Орос улсаас Украинд бүрэн хэмжээний түрэмгийллээ эхлүүлснээс хойш 21 сар гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хооронд Киевийн улс төрийн дотоод уур амьсгал улам бүр дордож, Ерөнхийлөгч Владимир Зеленский болон генерал Валерий Залужный хоёрын хоорондох хурцадмал байдал ил болж байна.
Украины арми Оросын нийслэл рүү дроноор дайрч, эзлэгдсэн газар нутгаа эргүүлэн авснаар өнгөрсөн сөрөг довтолгоо нэлээд амжилтад хүрсэн ч хэдэн зуун километр үргэлжлэх фронтын шугамын дагуу мухардмал байдалд үүслээ. Ингэснээр Украин, Оросын цэргүүд хэдэн метр шугамд урагшлах, ухрахын төлөө цуст тулалдаанд орж байна.
Эцэст нь илүү олон хүн, илүү их зэвсэг, илүү том эдийн засагтай Оросыг сунжирсан дайнд ялах арга замыг Украины албаныхан эрэлхийлсээр Киев улс төрийн мөргөлдөөнд хүргэв.
Украинд үзүүлж буй цэргийн тусламжийг үргэлжлүүлэх гадаадын дэмжлэг сүүлийн үед ганхаж байгаа нь Киевийн уур амьсгалыг улам дордуулжээ. Украины улстөрчид цаашид юу хийх төлөвлөгөө гаргахаар цөхөрч байна.
Цэргийнхний гол санаа нь Украины олон иргэнийг цэрэгт татах, Киевийн холбоотнуудаас их бууны сум авахыг шаардах гэж тэд үзэж байна. Харин энгийн албан тушаалтнууд цэрэг дайны зөв төлөвлөгөөг гаргаж өгөхийг шаардаж байгаа бөгөөд Киевт ийм төлөвлөгөө байхгүй гэж сануулж байна.
Украины удирдагчид хагаралдаж байгааг мэдэрсэн Орос улс Залужный, Зеленский хоёрын улс төрийн өрсөлдөөний тухай цуурхал тарааж, Украины холбоотнууд тэмцлээс залхаж байгааг онцлох болов.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Даваа гаригт сэтгүүлчдэд хэлэхдээ, "Украинд хөрөнгө зарцуулах нь мөнгөө агаарт цацахтай ижил байгаа учир тэдэнд улам хэцүү болж байгаа нь тодорхой байна. Бидний хувьд цэргийн тусгай ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Манай эдийн засаг цэргийн тусгай ажиллагааны нөхцөлд дасан зохицож, үргэлжлүүлэх шаардлагатай түвшинд хүрсэн” гэж мэдэгдсэн.
Киевийн дотоод зөрчил олон нийтийг бухимдуулж байна. Украины армийн офицер, Киев хотын зөвлөлийн гишүүн Алина Михайлова "Орос улс яагаад цэрэг-улс төрийн удирдлагыг "цэргийн" болон "улс төрийн" гэж хувааж, өөр хооронд нь тулалдуулахыг хүсч байгааг би ойлгож байна. Энэ бол дайсан Украиныг шийдэмгий ялах цорын ганц арга зам. Гэхдээ бид яагаад тэдний хүссэнийг тэдэнд өгөөд байгааг би ойлгохгүй байна, ойлгохыг ч хүсэхгүй байна" гэж фейсбүүкт бичжээ.
Удирдлагын түвшний хурцадмал байдал
Украины албаны хүмүүс Зеленский, Залужный хоёрын хооронд зөрчилдөөн байхгүй гэж олон нийтэд мэдэгдэж байна. Тодруулбал, Украины парламентын дарга Руслан Стефанчук үүнийг Оросын суртал ухуулга гэж хүртэл мэдэгджээ. Гэхдээ хамгийн сайн суртал ухуулга нь үнэний хэлтэрхийтэй байдаг гэж ярьдаг. Өнгөрсөн сард Украины удирдлагын түвшинд үүссэн хурцадмал байдал "буцалсан".
Залужныйгийн "Экономист" сэтгүүлд бичсэн эссэ нь Киевийн албан ёсны мэдэгдлүүдэд нэвт шингэсэн өөдрөг үзлээс ялгаатай нь бодит байдлыг шулуухан өгүүлжээ. Тэрбээр Оросыг ялагдахаас хол байгааг тодорхой хэлээд "Байрлалын тулаан бол Украины зэвсэгт хүчин болон Киевт асар их эрсдэл дагуулдаг удаан үргэлжилсэн дайн юм" гэж анхааруулав.
Зеленский дайн мухардмалд ороогүй бөгөөд Украинд туслах нь үнэ цэнэтэй зүйл гэдгийг итгүүлэхийг хичээж байгааг ойрын хүрээлэл нь мэдээлжээ. Европын холбоо гуравдугаар сар гэхэд Украинд нэг сая сум илгээнэ гэсэн амлалтдаа хүрээгүй ч Киев холбоотнууддаа илүү их сум нийлүүлэхийг шахсаар байна.
Түүнчлэн украинчуудын цэргийн алба хаах насыг 27-оос 25 болгож бууруулах тухай хуульд Зеленский гарын үсэг зурахаар зэхэж байна. Уг хууль өнгөрсөн зургадугаар сараас хойш ширээн дээр нь хүлээгдэж байгаа юм. Энэ нь илүү олон хүнийг цэрэгт татаж, хоёр жил завсаргүйгээр алба хааж байгаа хүмүүсийг сэлгэх боломжийг олгох аж.
Сонгуулийн улс төр
Гэвч ерөнхийлөгч болон армийн дээд командлагч хоёрын аль ч улс төрийн шууд дайралтыг өдөөхгүй байна. Залужный улс төрийн амбицаа олон нийтэд илэрхийлээгүй. Гэхдээ ард түмний өндөр дэмжлэг нь түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр шийдсэн тохиолдолд Зеленскийн цорын ганц жинхэнэ өрсөлдөгч болгоно.
Украин улс ерөнхийлөгчийн сонгуулийг өнгөрсөн гуравдугаар сард зохион байгуулах ёстой байсан. Гэхдээ Үндсэн хуульд дайны үед сонгууль явуулахыг хориглодог. Зеленский генералууддаа дайндаа анхаарахыг анхааруулж байна. "Улс төрийн янз бүрийн хүчнүүд армийг улс төр рүү шахаж байна" гэж тэрбээр "Sun"-д ярьжээ. Мөн өрсөлдөгч улстөрчдийг асуудлаас зайлсхийхийг уриалж "Дайны үед сонгуулийн тухай санааг түгээх нь хариуцлагагүй хэрэг" гэж хэлсэн байна.
Ерөнхийлөгч асан Петро Порошенкогийн тэргүүлдэг Европын эв санааны нэгдлийн нам нь Зеленский болон Залужный хоёрын зөрчлийг улс төрийн дэмжлэгийг сулруулах зорилгоор ашиглаж байна. Европын эв санааны нэгдлийн хууль тогтоогч Володимир Ариев өнгөрсөн сард хэлсэн үгэндээ, "Батлан хамгаалахын сайд Рустем Умеров нь Залужныйг огцруулах бодолтой байсан" гэж мэдэгдсэн. Украины парламентын Батлан хамгаалах хорооны дэд дарга Мариана Безухла Залужныйг огцруулахыг илэн далангүй уриалж, ирэх жилийн дайны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүйд гомдоллож байна. Үүний хариуд Зеленскийн "Иргэдэд үйлчлэх" намын ахлах гишүүн Дэвид Арахамиа мөн Украины армийг олон нийтийн өмнө шүүмжилсэн.
Ийнхүү Украины улс төрд үүссэн зөрчил нь Киевийг дэмжих гадаадын дэмжлэгийг ганхуулж байна. АНУ-ын Бүгд найрамдах нам Ерөнхийлөгч Жо Байдены Украинд яаралтай тусламж үзүүлэх 61.4 тэрбум ам.долларын хүсэлтийг эсэргүүцэх болсон.
Энэ бол цорын ганц ганхалт биш юм. Европын холбооны Украинд үзүүлэх санхүүгийн тусламжийг Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан хааж байгаа бөгөөд Словакийн шинэ Ерөнхий сайд Роберт Фико улс орноосоо Украин руу зэвсгийн тээвэрлэлтээ зогсоолоо. Нидерландад Гиерт Вилдерс болон түүний популист үндсэрхэг эрх чөлөөний нам өнгөрсөн сард болсон сонгуульд ялсан. Тэд ч бас Украинд үзүүлэх цэргийн тусламжаа зогсоохыг хүсч байна.
ЭХ СУРВАЛЖ: POLITICO
Холбоотой мэдээ