Монголын амбиц ба үнэлэмж!

Хуучирсан мэдээ: 2023.12.07-нд нийтлэгдсэн

Монголын амбиц ба үнэлэмж!

Монголын амбиц ба үнэлэмж!

Монголыг дотроос нь харвал болж бүтэж байгаа юм үнэндээ цөөхөн. Авлига хулгай, утаа угаар, стресс ядуурал, хямрал хомсдол гээд “мэдрэл муутгасан” олон мэдээнүүд дунд гялтайх мэдээ ганц хоёр сонсогддог. Тэрхүү гялтайх мэдээтэй ганц салбар нь гадаад харилцаа гэхэд бодит үнэнээс хол зөрөхгүй.

Гадаад харилцааны хувьд Монгол Улс харьцангуй ахицтай яваа нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн амбиц, харимз, характераас салгах аргагүй. Ерөөс Монголын Ерөнхийлөгч хэн болох, тэр хүн нь ямар үнэт зүйл, үзэл бодолтой байхаас манай гадаад харилцаа шууд хамаардаг. Х.Баттулгын үед  гэхэд Монгол Улс гадаадын 25 улсад суух Элчин сайдыг томилж чадахгүйд хүрсэн нь худлаа ч юм биш. Тэрчлэн гадаадад суух Элчин сайдын яамны ажилтнууд нь хар тамхи, конторбандын хэрэгт холбогдсон тохиолдол ч цөөнгүй.  Ямар ч байсан У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болсны дараа Монгол Улс урьд өмнө ирээгүй зочид гийчдийг хүлээж авах болсон. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешээс эхлээд 770 жилийн дараа Ромын пап Францис Монголд морилсон бол Францын залуу удирдагч Эммануэл Макрон энэ жилийн онцлох зочдын нэг байлаа. Гэх мэтчилэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн баримтлаж буй “эвийг эрхэмлэсэн”, нээлттэй гадаад бодлогыг үр дүнд Монголын шүүгч Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогдож байна.

Гаагийн шүүх нь төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг, түрэмгийллийн гэмт хэргийг шүүн шийдвэрлэнэ. Хамгийн сүүлийн дуулиант шийдвэр гэвэл энэ оны гуравдугаар сард  Гаагаас Владимир Путин болон хүүхдийн эрхийн комиссар Мария Алексеевна Львова Белова нарыг баривчлах тушаал гаргасан бий.  Тэнд, Гаагт монгол шүүгч сонгогдож байгаагийн цаана мэдээж Ерөнхийлөгчийн улс төр явсан нь гарцаагүй. Нөгөө талдаа Монголын нэр хүнд, үнэлэмж ямархуу байгааг харуулсан үйл явдал гэхэд “тал зассан” болчихгүй байх. Учир нь, тус шүүхэд шүүгчээ томилуулахаар 114 улс өрсөлдсөнөөс 81 саналаар ийнхүү Олон улсын эрүүгийн шүүхэд анхны Монгол шүүгчээр сонгогдон ажиллахаар болжээ.  Үүний өмнө Азиас хоёр шүүгч сонгогдож байсан нь БНСУ, Японы шүүгч нар юм байна.

Мэдээж, жирийн шүүгч тэнд явж очоод сонгогдчихгүй нь ойлгомжтой.  2021 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын эрүүгийн шүүхэд монгол хүний нэрийг дэвшүүлэх санаачилга гаргаж, бэлтгэл хангах ажлын хэсгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатараар ахлуулжээ. Үүний үр дүнд монгол шүүгч олон улсын эрүүгийн хэргийг шүүхэд оролцох эрхтэй болсон байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх асар том амбицтай улстөрч. Хананд зургаа хадуулах биш түүхэнд нэрээ үлдээх хүсэлтэй явдгаа тэрбээр нуудаггүй.  Түүний үеийн гадаад харилцаа түүх болж үлдэх нь гарцаагүй ч байх. Үндсэндээ, У.Хүрэлсүхийн үед Ромын пап ирсэн, монгол хүн Гаагийн шүүгчээр томилогдсон гээд гадаад харилцааны түүхэнд бичигдэх ч биз.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэрэгжүүлж буй олон талт, тэнцвэртэй  бодлогын үр дүнд Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өсч байгаа нь, байр суурь бэхжиж буй нь сүүлийн үеийн гадаад, дотоодын айлчлалууд, бас үр дүнгээс нь харж болохоор.  Үндсэндээ, У.Хүрэлсүх үнэт зүйл, амбиц, нүүдэл, суудлыг нь товчхон дүгнэхэд “Тэр бол Монгол Ерөнхийлөгч” юм.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ТэнэглэлТэнэглэл
16
ЗөвЗөв
6
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж