2024 оны УИХ-ын сонгуулийн жил гарахад хэдхэн хоногийн хугацаа үлдээд буй. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирлууд сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн байх зохицуулалттай.
Сонгуулийн тухай хууль:
29.4.Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна:
- 29.4.1.төрийн жинхэнэ албан хаагч
- 29.4.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан
- 29.4.3.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал
Энэ зохицуулалтын дагуу зарим албан тушаалтнууд ажлаа өгч, сонгуулийн бэлтгэл ажилдаа орсон бол зарим нь ажлаа өгөх бэлтгэлээ хангаж эхэлжээ.
МОНГОЛБАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Г.ЭНХТАЙВАН ТӨВ АЙМАГТ ГОРИЛНО
Монголбанкнаас явж буй дараагийн хүн бол тус банкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван. Тэрбээр ажлаа албан ёсоор хүлээлгэж өгөөч, төрөлх нутаг Төв аймгаа зорьж, сонгуулийн бэлтгэл ажилдаа орсон гэнэ. Бизнес, хуулийн чиглэлээр мэргэшсэн Г.Энхтайванг УИХ-ын дарга Г.Занданшатарын хүн гэдэг. Учир нь УИХ-ын дарга Г.Занданшатарын туслахаас ажлын гараагаа эхэлж, Г.Занданшатар хаана байна тэнд албан тушаалд очдог гэж улс төрийн хүрээнд ярилцдаг. Г.Энхтайван 2020 оноос хойш Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад саяхан ажлаа өгсөн билээ.
ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗРЫН ДАРГА Д.ЗАНДАНБАТ ӨМНӨГОВЬД ГОРИЛНО
УИХ-аас 2019 оны тавдугаар сард Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитороор томилогдсон Д.Занданбат ажлаа өгөх сурагтай. Түүний хувьд энэ удаагийн сонгуульд Өмнөговь аймагт нэр дэвшихээр бэлтгэлээ базааж эхэлжээ. Д.Занданбатын хувьд эдийн засагч мэргэжилтэй дүүрэг, нийслэлийн татварын байгууллагад олон жил ажилласан нэгэн. Нэгэн цагт Хан-Уул дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан удаатай. Д.Занданбатыг улс төрийн хүрээнд УИХ-ын даргын хүн гэдэг. Үндэсний аудитын газрын ажлынхаа хажуугаар саяхан тэрбээр Өмнөговь аймгийн сумдаар тойрч, Төрийн аудит иргэдийн амьдралд сэдвээр лекц уншиж, өмнөговьчуудад өөрийгөө таниулж яваа харагдсан.
МИАТ-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.МӨНХТАМИР НИЙСЛЭЛД НЭР ДЭВШИНЭ
МИАТ ТӨХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр 2021 оны аравдугаар сараас эхлэн тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж ирсэн Б.Мөнхтамир нийслэлд нэр дэвшихээр ажлаа өгөх сурагтай. Б.Мөнхтамир мэдээллийн системийн менежментийн бакалавр, бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. 2017 оноос хойш МИАТ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс, Захиргаа, хууль эрх зүй эрхэлсэн дэд захирал, гүйцэтгэх захирлаар сүүлийн долоон жилийг тус компанид ажилласан. Түүний хувьд одоогоор намын удирдлагаас квотоо авсан ч нийслэлийн аль тойрогт вэ гэдгээ шийдээгүй гэх.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ