"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн ар гэрийнхэн өнөөдөр /2023.12.07/ мэдээлэл хийлээ.
Б.Ганхуягийн төрсөн эгч Б.Нарантуяа:
-Бид 2023 оны арванхоёрдугаар сарын 5-нд нүүрсний сонсголд Б.Ганхуягийг оролцуулах хүсэлтийг ХЗДХ-ийн сайд болон ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаярт хүргүүлсэн. Өчигдрийн байдлаар нүүрсний сонсголд оролцуулах боломжгүй гэдэг хариултыг өгсөн. Харин өнөөдрийн мэдээллээр Монголд цагдан хоригдож байгаа гэмтэй эсвэл гэм буруугүй гэдэг нь шийдэгдээгүй байгаа нөхцөлд ямар ч хүн эрүүл мэндээ хамгаалж, эмнэлгийн үйлчилгээ авах бүрэн эрхтэй. Гэтэл 2022 оны арванхоёрдугаар сарын 7-ноос хойш хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа Б.Ганхуягийн биеийн байдал энэ оны есдүгээр сарын 25-наас огцом муудсан.
Тухайн үед маш их санаа зовсон. Даралт унах гэх мэт эмгэг илэрч байгаагүй. Ар гэрийнхэн нь долоо хоног бүр очиж уулздаг байсан. Бидний таамаглаж байгаагаар Б.Ганхуяг есдүгээр сарын 12-нд ноцтой мэдээлэл хэлж, хамгаалалтад авахыг хүссэн.
Гэвч прокурорын байгууллагаас боломжгүй гэдэг хариултыг өгсөн. Ингээд есдүгээр сарын 23-наас толгой нь өвдөж, даралт нь унаж, их хэмжээгээр бөөлжиж, суулгасан. Гэр бүлийн зүгээс ШШГЕГ-аас тодорхой мэдээлэл өгөөч гэдэг хүсэлтийг өгсөн боловч есдүгээр сарын 25-нд өмгөөлөгч биеийн байдлыг нь нүдээрээ харж мэдсэн. Тэгээд эмнэлгийн үйлчилгээнд хамруулах хүсэлтийн дагуу тухайн өдөр эмнэлэгт хэвтсэн. Эмчлэгч эмчтэй уулзахад "Биеийн байдал нь тогтворжиж байна" гэсэн. Хүсэлт өгөх болгонд "Биеийнх нь байдал хэвийн байгаа" гэдэг хариултыг өгч байсан. Биед нь ил шарх сорви байхад хэвийн байна гэдэг хариултыг өгч ирсэн. Бид маш их гомдолтой байна. Дүүгийн маань биед хүнцэл гэдэг хүнд металл илэрсэн. Өчигдөр шинжилгээ авсан гэсэн. Хариу нь одоогоор ирээгүй байна. Дүүг маань ямар нэг байдлаар санаатайгаар хордуулах гэж байна" гэсэн юм.
Тэгвэл энэ асуудлаар ШШГЕГ-аас тайлбар мэдээлэл хийлээ.
Тэд хэлэхдээ "Нийгэмд тэнцвэртэй мэдээлэл хүргэх үүднээс бид нар албан ёсны мэдээлэл өгч байна. Хорих 461 дүгээр ангид өнөөдөр 800 гаруй хоригдогч байна. Бүгдээрээ нэг гал тогооноос хоол ундаа идэж, уудаг. Хоригдогч Б.Ганхуягийн хувьд биенээс нь хүнцэл илэрсэн гэж ярьж байгаа. Энэ нь хүний биед тодорхой хэмжээгээр зайлшгүй байдаг химийн элемент. Хоригдогч Б.Ганхуяг анх 2022 оны арванхоёрдугаар сарын 7-нд цагдан хоригдсон.
Жижүүр эмчийн тэмдэглэлд "Биеийн эрүүл мэнд тогтвортой, амин үзүүлэлт хэвийн. Хөлийн шилбээр хуучин харшлын сорвитой" гэж хүлээж авсан тэмдэглэл байдаг. Б.Ганхуягийг хоригдсон цагаас нь эхлээд хорих ангийн эмнэлгийн хяналтад байгаа.
Эмнэлэгт гурван удаа хэвтсэн. Хорих ангийн эмнэлгээс гадна 2023 оны тавдугаар сард "Интер мед", арваннэгдүгээр сард "Сонгдо" эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, зургаан удаа лабораторийн шинжилгээнд, гурван удаа багажийн шинжилгээнд хамрагдсан. Одоогийн байдлаар биед нь эмгэг өөрчлөлт илрээгүй. Ерөнхий хордлогын шинж тэмдэг хүний биед илрэхдээ бөөлжинө, гүйлгэнэ, бие сульдана, ядарна, булчин суларна. Энэ хүнд тийм шинж тэмдэг илрээгүй байна. Амин үзүүлэлтүүд хэлбэлзээгүй байна" гэдэг мэдээллийг өглөө.
Холбоотой мэдээ