Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станцууд авто бензин, шатахууныг тодорхой хязгаарлалттай олгож байна. Тодруулбал, зарим шатахуун түгээх станцууд өдөр 4-8 тонн шатахуун л иргэдэд олгож байгаагаа хэлсэн юм. ОХУ нефтийн бүтээгдэхүүний импортдоо хориг тавьснаар Монгол Улсад шатахуун хангалттай нийлүүлэгдэх боломжгүй болж, орон нутагт дизель түлш тасалдаад байгаа.
Энэ асуудалд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар тайлбар хэлэхдээ “Хоригоос хойш арваннэгдүгээр сарын 23-ны байдлаар 95 мянган тонн дизель түлш импортоор орж ирсэн. Үүний 7000 тонн нь Хятадаас, үлдсэн 80 гаруй мянган тонн бүтээгдэхүүн нь ОХУ-аас орж ирсэн. Монгол Улсын нийт хэрэглээ хамгийн ихдээ 90 мянган тонн байдаг. Өнөөдөр яагаад ийм байдал үүсэв гэхээр бид хоригтой, 21 хоногийн энэ хугацаанд нэг ч тонн дизель түлш, А-92 орж ирээгүй, бүх юмаа шавхсан.
Та нар сайн мэдэж байгаа ш дээ. Хоригийн нөлөө үргэлжилсээр байна. Хятад руу бид томоохон захиалга хийгээд өнгөрсөн Баасан гаригт мөнгийг нь аж ахуй нэгжүүд төлсөн. Дөрөв, тав хоногтоо нефтийн бүтээгдэхүүнүүд ороод ирэх байх. Тэгэхлээр бүгдээрээ тав, зургаан хоног ОХУ-аас орж ирсэн дизель дээр тэсэх хэрэгтэй байна.
Хятадаас хангалттай хэмжээнд импортолно. Гэхдээ бид нар энэнээс өөр арга зам байхгүй. Монгол Улс муу ажиллаад юм уу, эсвэл мөнгө байхгүй ч юм уу, аж ахуй нэгж нь буруу төлөвлөөд ч юм уу, асуудалд хайхрамжгүй байдлаар хандаад хажуугаар нь өнгөрөөсөн зүйл байхгүй” гэж байв.
Холбоотой мэдээ