"Хаалттай мэдээллийг anonymous байдлаар ашиглах боломжтой"

Live"Хаалттай мэдээллийг anonymous байдлаар ашиглах боломжтой"

"Хаалттай мэдээллийг anonymous байдлаар ашиглах боломжтой"
2023 оны 10 дугаар сарын 2. Төрийн ордон. УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар. Гэрэл зургийг Л.Энх-Оргил.

УИХ-ын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр /2023.12.07/ эхэллээ.


 

11 : 46
2023-12-7

"Цахимаар мэдээлэл солилцохоор архивыг цаасаар хэвлэж хадгал гэдэг"

Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх талаар хууль хоорондын давхардал, хийдлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-И Монгол 4.0-ийг иргэдэд хүргэж байна. Уг платформ дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутан, жолооны үнэмлэх ID байна. Гэтэл  байгууллагууд үүнийг цаасаар нэхээд байна. Эрүүл мэндийн байгууллага цахимаар бичиг солилцоход заавал архив нь цаасаар байх ёстой гээд илүү ажил хийлгээд байгааг салбарын хуулиудаар нь зохицуулаад төрийн байгууллагуудыг ажил хийх нөхцлөөр нь хангая гэдэг зорилгоор уг хуулийг оруулж ирж байна. Хувь хүний мэдээлэл хамгаалах хуулиар бол хүний эмзэг мэдээлэлд хамаарч байгаа асуудлууд бол хувь хүний нууцад шууд хамаарч, хамгаалагдана. Тэгэхээр том дата болгох ажил угаасаа хийгдэж байгаа. 606 жагсаалтыг Үндэсний статистикийн хороо, Цахим хөгжил, харилцаа холбооны яам нийлээд хийж байна. 

Цахим хөгжил харилцаа холбооны сайдын зөвлөх С.Тэнгис:

-2021 оны арванхоёрдугаар сарын 17-нд батлагдсан Цахим хөгжлийн багц хуулиар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль төрийн байгууллага хувь хүний мэдээллийг тодорхойлох боломжгүй болгож, өөрөөр хэлбэл, anonymous болгоод нээлттэй өгөгдлийг нь статистик, түүх, нийгмийн зорилгоор ашиглаж болно гэж заачихсан. Багц хуулийн нөгөө нэг хэсэг болох Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар төрийн аливаа хуульд заасан хаалттай, хязгаарлалттай бүх төрлийн мэдээллийг мөн  anonymous болгож нээлттэй өгөгдлийг статистикийн зорилгоор ашиглах боломжтой. Хууль 2022 оны тавдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжээд эхэлсэн. 

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 12-р зүйлд төрийн байгууллагыг anonymous болгож, мэдээллийн эзний мэдээллийг нээлттэй өгөгдөл болгоно гээд заачихсан. Дээрээс нь хуулийн 17.7-д хэрэглэгчийн систем нийлүүлэгчийн дамжуулсан төлбөрийн баримтын мэдээллийг дор дурдсанаар бусад этгээдэд танилцуулах эрхгүй буюу задруулахыг хориглоно гэсэн. Үүнд шууд мэдээлэл хамаарч байгаа болохоос эзэн холбогдогч нь тогтоогдохгүйгээр том дата болгох бололцоотой. Том дата гэдэг нь боловсруулагдаагүй мэдээлэл. Иргэн Батаа яг хэдэн төгрөгийн, ямар бараа бүтээгдэхүүн авсан биш тухайн бүс нутагт  хэдээс хэдэн насны хүмүүс хэдий хэмжээний бараа, бүтээгдэхүүн хэдэн төгрөгөөр авч байна вэ гэдэг ерөнхий том мэдээлэл болох юм. Үүнийг ил болговол хувийн байгууллагууд бизнесээ явуулахад хэрэгцээтэй, худалдан авалт ухаалаг болно. 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Энэ чухал асуудал юм. Хуулийн зөрчил болчихоод байна. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд саяны заалт бол байгаа. Хуулиараа бид хувь хүний нууцын мэдээллийг нийтийн мэдээлэл болгож хувиргаад том мэдээлэлдээ ашиглая гэхээр хуулиар боломжтой хэдий ч 3 сая иргэнд И Монгол апп-аар мэдэгдэл хүргүүлэх болчихоод байгаа юм. Нэг мэдээлэл аваад л бүх хүнд дахин мэдэгдэл хүргүүлдэг ийм тогтолцоо болчихоод байна. Нэг талаараа төр шийдвэр гаргахын тулд судалгаа хийх хэрэгтэй. Тэрийг магадгүй хувь хүний нууцлалын үүднээс хувиргаж, том мэдээлэлд ашигладаг, судалгаанд ашигладаг ийм орон зайг хуулийн хүрээнд үүсгэх хэрэгтэй болчихоод байна. Үүнд зохицуулалт хийж болохгүй юм уу? Том мэдээлэл болгох гэхээр эхний ээлжинд иргэнээ таньж, суурь бий болгох шаардлагатай болчихоод байна. 

Цахим хөгжил харилцаа холбооны сайдын зөвлөх С.Тэнгис:

-Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар хүний мэдээллийг хуульд заагаагүй зорилгоор эсвэл гуравдагч этгээд ашиглах үүднээс бол мэдэгдэл хүргэнэ гэж заасан байгаа. Энэ тохиолдолд хууль хэрэглээний асуудал үүсч байгаа бол тухайн хүний мэдээллийг жишээ нь, статистикийн байгууллага бол хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд тэр хүний мэдээллийг авч ашиглаж байгаа учраас мэдэгдлийг хүргэхгүй байж бас болно. Тухайн хүний мэдээллийг татварын алба буюу мэдээлэл хариуцагч өөр дээрээ anonymous болгоод авч байгаа тохиолдолд мөн статистикийн байгууллагад шилжүүлэхэд мэдэгдэл хүрэхгүй байх боломж байгаа. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Төр хүнд суртал, авлигатай, шударга бус, данхар том байна гээд байгаа асуудал нь үндсэндээ төрийн үйлчилгээтэй холбоотой. Төрийн үйлчилгээг яаж ил тод, нээлттэй, хүнд сурталгүй, авлигагүй болгох вэ гэдэгт төрийн үйлчилгээг цахимжуулах, хүнээс үл хамааралтай болгох юм. Өнөөдөр төрд байгаа мэдээллийг төрийн албан хаагч өөрийнхөө давуу тал болгож ашигладаг, иргэдийг зовоодог, ядраадаг, залхаадаг. Эцэстээ энэ нь шан харамж, авлига болдог. Үүнийг шийдэхийн тулд УИХ үе шаттайгаар хуулиуд батлаад явж байна. Албан тушаалын хөрөнгө орлогын мэдээлэл гаргадаг болсон. Улсын бүртгэлийн багц хуулиуд баталсан. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль баталсан. Хувь хүний нууцын тухай хууль баталсан. Кибер аюулгүй байдлын тухай хууль баталсан. 

Өнөөдөр ажил хөөцөлдөхөөр төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэр, жолооны үнэмлэх, гэрлэлтийн баталгаа шаарддаг. Эх захгүй баахан юм шаарддаг.  энэ шаарддаг байдлыг болиулах гэж байгаа юм. Төр өөрт байгаа мэдээллээ бусдаас шаардаж, үүгээр хүнд суртал гаргаж, шан харамж авдаг. Нэг хүн олон банкны өчнөөн карттай, гар утас ялгаа байхгүй сүлжээ барьдаггүй. Гар утасны компани болгон уулын мухарт антен зоочихсон. Илүү зардлууд. Дээрээс нь хүн болгон тэр гар утасны антенд нь тааруулаад гурван гар утас барьдаг. Иймэрхүү байдлуудыг байхгүй болгох гээд И Монгол 4.0 болгоод цаашлаад ХУР, ДАН систем, shilengov.mn нэгтгээд Монголд үндсэн том дата үүсгэн байгуулж, нэгдмэл бодлоготой, сантай байя. Үүнээсээ иргэддээ төрийн үйлчилгээг хурдан шуурхай, гэрээсээ, гар утаснаасаа авах бололцоо боломжийг л бүрдүүлье гэж байна. Энэ 92 хуулийг өөрчилж баталснаараа гэрээсээ, гар утаснаасаа төрийн үйлчилгээг яаж авдаг болох юм? 

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Төрд 15 янзын бичиг хэрэг солилцооны систем байсан. Хоорондоо бичгээ шидэж чаддаггүй. Дунд нь нэг холболт хийгээд одоо хоорондоо бичгээ солино шүү гэхээр цахимаар явуулж байгаа бичгүүдээ хэвлээд л хадгалаад байдаг. Яагаад ингээд байгаа юм бэ гэхээр хууль нь ийм шүү дээ гэдэг тайлбар хэлээд байдаг.

Хэдэн өдөр Нүүрсний сонсголыг хүмүүс анхааралтай ажиглаж байна. Сонсгол дээр арай хэтэрхий юмнууд яригдах юм. Хэдхэн жилийн өмнө томилсон шийдвэрээ олохоо больчихсон гэж байна. Хоорондоо бичгээр явуулсан бичгүүдээ хаана байгааг мэдэхээ болиод устгачихсан гээд байх юм. Ямар ч баримт байхгүй.

Архив руу эргэж харахгүй бол цахимаар үүсч байгаа архив гэдэг ойлголт бараг байхгүй байна. Өргөдөл, гомдлуудыг төр рүү мейлээр явуулахад эргээд иргэнээс ирсэн мейл нь албан бичигт тооцогддоггүй өнөөдрийн хуулиар. И бизнесээр үйлчилгээ авах гэж байгаа хүмүүст хүсэлтийг нь аваад зөвшөөрлийг нь олголоо. Тэгсэн чинь зөвшөөрөл авсан ганцхан QR код гарч ирээд уншуулахад мэдээллийн санд нь энэ хүн зөвшөөрөл авсан эсэх нь мэдэгдэж байгаа юм. Гэтэл хуулинд нь заавал бичгээр, заавал цаасаар гээд үнэт цаас хэвлэх ёстой гээд хуульчилчихсан болохоор дахиад хэвлээд хадгалаад байдаг. Гудамжинд цагдаа нар бичиг баримт шалгадаг. Яагаад та нар бичиг баримт нэхээд байгаа юм? И Монгол дээр чинь жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх чинь байна шүү дээ гэхээр хуулиа хар аа гэдэг. Төрийн байгууллагын албан хаагчдыг буруутгах ямар ч аргагүй. Хуулиа л дагаж байгаа хүмүүс аргаггүй. Тэгэхээр энэ 120 хууль бол төрийн албан хаагчдыг ажил хийх нөхцөл бололцоогоор нь хангаад, дүрэм журмын түгжрэлийг тайлж, саад тотгорыг арилгана. Финтекийн олон үйлчилгээ апп-аар иргэдэд зээлийн хүсэлтийг нь аваад нийгмийн даатгал, иргэний бүртгэлийг нь И Монголоор өөрийнх нь зөвшөөрлөөр авчихаад яг зээл олгох болохоороо өөрийн биеэр ирж гарын үсэг зурж, гэрээ байгуул гэдэг. Банк, санхүүгийн байгууллагын хуульд өөрийн биеэр гэрээ байгуулна гээд заачихсан байгааг цахимаар бас өгч болно гэдгийг хуульчилж өгөх хэрэгтэй байна. 

Харилцаа холбооны салбарт шинэ дэд бүтцийг эрэлхийлэх зайлшгүй шаардлагатай байна. Тиймээс харилцаа холбооны хуулийн нэмэлт өөрчлөлтийг өнгөрсөн таван сарын хугацаанд дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаад удахгүй өргөн барина. Бидэнд хэд хэдэн шийдэл байна. Монголын иргэн болгон халаасандаа 4 янзын дугаартай явдаг юм байна. Тэгээд энд мобиком, тэнд скайтел, энд юнител барьдаг гээд ээлжилж гаргаж ирээд ярьдаг. Гэтэл гадаадад гарсан хүн олон улсын roaming ашиглаад аль боломжтой сүлжээгээр нь дамжуулаад өөрийнхөө хэрэглэж байгаа операторын тусламжтайгаар ярьдаг. 

Цахим хөгжил харилцаа холбооны сайдын зөвлөх С.Тэнгис:

-Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт Монгол Улс чөлөөт зах зээлийн өрсөлдөөнөөр хөгжиж байгаа. Финтекүүд чөлөөт өрсөлдөөний ачаар бүс нутагтаа амжилттай бүтээгдэхүүн үйлчилгээг гаргаад байна. Жишээ нь Киргиз, Узбекистан улсуудад манай залуучууд бүтээлээ гаргаад явж байна. Нөгөө талаасаа төрийн байгууллагууд давхцуулж аваад байгаа чинь татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулаад байгаа юм. Энэ асуудлыг шийдвэрлэхээр 2021 оны арванхоёрдугаар сард батлагдсан Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд төрийн байгууллага мэдээллийн систем үүсгэхээр бол давхцуулахгүйгээр Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас зөвлөмж, дүгнэлт авахаар хуульчилсан. Тэр зөвлөмж, дүгнэлт нь системүүдийн уялдаа холбоо, эдийн засгийн үр ашиг гэх мэтчилэн давхардаад байгаа зүйлсийг арилгахаар хуульчлаад өгсөн байгаа. Сүүлд төрийн болон орон нутгийн өмчөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуульд сүүлд нэмэлт өөрчлөлт орсон нь ирэх 2024 оноос хэрэгжиж эхэлнэ. Төрийн байгууллага мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой худалдан авалт хийхээр бол цахим хөгжлийн яамнаас мэргэжлийн системийн давхардаж байгаа үйлчилгээний талаар зөвлөмж, дүгнэлтийг авсны дараа худалдан авалтаа зохион байгуулахаар зохицуулалтуудыг тусгаж өгсөн. 

Олон гар утас, операторуудыг зохицуулахаар дугаартайгаа шилжих үйлчилгээг олон жилийн өмнө хуульчилсан ч төдийлөн амьдралд хэрэгжихгүй байна. Дараагийн шийдэл нь хүн заавал дугаартайгаа шилжихгүйгээр түр хугацаанд тухайн аялал жуулчлалын бүс нутагтаа сүлжээ орсон операторын сүлжээг emergency зорилгоор ашиглах боломжийг олгохоор олон улсын цахилгаан холбооны байгууллагаас энэ оны нэгдүгээр сараас эхлээд зөвлөх үйлчилгээ аваад энэ  өнгөрсөн долоо хоногт тайланг нь хүлээж авлаа. Тайлангийн хүрээнд олон улсад үндэсний roaming буюу өөрийнхөө ашигладаг дугаартайгаа операторуудын сүлжээг ашиглахад эдийн засгийн ямар үр нөлөөлөл, боломж, давуу тал гарах вэ гэдгийг тусгасан. Одоо харилцаа холбооны хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгахаар ажиллаж байна. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-20 жилийн өмнө гар утаснаасаа зээл авч, банкны төлбөр хийдэг болно гэсэн бол хүн итгэхгүй байлаа. Хүн болгон гар утаснаасаа мэдээлэл авдаг болоод сонин уншиж, телевиз үзэхээ больчихлоо. Үүнтэй адил л төрийн үйлчилгээг гар утаснаасаа авдаг болмоор байна. Энэ л УИХ, Засгийн газрын зорилго юм. Үүнд саад болоод байгаа 120 хуулийг өөрчилж, шийдэх гэж байгаа юм байна. Тэгвэл нөгөө талдаа гэрээсээ гарахгүйгээр гар утсаараа төрийн үйлчилгээг авахад тэр гар утас нь саадгүй ажиллаж байх бололцоог бүрдүүлмээр байна. Аль нэг операторын антен байгаа л бол бүх сүлжээ барьдаг баймаар байна. 

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас зөвлөх үйлчилгээ авъя гээд дүгнэлтээ бидэнд ирүүлсэн. Харилцаа холбооны хуулийн нэмэлт өөрчлөлтийг удахгүй УИХ-д өргөн мэдүүлнэ. Энэ үеэр шийдлүүдийг ярилцъя. Бид энэ салбарт дэд бүтцийг шинээр эрэлхийлэх гэж нэлээд хичээж байна. Үлдсэн 191 баг ирэх 2 жилд шилэн кабелаар холбогдоно. Нам орбитын үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуй нэгжүүдэд зөвшөөрөл өгсөн. Хилийн бүс, алслагдсан нутгуудад Starlink-ийн Space X хуулийн дагуу ажиллаж эхэлсэн. Мөн үндэсний хиймэл дагуулын төслийг хэрэгжүүлэхээр Францтай хамтарч ажиллаж байна. Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр гэрээ зурсан. УИХ-д олон улсын гэрээг өргөн мэдүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Цаашдаа дэд бүтцээ сайжруулахгүйгээр, гар утас нь сайн ажиллахгүйгээр төрийн үйлчилгээ цахимжиж, иргэдэд ойртоно гэдэг боломжгүй.  

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Цахим гарын үсгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад энэ хууль хэрэгтэй юм. Цахим хөгжлийн яамнаас Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй 430 хуулийг судалж үзэхэд зөвхөн бичгээр буюу цаасан хэлбэрээр үйлчилгээ авах 169 хуулийн 869 хэсэг байгааг тогтоосон. Цаасаар, өөрийн биеэр, хуулбараар, бичгэн хэлбэрээр хүргүүлнэ гэсэн цаасан суурьтай баримт бичиг шаарддаг хуулийн шаардлагуудыг л өөрчилж байгаа юм. Нотлох баримтыг цахим баримт бичгээр бүрдүүлнэ гэхээр deep fake-ээр хуурамчаар үйлдсэн байвал одоогийн хуулийн хүрээнд хэрхэн зохицуулах вэ? Ийм учраас асуудлууд гарч байна. 

Ингээд санал хураалт явууллаа.  

10 : 27
2023-12-7

Чуулганы хуралдаан эхэллээ

Ээлжит чуулганы хуралдаанаар Хуулийн тогтоолын төслийг эцэслэн батална. Нийт 30 хуулийн төсөл батална. Мөн Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг, Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх талаар хууль хоорондын давхардал, хийдлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулна. Зарчмын зөрүүтэй 93 саналтай байна. 

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

·      Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн  төсөл /Засгийн газар 2022.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ 

·      Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.10.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг

·    “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг баталсантай холбогдуулан боловсруулсан, эцсийн хэлэлцүүлэг/

·      Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Бусад

·      Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нараас Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар төлөвлөж буй бодлого арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариу сонсох

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

УНШИГЧ 2023-12-07 43.242.242.140

ЦААСАН СУУРЬТАЙ БАРИМТ БОЛ УГТАА ЖИНХЭНЭ ЮМ ШҮҮ ДЭЭ. ДИЖИТАЛ ГЭХЭЭРЭЭ СУБЬЕКТИВ ЮМ. МӨН ХУУРАМЧААР ҮЙЛДЭЖ БОЛДОГ. СОЁЛЫН БИЕТ БУС ӨВ ГЭДЭГ ШИГ. ГАДААДЫН ЖИШГЭЭР ХАРВАЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРИМ ТӨРӨЛ АРХИВ ХЭВЭЭРЭЭ ШҮҮ ДЭЭ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж