсан хүмүүс ихэвчлэн өөрсдийнхөө талаар сөрөг бодол тээж явдаг.
Тусламжийн ажилтнууд мэдээж үргэлж нарийн төвөгтэй, эмх замбараагүй орчинд ажилладаг. Ажлын онцлогоос шалтгаалаад ёс суртахууны сорилттой байнга тулгарна. Энэ нь сэтгэл зүйн гэмтэл, траумаг зайлшгүй дагуулна. Гэхдээ үүнийг арилгахын тулд арга хэмжээ авах боломжтой.
Нэгдүгээрт, аливаа төвөгтэй шийдвэрийг гаргахдаа аль болох багаар шийдвэр гаргах хэрэгтэй. Мөн ёс суртахууны ямар сорилттой тулгараад байгаагаа өөр хоорондоо тогтмол ярилцдаг байх хэрэгтэй аж.
Хоёрдугаарт, ёс суртахууны сорилтыг өөр дээрээ шууд тусгаж авалгүй ажил мэргэжлээс шалтгаалсан эрсдэл гэж хүлээж авч сурах хэрэгтэй.
Гуравдугаарт, ичгүүр, жигшил, уур хилэн, гэм буруутай мэдрэмж нь ёс суртахууны эрүүл үйл ажиллагааны шинж тэмдэг гэдгийг ойлгох ёстой. Хувь хүний үнэт зүйлс, яагаад энэ ажлыг сонгосон бэ гэдгээ эргээд нэг тунгааснаар дээрх шаналгаатай мэдрэмжүүдээ тавьж явуулах боломжтой юм.
Зарим тохиолдолд тусламжийн ажилтнууд ёс суртахууны сорилттой тулгарсны дараа улам хүчтэй болдог. Тэд дайн байлдаан, гамшгийн бүсэд ажилласныхаа дараа амьдралын зорилгоо эргэн харж, юу хамгийн чухал болохыг эргэцүүлж, хувь хүнийхээ хүч чадлыг илүүтэй мэдэрдэг. Мөн нийгмийн харилцааг утга учиртайгаар мэдэрч, үнэлдэг болдог ажээ.
Нэргүй 2023-12-08 221.188.19.29
Orchulga hiihdee yadaj mongol yg heregleesei. Gadaadad syrgyyli togsson gej hoorson heden hari garigiin hymyystei boloh ni.
Нэргүй 2023-12-08 66.181.179.106
"траума" гэж яг гэсэн үг вэ. Монгол үг байдаггүй юм уу.