Өмнөд Африкийн "УСНЫ ГҮНЖ"

ХҮМҮҮС

Өмнөд Африкийн "УСНЫ ГҮНЖ"

Өмнөд Африкийн "УСНЫ ГҮНЖ"

Цахим ертөнцөд “од” болж буй “water challenge”-ийн эзэн Тайлаг Ньюс агентлаг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа онцолж байна.


“Z” үеийн томоохон төлөөлөл Тайла Лаура Ситал 2002 онд Өмнөд Африкийн Йоханнесбургт төрж, өсчээ. Тайлагийн гэр бүл олон үндэстэн ястнаас бүрдсэн гэдгээрээ онцлог. Тодруулбал, тэднийхэн зулу, энэтхэг, мауритан, ирланд гаралтай өнгөт гэр бүл юм.

Тэр ухаан орсон цагаасаа л хөгжим, бүжигт дуртай байжээ. “Би зурагтаар концерт үзэх дуртай байсан. Тэднээс өөрийгөө олж хардаг байсан” гэж Тайла ярьж байв.

Тэр дуу хөгжим оролдоогүй үедээ зураг зурах, уран гулгах дуртай.

Тайла 2019 онд Эдэнглэн ахлах сургуулийг дүүргэсэн. Сургуульд байхаасаа л тэр ковер дуунуудаа “Youtube”, “Instagram”-д нийтэлж, хөгжмийн продюсерууд руу илгээдэг байжээ. Анхны менежер Гарт фон Глен нь түүнийг олж харснаар Тайла анхны дуугааа бичүүлсэн байдаг. Хөгжмийн карьертаа бүхнээ зориулахаасаа өмнө тэр уул уурхайн мэргэжлээр суралцаж байжээ.

2021 онд Тайла “Epic Records”-той гэрээлснээр “Хоцорч байна” нэртэй анхны уран бүтээл нь гарсан. Энэхүү дебют сингл нь Өмнөд Африктаа багагүй амжилт үзүүлсэн юм. Үүний дараа үе тэнгийн уран бүтээлчидтэйгээ Европоор аялан тоглолт хийж, цөөн хэдэн шинэ дуу гаргасан.

Уран бүтээлүүд нь тодорхой хэмжээний амжилтад хүрсэн ч дэлхий даяар шуугиан тарьж амжаагүй байсан түүнийг жинхэнэ “од” болгосон уран бүтээл нь “Ус” байлаа. “Ус” дууны ая, хэмнэл, үг, бүжгийн хөдөлгөөн бүх зүйл нь цахим сүлжээнд трэнд болов. Африкийн бүжиг дэглээч Литчигийн ТикТок платформд эхлүүлсэн “#WaterDance challenge” 554 сая хандалт авчээ.

БАРБАДОСЫН СУПЕР ОДЫН “ОХИН”

Уг трэнд нь Тайлагийн бүжгээс гадна Өмнөд Африкийг цоо шинээр алдаршуулж, залуусын сонирхлыг татсан юм. “Миний өсч төрсөн газар бол миний бүх зүйл. Намайг хэн гэдгийг энэ газар тодорхойлно. Миний дуу, миний бүжиг, миний хэлэх үгийг тодорхойлно. Өмнөд Африк бол уран бүтээлчийн хувьд намайг маргаангүй тодорхойлох газар. Би хаа ч явсан Өмнөд Африкийг тээж явах болно” гэж Тайла ярьжээ.

Гарал үүслээ байнга онцлон ярьдагаас нь улбаалаад түүнийг Рианнатай харьцуулах нь ч бий. Зарим нь түүнийг Барбадосын супер одын “охин” гэж хошигнодог.

Рианнаг өөрт нь хамгийн том урам зориг өгсөн хүмүүсийн нэг гэж Тайла ярьдаг ажээ. Түүний удах гарах шинэ уран бүтээлийн зураг авалтыг Карибын тэнгист хийсэн. Энэ зураг авалтын үеэр Тайла, Рианна нарын хооронд ижил төстэй зүйл ажиглагдсан учир Өмнөд Африкийн усны гүнжийг Барбадосын гүнжийн нэгэн адил урт удаан замнал хүлээж байна гэж таамаглав.

Тайла уран бүтээл бүрээрээ үндэсний соёл, өв уламжлал, Африкийн хөгжмийг таниулахыг хичээдэг. Өсөн нэмэгдсээр буй шүтэн бишрэгчид тань юуг мэдээсэй гэж хүсч байна вэ гэж түүнээс асуухад “Би тэднийг манай соёл, өв уламжлалын талаар мэдээсэй гэж хүсч байна. Хөгжим бол энгийн нэг зүйл биш. Энэ бол бидний хувьд сүнслэг зүйл. Сайн хөгжим бол манай уламжлалын нэг хэсэг” гэж хариулж байв.

Мөн тэр алдар нэртэй болохыг хүсч буйгаа чөлөөтэй илэрхийлдэг нэгэн. “Би хамгийн том поп од болж, хаа ч явсан африк хөгжмийг сурталчлахыг хүсч байна. Ингэж байж надад бүхнийг ялсан мэдрэмж төрнө” гэж Тайла ярьдаг. Түүний мөрөөдлийн хамтрагч нь Рианна, Парти Нэкст Доор, Дрэйк, Блэкпинк нар юм.

“Ус” дуу нь өдгөө АНУ, Их Британи, Австрали гээд 10 гаруй улсын топ 10 дууны жагсаалтыг тэргүүлж байна. Түүнчлэн энэ нь 55 жилийн дараа анх удаа АНУ-ын “Billboard”-ын шилдэг 100-д өмнөд африк дуу багтсан онцгой тохиолдол болов. Тайла уг дуугаараа “Grammy”, “Soul Train”, “South African” хөгжмийн наадмуудад нэр дэвшиж байна. Мөн ирэх оны гуравдугаар сард түүний анхны дебют альбум гарна.

Тайлагийн гоо сайхан, хувь хүний төлөвшилд хамгийн их үүрэг гүйцэтгэсэн хүн бол түүний ээж. Тэр багадаа ээжийгээ дуурайн, хувцасны шүүгээг нь байнга ухдаг байв. “Би хувцас загварт хайртай. Би ээжийнхээ хувцас, гутал, бүх зүйлийг өмсдөг байлаа. Ээжийнхээ биеэ авч яваа байдлыг харж, үлгэрлэн дуурайж өссөн” гэж Тайла ярьжээ.

Эх сурвалж: HARPERS BAZAAR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-07 202.179.26.209

Х/ного хоолойт Риана

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж