"Татварын зохистой бодлогоор дундаж давхаргыг босгох шаардлагатай"

Хуучирсан мэдээ: 2023.12.07-нд нийтлэгдсэн

"Татварын зохистой бодлогоор дундаж давхаргыг босгох шаардлагатай"

"Татварын зохистой бодлогоор дундаж давхаргыг босгох шаардлагатай"

Ардчилсан намын өнөөдрийн /2023.12.07/ “4:11 мэдээллийн цаг”-т УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Стратеги бодлогын судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа нар оролцож, мэдээлэл хийлээ.


Стратеги бодлогын судалгааны хүрээлэнгийн захирал З.НАРАНТУЯА:

-Монгол Улсын эдийн засаг 6.9 хувиар өссөн, ирэх жил өсөлт үргэлжилнэ гэж ярьж байгаа боловч өсөлт хэврэг, эмзэг байна. Эдийн засгийн өсөлтийн 30 гаруй хувийг зөвхөн уул уурхайн салбар бүрдүүлж байгаа. Түүхий эдийн биет хэмжээ буурч, үнэ унахад эдийн засаг бүхэлдээ доголдохоор эмзэг байгаа гэдгийг олон улсын байгууллага дүгнэж байна, Ардчилсан нам ч тэгж үзэж байгаа.  Тийм учраас сөрөг хүчний хувьд эмзэг байдлыг арилгах, бэлэн байдалд байлгах менежемэнтийг тодорхой болгох ёстой гэж эрх баригч хүчнийг шаардаж ажиллах болно.

Монгол Улсын 2024 оны төсвийг 27 их наядаар баталсан. Төсвийн орлогын 90 гаруй хувийг зөвхөн татвараар бүрдүүлэх гэж байгаа. Энэ татвар юм хийдэг иргэн, юм хийдэг аж ахуйн нэгж дээр татварын дарамт болж ирнэ. Татварын дарамтыг бууруулмаар байна. Татварын зохистой бодлогоор дундаж давхаргыг босгож ирэхгүй бол манайд маш том данхайсан төр бий болсон.

Төрийн алба хоёр дахин өссөн, зардал нь хоёр дахин өссөн. Улсын төсвийн зардал 27 их наяд байхад урсгал зардал нь 29 хувийг эзлээд, төрийн албаа даахаа больж байна.

Төрийн албанд шинэчлэл хийх хэрэгтэй байна, Засгийн газрын хэрэглээ зардлыг бууруулах шаардлагатай байна. Энэ олон төрийн компаниудыг хувьчилж, нээлттэй зах зээл дээр хувьцааг нь арилжаалж, ард иргэд нь хувьцааг нь эзэмшдэг байх бодлогыг Ардчилсан нам барина. Төрийн оролцоотой эдийн засгаас буцаад чөлөөт зах зээл буюу 1990 онд  Монгол Улсын Үндсэн хуулиар баталж эхлүүлсэн аж ахуй нэгжүүдээ дэмжих бодлого дээрээ тууштай байна гэдгээ өчигдөр болсон эдийн засгийн саммит дээрээ бүх гишүүд санал нэгдэж бодлогоо зангидсан. Ардчилсан нам  цаашид энэ бодлогынхоо хүрээнд мөрийн хөтөлбөрөө гаргана. Мөрийн хөтөлбөрийн гол зорилго нь эдийн засгийг тууштай тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн өөрсдийн хувилбараа бэлэн болгож байна. Бэлэн болгосон хувилбараа ард түмнээр хэлэлцүүлж саналыг нь авах ажлыг шинэ оны эхний гараанаас хийхээр боллоо.

УИХ-ын гишүүн Ж.БАТСУУРЬ:

-Эрх чөлөөний төлөө дуу хоолойгоо өргөж байсан хүмүүс маань 2000 онд өнөөгийн Ардчилсан намыг байгуулсан. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 6-н буюу Их Монгол Улс байгуулагдсан түүхт өдөр Ардчилсан намын баярын өдрүүд болдог. Ардчилсан нам баярын өдрүүдээрээ улс оронд өрнөж байгаа асуудлаар гарц гаргалгаа гаргахыг хичээлээ. Эрдэмтэн судлаачид, залуучуудаа оролцуулсан хэлэлцүүлэг хийж, сонгуулийн мөрийн хөтөлбөрийн суурийг тавилаа.

Ардчилсан нам УИХ, Засгийн газарт хэд хэдэн шаардлага хүргүүлсэн. Цас их орж байгаа энэ өдрүүдэд хөдөөд түлш шатахуун байхгүй болсон.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайдад шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл шатахууны тасалдлаа зогсоож чадаагүй байна.

Үүнээс болж малчид нүүдэл суудлаа хийж чадахгүй хүнд нөхцөлтэй туллаа. Гурван удаагийн цас оролтоор хөдөөд зуд нүүрлэх шинжтэй болж байна. Ийм учраас гэнэтийн гамшиг шуурганд мал энддэг биш, түүнээс урьтаж мал махыг хэрэглээнд оруулах, малаа нядалж нөөцлөх. Ирэх оны дөрөвдүгээр сар гарахаас бөмнө махны үнийг унагахгүйгээр экспортод гаргаж, малчдынхаа амьдрал ахуйг нь унагахгүй байх алхам хийх ёстой, эрх баригчид.

Ирэх жил УИХ-ын сонгуультай. Эрх баригчид сонгуулиар сул мөнгө өгдөг туршлага бий. 2020 оны сонгуулиар малчид ямаагаа самнаж эхлээгүй байхад ноолуур 1 кг-ыг нь 100 мянган төгрөгөөр авна гэж мөнгө шилжүүлж байсан. Энэ удаад махны үнийг унагахгүй байх боломж бий шүү гэдгийг байнга сануулж байна. Гэсэн хэдий ч түлшний нийлүүлэлтийг нэмэгдүүлж чадахгүйгээс бүхий л бараа бүтээгдэхүүний үнийг нь өсгөж, хүмүүсийг ядуурал руу түлхэж байгаа асуудлыг зогсоож чадахгүй байна.

Ардчилсан Залуучуудын Холбооны дэд ерөнхийлөгч Б.БОЛОР-ЭРДЭНЭ:

Ардчилсан Залуучуудын холбооны ээлжит ерөнхийлөгчийн сонгууль 2023 оны арванхоёрдугаар сарын 18-нд болно. АЗХ-ны ерөнхийлөгчид нэр дэвших хүсэл сонирхолтой ардчилсан үзэл санааг эрхэмлэн дээдлэгч 39 хүртэлх насны залуусыг арванхоёрдугаар сарын 10-ний өдрийг хүртэл нээлттэй бүртгэж байна. Мөн арванхоёрдугаар сарын 10-18-ний хооронд нэр дэвшигчдийн дунд бодлогын мэтгэлцээнүүдийг өрнүүлнэ. Ирээдүйн Ардчилсан намын түүчээ болох залуучуудын бодол санаа, хүсэл эрмэлзэл ямар байгааг олон нийтэд танилцуулах болно.

 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж