"Бид хоёрын зорилго ‘Mr.Olympia’-д Азийн номер нэг тамирчин болох"

"Бид хоёрын зорилго ‘Mr.Olympia’-д Азийн номер нэг тамирчин болох"

"Бид хоёрын зорилго ‘Mr.Olympia’-д Азийн номер нэг тамирчин болох"

Монголын бодибилдинг, фитнессийн спортын түүхэнд анх удаагаа “Mr.Olympia”-д өрсөлдөх эрхийг хүртсэн Б.Уянгатай ярилцлаа. Түүний хувьд саяхан болж өнгөрсөн "IFBB Pro Taiwan" тэмцээнд түрүүлснээр бодибилдинг, фитнессийн олимп гэгдэх энэхүү томоохон тэмцээнд оролцох эрхээ авсан юм.


-Мэргэжлийн бодибилдинг, фитнесийн тамирчны мөрөөдөл болсон “Mr.Olympia”-д оролцох эрхээ авсанд тань баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Сэтгэгдэл  маш өндөр байна. Одоо ч тэр байдлаасаа гарч чадахгүй байна. Олимпийн эрх аваад олимпод оролцоно гэдэгтээ итгэж чадахгүй байна.

-Таны хувьд хичнээн жил энэ спортоор хичээллэж, өнөөдрийн энэ амжилтад хүрэв? Анх татагдсан шалтгаан нь юу байсан бэ?

-Миний хувьд гурав дахь жилдээ хичээллэж байна. Шалтгаан нь найз залуугаа л дагаж, бэлтгэл хийж эхэлсэн. Найз залуу маань Монголоос төрсөн анхны мэргэжлийн тамирчин. Найз залуутайгаа танилцаад л энэ спортод дурлаж эхэлсэн дээ. Хамт бэлтгэл хийгээд л, хамт байсаар энэ спорт руу орсон.

-Гурван жил гэхээр богино хугацаа мэт сонсогдож байна л даа. Хэрхэн ингэж тууштай байж чадсан юм бэ? Дунд нь шантрах үе бишгүй л тохиосон байх.

-Шантрах үе байсан. Гэхдээ хажууд байсан хүмүүс минь л их нөлөөлсөн. Гэрийнхэн, найзууд, найз залуу минь гол нөлөөлсөн. Ялангуяа найз залуу минь. Өөрөө тамирчин хүн учир сайн ойлгодог. Бүх зүйл дээр тусалдаг. Миний биеийн тал шиг л ойлгож, дэмждэг.

-Анхны тэмцээнээ эргэн дурсаач? Өнөөгийн энэ том амжилт хаанаас эхлэлтэй вэ?

-Анхны тэмцээн гэвэл 2021 оны Монголын мистер. Хоёр ангилалд ороод хоёуланд нь алтан медаль хүртэж байсан. 2021, 2022 оны улсын аварга гэж хэлж болно.

-Бодибилдингийн тамирчид тэмцээнд оролцоно гээд эртнээс бэлдэж, их л зориг тэвчээрийг гаргаж байгаа харагддаг. Танд ямар байсан бэ?

-Анх хичээллэж эхлээд зургаан сарын дараа л тэмцээнд орсон доо. Шантрах дөхөөд ирэхээр надад итгэж байгаа хүмүүсийн итгэл, сэтгэлийг бодож, итгэлийг нь алдахгүй юмсан гээд гүрийсэн дээ. Ийм байдлаар давсан.

-Хэзээ яг “Mr.Olympia”-д оролцох боломжтой, чадвартай юм байна гэдгээ ойлгосон бэ? Танд нэг сэдэл, санаа төрсөн л байх.

-Манай хүн л анх “Хоёулаа дэлхийн тайзнаа гарахын төлөө л бэлдэнэ” гэж байсан. Тэмцээнүүдэд оролцож, түрүүлээд эхлэхээр дутагдлуудаа мэдэрч, “Mr.Olympia”-ийн аваргуудтай өөрийгөө харьцуулж, сайжруулах зүйлсээ анзаараад боломжтой юм байна гэдгээ харсан гэх юм уу даа.

-Нэг гэр бүлийн хүмүүс хоёулаа тамирчин байна гэхээр бие биеэ илүү сайн ойлгож, дэмждэг юм шиг санагддаг?

-Тийм шүү. Энгийн хүнээс илүү ойлгодог. Бэлтгэл хийж байгаа, дэглэм барьж байгаа мэдрэмжийг манай хүн бас мэдэрдэг учир түшигтэй байдаг.

-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Энгийн, тэмцээнгүй үедээ өдөрт 2-3 цагийн бэлтгэл хийдэг. Тэмцээний үед өглөө босоод системийн дагуу хоол ундаа иднэ. Тухайн үеийн биеийн байдлаасаа шалтгаалж өдөрт 2-3 удаа бэлтгэл хийх хэрэгтэй эсэхээ шийддэг. Биеэсээ л шалтгаалж бэлтгэлжилтийн цагаа тохируулдаг. Өнгөрсөн тэмцээний үеэр өглөө босоод овъёос, уураг гээд нэг хоолоо л идсэн. Үүний дараа кардио нэг цаг хийнэ. 2-2.30 цагийн зайтай хооллодог. Амарч байгаад бэлтгэлдээ эргэн орж, 2-3 цагийн бэлтгэл хийнэ. Кардиогоо дахин хийнэ. Тэгээд л хоолоо иднэ. Ерөнхийдөө тэмцээний үеэр байнгын амралттай, бүх хүчээ бэлтгэл дээрээ л зарцуулахыг хичээдэг. Бусад үедээ сайхан амарна даа.

-Чөлөөт цаг хэр их гардаг вэ? Энэ үеэрээ яаж тархи, биеэ амраадаг вэ?

-Чөлөөт цагаараа ер нь гарч оръё гэхээр кардио болох гээд байдаг. Тиймээс аль болох гэртээ дуртай киногоо үзээд биеэ амраан тайван байхыг хичээдэг.

-Бодибилдинг, фитнессийн олимп гэгддэг “Mr.Olympia” анх удаагаа оролцох гэж байна. Анхных гэдэг утгаараа ямар амжилт үзүүлэхийг зорьж байна вэ?

-Бид хоёрын зорилго гэвэл “Mr.Olympia”-д Азийн номер нэг тамирчин болох. Азиас Солонгосын хоёр тамирчин л “Mr.Olympia”-ийн эхний 20 тамирчинд багтаж байна. Тэр хоёрыг давж, топ аравт л орох зорилготой. Түүнийхээ төлөө л бэлтгэлээ хийж байна.

-Монголд дахь өрсөлдөөн ямар байна?

-Сүүлийн 2-3 жилийг харахад Монголд энэ спорт хурдацтай хөгжиж байна. Шорттой ангилал, бикини ангилал хоёр түлхүү гарч ирж байна. Монголд олон шилдэг тамирчид төрж байна. Тамирчдадаа хандаж хэлэхэд зөв системээр эмэгтэйлэг байдлыг, биеийн пропорцыг гаргаж ирэхийг хичээгээрэй.

-Тамирчин болон хувь хүн талаасаа Б.Уянгын мөрөөдөл нь юу вэ?

-Одоогийн мөрөөдөл гэвэл “Mr.Olympia”-ийн аварга болох. Хувь хүн талаасаа гэвэл Монголдоо ч, гадаадад ч хүмүүст үлгэр дуурайлал болсон, зөв зүйл рүү чиглүүлсэн тийм л гэр бүлийн хүмүүс болохыг мөрөөддөг.

-Шинэ оноос эхлэн шинэ хүн болъё, өөртөө өөрчлөлт хийе гэж зорьж буй бүсгүйчүүддээ хандаж зөвлөгөө өгөөч?

-Өөрсдөдөө хайртай байгаарай. Эмэгтэй хүн биедээ анхаарч, өөртөө итгэлтэй, хүчтэй байгаарай л гэж хэлье. Хийж байгаа зүйлдээ тууштай байгаарай.

-2023 оныг товчхон дүгнэвэл таны хувьд хэр ололт, амжилттай жил өнгөрч байна вэ?

-Зүүд шиг л өнгөрч байна. Би энэ оны тавдугаар сард л мэргэжлийн тамирчин болсон. Долдугаар сараас эхлэн мэргэжлийн тамирчдын тэмцээнд оролцож, анхны тэмцээндээ гуравдугаар байр эзэлсэн. Өнгөрсөн сард Солонгост мэргэжлийн ангилалд дөрөвдүгээр байрт орж, сая түрүүллээ.

Надад үргэлж тусалж, дэмжиж ирсэн гэр бүл, найзууддаа, монголчууддаа баярлалаа.

"БИ Б.УЯНГЫГ ‘MR.OLYMPIA’-Д ТҮРҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ГЭЖ ХАРДАГ"

Мөн түүний найз залуу, мэргэжлийн IBFPro тамирчин Э.Батдоржтой танилцлаа.

-Таны хувьд энэ спорттой холбогдоод хэдэн жил болж байна вэ?

-Бодибилдингийн спортоор хичээллээд яг найман жил гарч байна. Анх хичээллэж эхэлснээсээ гурван жилийн дараа Монголын анхны мэргэжлийн тамирчин болж байсан. Өнгөрсөн жилээс Солонгост магистр суралцахаар явсан. Ерөнхийдөө сүүлийн 1-2 жил л өөрийгөө болон найз охиноо, шавь нараа дасгалжуулж байна.

-Таны гэр бүлийн хүн, шавь тань “Mr.Olympia”-д өрсөлдөхөөр боллоо. Сэтгэгдлээсээ хуваалцаач? Өөрийн тань тайзан дээр нулимс дуслуулж буй бичлэг олон хүнд хүрсэн байх

-Маш сайхан байна. Монголын бодибилдингийн түүх 33 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд анхны “Mr.Olympia”-ийн эрхийг хүртлээ. Миний, тамирчин бүрийн хүсч мөрөөддөг амжилт. Найз охиноороо маш их бахархаж байгаа. Өөрийнхөө туулж, үзсэн туршлагаараа гүүр, замыг нь босгож өгөөд найз охиноо зүгээр давхиулмаар санагдсан. Тэр зорилгодоо хүрлээ. Миний хүсэл мөрөөдөл байсан болохоор үнэхээр их баярласан. Анх мэргэжлийн тамирчин болоход нь, сая “Mr.Olympia”-ийн эрх авахад нь уйлчихаад л байна.

-Мэргэжлийн тамирчин болно гэдэг тухайн тамирчнаас хэр их золиос, цаг хугацаа шаарддаг юм бэ?

-Золиос мэдээж байна. Дэглэмтэй олон сар байхаар сэтгэл зүй өөр болно. Стресс, депресст орно. Яагаад байгаагаа мэдэхээ болино. Тамирчны сэтгэл зүй чиглэлээр Монголд хөгжил тааруу байна. Би яг тэр чиглэлээр магистрт суралцаж байгаа. Их л золиос шаардана. Бикини ангилал маш натурал байхыг хардаг. Эрэгтэй тамирчдаас маш том булчингийн масс, нимгэн байдал, булчингийн ширхэг чанаруудыг шаарддаг. Тиймээс эрэгтэй тамирчид золиос гаргадаг.

-Тайзан дээр гарахын өмнө сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ? Мөн Б.Уянгад юу гэж зөвлөдөг вэ?

-Миний судалснаар, туулснаар тайзан дээр гарахын өмнөх 20 хоногт тамирчид сэтгэл зүйгээ бэлдчих хэрэгтэй. Тайзан дээр гарахаас 2-3 хоногийн өмнөөс нүүрс ус тавилт, ус хасалтын тоглолт хийдэг. Түүнийгээ сайн бэлдчихвэл тамирчин тайван байдаг. Урьдчилж бэлдэхгүй бол нүүрс ус тавилтыг бие нь блоклоод бүтэн гоё хэмжээнд очдоггүй. Тиймээс Б.Уянгааг 20 хоногийн өмнөөс л бэлдээд сүүлийн өдрүүдэд нь “Бүгдийг нь би зохицуулна” гээд тайван байлгадаг. Идэж, уухаас нь эхлүүлээд тайзан дээр гараад гараа яаж хөдөлгөх, хаашаа харж инээх, хуруугаа яаж барих зэргийг нь хүртэл хэлж өгдөг. Тамирчин хүнд сэтгэл зүй маш чухал.

Би сэтгэл зүйгээ бэлдэхдээ Монголын түүхээ их боддог.

Би өөрөө хийморийн сан тавина. Өглөө морины тухай дуу тавина. Тэгээд л хийморь сэргэж байна гэж боддог доо. Өвөг дээдэс маань морьтойгоо дэлхийн талыг эзэлж, түүх бичсэн шүү дээ. Хоёулаа ч түүх домог бичих гэж байна шүү дээ гэдэг.

-Арван жилийн дараах өөрсдийгөө хаана байгаагаар төсөөлдөг вэ?

Бид хоёр Солонгост амьдаръя гэж бодож байгаа. Мэдээж Монголынхоо тамирчдад туслаж дэмжинэ. Арван жилийн дараа гэвэл миний хувьд зорьсон зорилгодоо хүрчихсэн, Б.Уянгаагаа чадах оргил хүртэл нь явуулмаар байна. Хүүхдээ төрүүлье ч гэсэн бодол байгаа. Болж өгвөл олон хүүхэдтэй болно доо. Алдарт эх болгоно л гэж бодож байна. Аз жаргалтай, мөрөөдөлдөө хүрсэн, стрессгүй, хүссэнээрээ аялаж, энгийн амьдармаар байна. Баян, тансаг амьдралаас илүүтэйгээр энгийн тайван амьдралыг хүсч байна. Бид хоёр нэг зүйл дээр санал нэгтэй, бат зогсч байгаа нь хоол. Тиймээс дуртай газартаа очоод хамгийн амттай хоолыг нь авч идмээр байна. Аз жаргал тэнд л оршино. Мэргэжлийн тамирчин болсон хүмүүс мөнгө чухал биш гэдгийг ойлгосон байдаг биз.

-Удахгүй “Mr.Olympia”-г зорих гэж буй шавьдаа, найз охиндоо хандаж хэлэх үг бий юу?

-Миний хайр энэ том түүхийг бүтээж байгаа учир тууштай, зорилготой, мөрөөдөлтэй, зорьсондоо бат зогсоорой. Манай хүн ярьж байгаа зүйлийн агуулгыг маш сайн ойлгодог. Би Б.Уянгыг “Mr.Olympia”-д түрүүлэх боломжтой гэж хардаг. Бид хоёр маш богино хугацаанд энэ амжилтыг үзүүлсэн. “Mr.Olympia”-д түрүүлсэн тамирчидтай харьцуулахад цөөхөн хэдэн алдаа л бий. Тэд нарыгаа засахад түрүүлэх боломжтой л гэж хардаг. Миний хайр чадна, хүчтэй байгаарай. Түүхийг бүтээ. Монголд чиний дээр зөвхөн хөх тэнгэр л бий гэж хэлье.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-12-07 66.181.166.196

Энэ боди маргаантай, хэдэн ч дэлхийн холбоо байдаг юм бэ, тэр болгон нь өөрийн ДАШТ, олимптой, замбараагүй

Avatar

darvin 2023-12-07 202.55.180.58

Bayt hutgie manai zaluuchuud delhiid danctai bolloo tor zacag iim zaluuchuudaa demjih heregrei Mongol Ulciin neriig ulam ih manduulahiig erooe

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж