Сурвалжлага: Хүүхэдтэйгээ шинжилгээ өгөхөд хүнд металл илэрсэн

Хуучирсан мэдээ: 2023.12.07-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Хүүхэдтэйгээ шинжилгээ өгөхөд хүнд металл илэрсэн

Сурвалжлага: Хүүхэдтэйгээ шинжилгээ өгөхөд хүнд металл илэрсэн

"Манайх ундны усаа заавал шүүж, цэвэршүүлж хэрэглэдэг. Тэгэхгүй бол хатуулаг ихтэй, уухад тохиромжгүй ус гоождог. Зайсан орчмын айлууд ихэвчлэн ундны усаа захиалж авдаг. Ойролцоогоор нэг сард 100 орчим мянган төгрөгөөр цэвэр ус худалдан авдаг. Манай ээжийнх гэхэд нэг сард дөрвөн баллон сав цэвэр ус хэрэглэдэг. Ер нь ундны усны асуудал жил бүр байрны СӨХ-нд яригдаж л байдаг юм.

Манай гэр бүл нэг хэсэг гэдэс гүйлгэж, өвдөж байсан. Энэ бол ундны устай шууд холбоотой" гэдгийг Зайсанд байрлах "Blue sky" хотхонд зургаан жил амьдарч буй эмэгтэй хэлэв.

Тэрбээр "Үе үе ус тасрахаар зэвтэй ус гарна. Ундны усны энэ асуудал ямар нэгэн шийдвэрт хүрдэггүй. Энэ ундны усны асуудлыг шийдэхгүй бол дасан зохицоод олон жил болж байна. Зайсан орчмын айлууд ундны усаа шинжлүүлж, холбогдох байгууллагад нь хандах хэрэгтэй байна" гэсэн юм.

Зайсан толгой орчмын төвлөрсөн бус усны эх үүсвэртэй хотхонуудын оршин суугчид өдөр тутамдаа баталгаагүй, хатуулаг ихтэй ундны ус хэрэглэдэг болохыг мэргэжилтнүүд мэдээлсэн. Тиймээс зарим иргэд нь ундны усаа захиалж, хэрэглэдэг талаараа ярилаа.

Тэндэхийн  зарим орон сууцнууд бохирын болон цэвэр усны нэгдсэн системд холбогдоогүй гэсэн мэдээллийг албаны хүн өгсөн бөгөөд иргэд, айл өрх гүний худгаас ундны усаа залгуулдаг байна. Агаарын сайханд нь шунаж Зайсанд байр авсан биш усны хомсдолтой байна гэж бодсонгүй гэдгийг иргэд хэлж байв.

"УНДНЫ УСАА ЗӨӨВӨРЛӨЖ, ХУДАЛДАЖ АВДАГ"

Зайсан орчимд амьдардаг нэгэн оршин суугчаас ундны усны талаар тодрууллаа. Тэдний орон сууц гүний худгаас усаа авдаг бөгөөд ундны усаа хэрэглэхдээ заавал цэвэршүүлэгч хэрэглэдэг гэнэ. Учир нь, гүний худгийн ус нь хатуулаг ихтэй, тиймээс цэвэршүүлэгч шүүлтүүр хэрэглэхгүй л бол болдоггүй талаар учирлалаа. 


-Танайх ундны усаа шүүж хэрэглэдэг үү, гаднаас зөөвөрлөдөг үү?

-Манай байр төвлөрсөн бус шугамд холбогдсон. Гүний худгаас усаа авдаг. Тийм учраас манай гэр бүл зөөврийн ус худалдан авч, ундны усандаа хэрэглэдэг. Нэг сард 2-3 сав цэвэр ус гэхээр 50 орчим мянган төгрөг зарцуулдаг. Тэр усаа зөвхөн ууж хэрэглэдэг. Хоол унд, ахуйн зориулалтаар ашигладаггүй. Крантны усаа буцалгаж, хоол ундаа хийдэг.

-Ундны усаа шинжлүүлэх хүсэлт гаргаж байсан уу?

-Оршин суугчдын зүгээс байр, хотхоноо төвлөрсөн шугамд холбож, зэвэрдэггүй хоолойгоор солих шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлдэг. Өнгөрсөн зун Зайсангийн шинэ гүүрний бүтээн байгуулалттай зэрэгцээд төвийн шугамд холбогдоно гэдэг горьдож байсан боловч тийм ажил хийсэнгүй.

Хувиараа ундны усны шинжилгээ хийлгэх хүсэлт өгөөгүй. Сүүлийн үед оршин суугчдын групп дээр ундны усны шинжилгээ өгье. Энэ хавийн байр, хотхоны ундны уснаас гэдэсний савханцар илэрсэн байна гэдэг мэдээллийг бичиж байна. СӨХ-д хандах гэхээр контор хариуцдаг гэдэг хариултыг өгдөг.

-Оршин суугчид хатуулаг ихтэй ус байдгаас гадна зэвтэй ус гоождог гэдгийг хэлж байна?

-Гүний худгаас усаа авахаар тог цахилгаан тасрахаар усгүй болчихдог. Төвийн шугамтай холбогдчихвол ийм асуудал үүсэхгүй шүү дээ. Тэгээд ус ирэхээрээ аймар зэвтэй ус гоожно. Усаа хэвийн болгох гэж удаан гоожуулна. Халуун усны даралт багатай учраас удаан гоожуулж байж хүүхдүүдээ усанд оруулна, аяга тавгаа угаана. Ер нь ундны усны асуудал их хүндрэлтэй байдаг. Хүйтний улиралд усаа заавал халааж, аяга тавгаа угаана.

"ЭРДСИЙН ШИНЖИЛГЭЭ ӨГӨХӨД ХҮНД МЕТАЛЛ ИХ ХЭМЖЭЭГЭЭР ИЛЭРСЭН"

Зайсан орчимд арав гаруй жил амьдарч буй иргэн "Ундны усны асуудал маш хүнд байгаа. Манай байрны крантнаас гарч байгаа ус хатуулаг ихтэй, сав суулганд цагаан шохой үүсчихдэг. Байнга л усаа шүүж хэрэглэдэг. Угаалгын өрөөны шүршүүр байнга бөглөрнө.

Миний хувьд хүүхэдтэйгээ хамт эрдсийн шинжилгээ эмнэлэгт өгөхөд хүнд металь их хэмжээтэй гарч ирсэн. Энэ бүхэн ундны устай холбоотой гэж бодсон.

Байрны оршин суугчдын групп дээр энэ тухайгаа бичиж, хуваалцсан. Энэ хавийн "Энхжин" хотхонд амьдардаг эмэгтэйтэй ярилцахад "Ундны усаа зөөвөрлөж, хэрэглэдэг. Ус уух ямар ч боломжгүй" гэдгийг хэлж байсан. Эрүүл мэнд, эдийн засгийн хувьд ч маш хүндрэлтэй байна. Ийм ус хэрэглэхгүй нь тулд янз бүрийн шүүлтүүр худалдан авах шаардлагатай болдог. Шүүртүүр шүүлтүүрдээ хамгийн өндөр үнэтэй шүүлтүүр тавихыг бодно. Яагаад энэ хавийн ундны ус ийм байгааг шинжилж, нэгдсэн арга хэмжээ авмаар байна. Яармаг тийшээ бас ийм байдаг гэж сонсч байсан" гэв.

Усны үйлчилгээ зохицуулах зөвлөл 2015 онд Хан-Уул дүүрэгт байрлах ундны усны эх үүсвэрийн гүний худгийн усыг нь шинжилж үзжээ. Нийтдээ арав гаруй аж ахуй нэгж болон 20 гаруй хотхоны гүний худгийг шинжилсэн байна. Уг хяналт шалгалтаар гүний худгийн усанд усны чанарын шинжилгээ тогтмол хийгээгүй, оршин суугчдын ундны усны чанар ямар ч хяналтгүй, эрсдэлтэй түвшинд байна гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг. Зайсан толгой орчмын хотхонууд болон аж ахуй нэгжүүд төвлөрсөн бус ундны усны эх үүсвэртэй. Хэсгийн усан хангамж нь төвлөрсөн усан хангамжийг бодвол тогтворшилтой, цэвэрлэгээ, ариутгал ихээр шаарддаг гэдгийг ч мэргэжлийн хяналтын байцаагч нар хэлж байсан юм.

 KFC САЛБАРЫН УСЫГ УДААН ХУГАЦААНД ХАДГАЛЖ, 200 ГАРУЙ ХҮН ХОРДОЖ БАЙВ

Та бүхэн санаж байгаа бол 2019 онд Зайсан дахь KFC түргэн хоолны салбараар үйлчлүүлсэн 247 иргэн хордлого авч, нийгэмд шуугиан болж байв. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд Зайсан дахь KFC түргэн хоолны газрын ундны усанд бичил биетэн зөвшөөрөгдөх хэмжээнээс 2.5 дахин их, мөн уснаас халуунд тэсвэртэй гэдэсний савханцар илэрсэн талаар мэдээлж байлаа.

Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд KFC түргэн хоолны газрын усаа авдаг гүний худгаас дээж авч шинжлэхэд нянгийн бичил биетийн тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр, химийн үзүүлэлтээр нитритийн бохирдолтой гарч байв. Нитритийн бохирдол гэдэг нь ус удаан хугацаанд бохирдоод, хадгалагдсаны улмаас үүсдэг химийн бодис аж. Хэсгийн усан хангамжтай хотхонууд стандартаараа нөөцлүүрийн саваа нян судлалын шинжилгээг улирал тутамд өгөх шаардлагатайг зөвлөж байсан юм. Ийнхүү утаанаас зугатсан Зайсангийнханд усны асуудал том бэрхшээл болоод байгаа юм.

Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 8000 орчим гүний худаг байдаг.  Эдгээр гүний худгийн 1125 нь зөвхөн Хан-Уул дүүрэгт бүртгэлтэй байдаг гэх мэдээлэл бий.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2013 онд анх гүний худгийн зөвшөөрлийг цэгцэлж, бүртгэлжүүлж эхэлсэн. Тухайн үед бүртгэл хийхэд нийслэлийн хэмжээнд 5330 орчим гүний худгийг бүртгэсэн байдаг. Тэрнээс хойш үлдсэн гүний худгуудыг бичиг баримтжуулж, шинээр нэмж бүртгүүлээд 8000 орчим болсон байна. Ер нь төвлөрсөн шугам сүлжээнд холбогдох боломжтой газарт гүний худгийн зөвшөөрөл олгохыг хориглосон байдаг. Мөн ус хангамжийн хамгаалалтын эх үүсвэрүүдээс гадна голын хамгаалалтын бүс зэрэг хэд хэдэн эх үүсвэрт гүний худаг өрөмдөхийг хориглодог. Сүүлийн жилүүдэд Хан-Уул дүүрэгт орон сууцжуулах газар олголтуудыг хийсэн. Үүнээс үүдэн тухайн дэд бүтэцгүй газартаа усны хэрэглээгээ хангахын тулд гүний худгийг зайлшгүй гаргах болжээ.

Гүний худгийн өрөмдөх зөвшөөрөлд заасан шаардлагын дагуу ус ашиглах гэрээ байгуулж, татварт усны төлбөрөө төлөх, худгийн усанд хими, бактериологийн шинжилгээ хийх зэрэг шаардлагыг хангах ёстой. Гүний худаг өрөмдөх зөвшөөрлийг олгохдоо 2011 оны НИТХ-ын долдугаар тогтоолоор батлагдсан тэмдэгтийн хураамжаар 152.500 төгрөгийг төлдөг байна.

"ЗАЙСАНД 900 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ БОХИРДОЛ НЭГ ТОМ АГУУЛАХ ДОТОР ХУРИМТЛАГДДАГ"

Усны газрын дарга З.БАТБАЯР:

-Ундны усны хамгаалалт хамгийн их алдагдсан газар бол Зайсан. Тэр жижигхэн амд 16,000-20,000 хүнийг нэг дор аваачиж, нэг га газарт 900 айлын орон сууц барьсны гай одоо гарч байна.Хэдийгээр гэр хороололд олон жорлон байдаг мэт боловч жорлон нь нэг л айлын хэрэгцээнд байдаг. Гэтэл Зайсанд 900 айлын орон сууцны бохирдол нэг том агуулах дотор хуримтлагдаж байгаа. Тэр бохирын сав нь хаа нэг газартаа асуудал үүсэж, алдагдсан байх эрсдэлтэй.

Үүнтэй холбогдуулан сүүлийн хэдэн хоног Зайсанд өрнөж буй бас нэг асуудлыг талаар хэлье. Шүүлтүүр зардаг компаниуд аюултай байж болзошгүй үзэгдлийг зөвхөн өөрийн бизнесийн ашиг сонирхолд нийцүүлж байна.

Шүүлтүүр нь усны бохирдлын эрсдэлийг тодорхой хугацаанд багасгаж буй хэлбэр болохоос биш аюулыг алга болгох хэлбэр биш. Усны бохирдлын эх үүсвэрийг олж, асуудлыг арилгахын төлөө хариуцсан байгууллагууд нь хамтарч ажиллах хэрэгтэй байна" гэсэн юм.

Учир нь Зайсан орчмын ундны усанд хийсэн удаа дараагийн шинжилгээгээр таван хотхоны уснаас нь гэдэсний савханцар илэрсэн байна. Усны газрын лабораториос гадна нийслэлийн бусад лабораториуд ажиллаж байгааг албаныхан мэдээлсэн. Ийм учраас Зайсангийн амд тэр чигээрээ гэдэсний савханцар илэрсэн байх аюултай, эрсдэлд оржээ. Үүнтэй холбогдуулан НОБГ болон ХӨСҮТ-д судалгаа шинжилгээ хийх албан хүсэлт хүргүүлээд байгаа аж.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БОЛОРСУВД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж