Нүүрсний хулгайн хэргийн гол сэжигтнүүд гэж АТГ-аас 17 нэр зарласнаас яг бүтэн жилийн дараа УИХ-дээр энэ асуудлаар нээлттэй сонсгол явуулав. Нээлттэй сонсголоор олон ч асуудал ил тод болж байна. Энэ хэрээр хэн нэгнийг хэлмэгдүүлэх, хэн нэгнийг ял завшуулах улс төр болчих вий гэсэн эмзэглэл байна. Ямартай ч, ирэх долоо хоногт болох хоёр дахь шатны сонсголоор "Манай намынхан олноороо дуудагдана аа" гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээлсэн. Тэгвэл үүнээс ч өмнө МАН-ын гишүүдийн идсэн уусан ил болж байна. Тухайлбал, нүүрсний сонсгол хийх сургаар нүүр номдоо "сүржин сонсгол" гэж буруутгаж суусан Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Г.Түвдэндоржийн хамаарал бүхий компани нүүрсний хулгайн хэрэгт холбоотой болох нь ил болов.
Өөрөөр хэлбэл, нээлттэй сонсголд нэр нь дурдагдсан "Спейшл майнинг сервис" нь Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Г.Түвдэндоржийн хамаарал бүхий компани аж.
Тус компани 2019-2023 оны хооронд "Эрдэнэс Монгол" ХК-аас 706 тэрбум төгрөгийн үнэлгээтэй гурван гэрээ байгуулсан байна. 2021 онд зохион байгуулсан Тавантолгойн ордын Бортээгийн уурхайн хөрс хуулалт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс, олборлолт, баяжуулалтын ажилд түншлэлийн гишүүнээр оролцсон. Энэ ажил нь 715 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй байжээ.
"Спейшл майнинг сервис"-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар Б.Баттулга гэж хүн ажилладаг. Тэрбээр Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар ажиллаж буй Гантөмөрийн Түвдэндоржтой хамтран эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар нь ажиллаж байсан нэгдмэл сонирхол гарч ирсэн болохыг шинжээчид онцолсон юм. Иймээс л Засгийн газрынхаа, Ерөнхий сайдынхаа бодлогыг эсэргүүцэж, дэд сайд нь бухимдахад хүрсэн шалтгаан энэ бололтой.
Б.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ