БОАЖЯ-наас сар бүрийн эхэнд цаг үеийн болон бусад асуудлаар нээлттэй мэдээлэл өгдөг. Энэхүү ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр /2023.12.06/ боллоо.
"БНСУ-ЫН ЖУУЛЧИН МАЛЧНЫ ХОТТОЙ ХОНИНООС НЭГ ХОНЬ ЗҮСЭЛНЭ"
Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга В.Батчимэг:
-“Монголд зочлох жил”-ийн хүрээнд жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. “Нэг жуулчин-Нэг хонь” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гурван талт хамтын ажиллагааны санамж бичигт БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан нар гарын үсэг зурлаа. Санамж бичигт Бүгд Найрамдах Солонгос Улсаас ирсэн жуулчид Булган аймагт зочлох, тэдний сонирхлыг татах зорилгоор тусгай хөтөлбөр гаргахад Аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой хамтран ажиллах, “1 жуулчин – 1 хонь” хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж, Бүгд Найрамдах Солонгос Улсад энэ талаар мэдээлэл түгээх, сурталчилгаа явуулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ.
БНСУ-аас ирсэн жуулчдад орон нутгийн малчин өрхийн маллаж буй хоттой хониноос тус бүр нэг хонь зүсэлж өгч, тухайн малчнаар хариуцан маллуулах ажлыг зохион байгуулах талаар тусгасан.
Мөн Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны хатуу хог хаягдлын ландфилл болон бохир ус цэвэрлэх байгууламж ашиглалтанд оров. “Хог хаягдлын менежментийг сайжруулах” зорилтын хүрээнд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Харганы амын ил задгай төвлөрсөн хогийн цэгийг нөхөн сэргээж, шинээр 2-р зэрэглэлийн төвлөрсөн хогийн цэг, ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийг тус тус ондоо багтаан улсын комисс хүлээн авахаар ажиллаж байна.
Ирэх 2024 оны эвент арга хэмжээний цагалбар гаргахаар Засгийн газрын гишүүд болон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газруудаас саналыг аван нэгтгэж, Засгийн газрын хуралдаанаар оруулах төслийг боловсруулан ажиллаж байна гэв.
"ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ЗАМЫН ХУР ХОГИЙГ ЦЭВЭРЛЭСЭН"
Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг:
-Тавантолгой-гашуунсухайт чиглэлийн замын эхний хэсэг/0-8км/-т үүссэн хур хогийг цэвэрлэх, газар чөлөөлөх ажлыг гүйцэтгэсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ Монголын уул уурхайн үндэсний ассоциацийнхантай хийсэн “Өглөөний уулзалт”-аар хөндөгдсөн Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн нүүрс тээврийн зам дагуу үүссэн хур хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх ажлыг зохион байгуулсан.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст баг, Ханбогд сумын Хайрхан (Цагаан хад) багийн нутагт ажиллаж Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн 0-8 дахь км хүртэлх авто зам дагуух үүссэн хур хог хаягдлыг цэвэрлэх үүрэг даалгаврыг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “Таван толгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК болон холбогдох автотээврийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад өгч “Нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөө”-ний хүрээнд ажилласан.
Уг хог цэвэрлэгээнд тухайн газарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагын нийт давхардсан тоогоор 500 гаруй иргэн, найман их даацын автомашин, таван ковш ажиллаж, 193 га орчим талбайгаас 8444 тонн орчим хог хаягдлыг цэвэрлэж Цогтцэций сумын хог хаягдлын төвлөрсөн цэгт төвлөрүүлсэн.
Нийтийн эзэмшлийн талбайд байгуулсан стандартын шаардлага хангахгүй 11 нийтийн бие засах газрыг буулгах ажлыг зохион байгуулсан. Дахин ашиглахаар цуглуулсан дугуйны тоо 1450 ширхэг, хаягдал тос тосолгооны материал 4 тонныг цуглуулж тусгай зөвшөөрөлтэй байгууллагад хүлээлгэн өгсөн. Нийт 26 байршилд 29 гэрийг албадан буулгасан байна. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.1.8-д заасан “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон 8000 га талбайг нөхөн сэргээнэ” гэсэн зорилтыг тусгаж 2020 оноос хойш жил бүр 2000 га-аас доошгүй эвдрэлд орсон талбайг нөхөн сэргээх томоохон сорилт бүхий зорилтыг дэвшүүлсэн. Нөхөн сэргээлтийг эрчимжүүлж ажилласны дүнд сүүлийн жилүүдэд буюу 2020, 2021, 2022 онд нийт 6285 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 2086 га талбайд биологийн нөхөн сэргээлтийн ажлыг хийлгэсэн байна
Мөн энэ оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газарт нийт 2346.2 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 512.3 га талбайд биологийн нөхөн сэргээлтийг олборлолтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд хийсэн байна. Үүнээс эвдэрч орхигдсон 1920 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийсэн гэсэн юм.
"ЗАЙСАН ОРШИН СУУГЧИД УНДНЫ УСАНД ШИНЖИЛГЭЭ ХИЙЛГЭХ ХҮСЭЛТ ГАРГАСАН"
Усны газрын дарга З.Батбаяр:
-Төвлөрсөн бус усны эх үүсвэртэй Зайсан орчмын орон сууцны хорооллын ундны усанд нян, халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар-Ecoli, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч-Salmonella, shigella илэрсэн. Мөн нитрат, ионы агууламж ундны усны ерөнхий шаардлага MNS 0900:2018 стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлттэй байгаа тул ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд ундны усандаа шинжилгээ хийлгэх шаардлагатай байгааг анхааруулж байна.
Дээрх нян, халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар (E.coli) илэрч буй нь нүхэн жорлон, бохирын цооног болон ариутгах татуургын системийн найдваргүй байдал, үерийн ус, цасны хайлалт, хөрсний бохирдол зэргээс үүдэлтэй байна.
2023 оны арванхоёрдугаар сарын 5-ны байдлаар 209 аж ахуй нэгж, байгууллагын ус ашиглуулах дүгнэлтийг гаргаж, мэдээллийг салбараар, сав газрын захиргаа, аймаг, нийслэлээр нэгтгэн гаргасан. Ус ашиглуулах дүгнэлтээр урьдчилсан байдлаар 172.0 сая.м3 /жил усанд төлбөр ногдуулсан бол өнөөдрийн 121.6 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна.
Салбараар нь харуулбал, Хөдөө аж ахуйн салбарт 1.7 сая м.куб, уул уурхайн салбарт 122 сая м.куб, хүнд үйлдвэрт 0.2 сая м.куб, эрчим хүчний үйлдвэрлэлийн салбарт 36,3 сая м.куб, хүнсний үйлдвэрийн салбарт 4.8 сая м.куб, барилга, барилгын материал үйлдвэрлэлийн салбарт 2.9 сая м.куб, зам засварын салбарт 0.7 сая м.куб, аялал жуулчлалын салбарт 0.05 сая м.куб, ахуйн үйлчилгээний салбарт 0.8 сая м.куб ус ашиглахаар байна. Аймаг, нийслэлийн усаар хангагч 33 аж ахуйн нэгжид ус ашиглуулах дүгнэлт гаргасан. Усаар хангагч байгууллагуудаас ус ашиглуулах дүгнэлт гаргасан мэдээллийг 2023 оны жилийн эцсийн байдлаар нэгтгэн гаргасан гэв.
Холбоотой мэдээ