
Террорын эсрэг Хойд Кавказын Дагестан ба Чеченьд явуулсан ажиллагааны улмаас лалын хэт даврагчдын 16 дайчинг устгасан ба хүчний байгууллагын хоёр ажилтан энгийн таван иргэн амиа алдсан байна. Мөн арав гаруй цагдаагийн ажилтнууд шархаджээ.
Дагестанд явуулсан ажиллагааны явцад Москвагийн метронд террорыг зохион байгуулсан, өмнө нь устгагдсан Магомедали Вагабовын бүлгийн нэг дайчин алагдсан байна. Энэ үеэр хэт даврагчдын зэр зэвсгийн хоёр ч агуулахыг илрүүлжээ.
Дараалаад өөр нэг сууринд хоёр дайчинг байранд бүслэн буудалцах явцад тэднийг устгасан байна. Дагестаны Хасавюртын районд устгагдсан дөрвөн террористын нэр хаягийг хууль хяналтынхан тогтоов. Дээрэмчдийн бүлгийн толгойлогч Нариман Сатиев гэгч 1991 онд төрсөн ба тай боксын дэлхийн гурван удаагийн аварга байв. Түүнийг цагдаа нарын ажилтнуудад халдсан хэргээр эрэн хайж байжээ. Сатиевын хамсаатнууд нь Камал Мурзабеков, Арсанбек Султанбеков ба Омарасхаб Абулгасанов нар байсан гэнэ. Энэ хөнөөгдсөн террористууд "Ладе-Приоре" ба "ВАЗ-21014" машин хөлөглөн авто замд цагдаа нартай буудалцсан байв.