Б.Хишигдорж: Намайг болон хүүг маань яллагдагчаар татсан

Хуучирсан мэдээ: 2023.12.06-нд нийтлэгдсэн

LiveБ.Хишигдорж: Намайг болон хүүг маань яллагдагчаар татсан

Б.Хишигдорж: Намайг болон хүүг маань яллагдагчаар татсан
18 : 23
2023-12-6

Б.Хишигдорж: Намайг болон хүүг маань яллагдагчаар татсан

Нүүрсний сонсгол "Эрдэнэс Тавантолгой" ХК нь "Хишигарвин индустрал" ХХК хамтран ажиллаж байсан асуудлын хүрээнд яригдлаа. 

Шинжээчийн дүгнэлтэд:

Нийт 2013-2023 оны хооронд хөрс хуулалт, олборлолтын найман тендерт шалгарч нэг их наяд 441 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан. Нийт есөн удаа гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гурван гэрээ нь төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийг зөрчсөн. Үүнд:

-Тавантолгой ордын Баруун цанхийн хэсэгт хөрс хуулалт хийх үйлчилгээ үзүүлэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, 1 тэрбум 725 сая төгрөг. 2013 оны тавдугаар сарын 1-н.

-Таван толгой ордын Цанхийн баруун хэсэгт уулын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээний нэмэлт өөрчлөлт,139 тэрбум 298 сая төгрөг. 2014 оны зургадугаар сарын 18-н.

-Тавантолгой ордын Цанхийн баруун уурхайд уулын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ- 179 тэрбум 265 сая төгрөг-2017 оны гуравдугаар сарын 09-ний өдөр

УИХ-ын гишүүн Г.ГАНБОЛД:

-“Эрдэнэс Тавантолгой” ХК,  “Хишигарвин индустрал” компани хооронд байгуулсан гэрээнд есөн удаа өөрчлөлт хийсэн байна. Есөн удаагийн өөрчлөлт бол гэрээний хугацаа сунгасан, эс бол гэрээний үнийн дүнг нэмсэн. Ийм л зүйл байгаа. Тендер зарлахдаа асар том шалгуур тавьдаг, түүнд нь хэдэн давуу эрхтэй компаниуд ороод дороо баахан туслан гүйцэтгэгч авдаг. Туслан гүйцэтгэгч нарынхаа мөнгийг өгдөггүй, эсвэл бартерддаг.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагаас асуух гээд байгаа юм. Тендер шалгаруулалтын шалгуураа багасгаж болдоггүй юм уу. Туслан гүйцэтгэгчдийнхээ мөнгийг өгдөггүй хэдэн сар болдог. Есөн удаагийн нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл өгөөч. “Хишигарвин индустрал” компани хэр олон туслан гүйцэтгэгч компанитай вэ. Туслан гүйцэтгэгчтэйгээ 1 м кубыг хэдээр хийж байна вэ.

Хишигарвин индустрал ХХК-ийн ерөнхий захирал Б.ХИШИГДОРЖ:

-Нэгдүгээрт, манайх туслан гүйцэтгэгч авдаггүй, манайх техник ч илүү, хүн хүч ч илүү.  Байнгын сул зогсолттой байдаг. Гэрээнд өөрчлөлт орсон асуудал гэж яриад байх юм би мэдэхгүй. Давуу эрх олгосон гэж яриад байх юм. Шалгаж өгнө биз. Гэрээнээс хасагдсан юм нь ковидын үетэй л холбоотой болов уу. Үнийн уналттай холбоотойгоор ажлыг зогсоож байсан.

Шүүхийн маргаантай асуудал яригдлаа. Он нь буруу явж байна, 2013 оны ажил юм. 2013 онд Баруун цанхи дээр ажил эхлээд явж байтал нүүрсээ яаралтай гаргахгүй бол болохгүй нь гээд биднээр ажил хийлгэсэн. Бид гуйсан юм биш. Үнэ тохиролцоогүйгээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлага гарын үсэг зураагүй байсан. Гэхдээ ажил хийгдсэн тул гурван шатны шүүхээр яваад бид ялсан. Нийт 5 тэрбум гаруй төгрөгийн ажил хийгдсэн байсныг 4 тэрбум гаруй болгон бууруулж, энэ мөнгийг авсан. 2018 онд мөнгөө авсан. Энэ бол зөвхөн манай компанийн мөнгө биш тэр үед бол туслан гүйцэтгэгч орсон, энэ ажлаас болж бид маш их хохирсон.

Хянан шалгагч:

-“Хишигарвин индустрал” компанийн гэрээний нэмэлт хийсэн хугацааг он дарааалалтай нь хэлье. 2013 оны хоёрдугаар сарын 5-нд гэрээнд “1 м куб уулын цулын ажил 7995,9 төгрөг гэж 1 тэрбум 727 сая 115 мянган төгрөг.

2013 онд 0536 гэрээнийн эмэлт гэрээ байгуулсан. Машин механизмын түрээсийн үнийг гэрээний хасвралтаар баталсан. 1 м куб уулын цул ажлыг 7954.2 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Гэрээний хугацааг сунгасан.

2018 онд уулын цулын ажлыг 6475 төгрөгөөр хийнэ гэж 30 сая төгрөгийн гэрээ байгуулсан.

2019 онд гэрээний нэмэлт нэг жилийн дотор дөрвөн удаа үнийг нэмсэн байна. Ковидын үеийн гэрээний нэмэлт.

УИХ-ын гишүүн М.ОЮУНЧИМЭГ:

-Танай компани 2011-2021 оны хугацаанд хөрс хуулалт болон олборлолт дээр найман удаа шалгарч ажиллажээ. Энэ хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн олон ч захирал солигдсон. Учирч байсан хүндрэл юу байсан бэ. Улс төр их байв уу, эсвэл бүлэглэлүүдийн сонирхол байдаг уу?

“Хишигарвин индустрал” ХХК-ийн ерөнхий захирал Б.ХИШИГДОРЖ:

-Тендертэй холбоотойгоор зовлонтой асуудлууд их байсан. Улс төр ч ордог, ялангуяа сүүлийн жилүүдэд. Г.Ганболд гишүүн ярилаа. Олон компанид хувааж өгч болдоггүй юм уу гэлээ.  Яг энэ маягаар тав болсон, 2018 оноос. Хугацаа гурван жил болсон. Урьд нь нэг жилээр зарладаг байсан. Хамгийн том асуудал нь төлбөрийн асуудал. Манайх жил болгон үлдэгдэлтэй гардаг. 2013 онд 54 тэрбум аваагүй, 2014 онд 63 тэрбум, 2015 онд 52 тэрбум, 2016 онд 23 тэрбум, 2017 онд 16 тэрбум, 2018 онд 12 тэрбум, 2019 онд 14 тэрбум, 2020 онд 23 тэрбум, 2021 онд 44 тэрбум, 2022 онд 33 тэрбумын үдэгдэл байсан. Одоо бол төлбөрөө барагдуулж дууссан, нүүрсний үнэ өндөр байгаатай холбоотой байх.

2013 онд бид хамгийн хямд үнэ санал болгосон. Монгол уурхайчид хийж чаддаг юм гэдгийг үзүүлсэн. Түүний хүчинд “Эрдэнэс Тавантолгой” компани мөнгөтэй болж, цалингаа тавьж чаддаг болсон. Гэтэл одоо үнийн өсөлт юу болж байгаа билээ. Тэр үеийн түлш 1000 гаруй төгрөг байсан бол өнөөдөр 4500 гарсан. Өөрийн техниктэй байсан тулдаа үнийг хямдруулж чадсан.

Би “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаас төлбөрөө л нэхэж ордог. Зарим захирал нь  бүр зугатдаг. Манай компани 100 хувь ажлаа хийдэг байсан, тэгсэн хэрнээ төлбөр төлдөггүй.

УИХ-ын гишүүн М.ОЮУНЧИМЭГ:

-Төрийн албан тушаалтнуудаас авлига хахууль нэхсэн асуудал байсан уу. Б.Ганхуягтай холбоотой таны нэр ус дурдсан зүйл гарсан. Ийм зүйл байгаа юу?

“Хишигарвин индустрал” ХХК-ийн ерөнхий захирал Б.ХИШИГДОРЖ:

-Тийм юм бол байхгүй. Аль ч захирлуудын үед. Олон жил тендер авсан гэдэг утгаар шалгаж байгаа болов уу. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд гарын үсэг зурсан учраас хамаагүй ярьж болохгүй байна. Үнэн зөвөөр шийдэгдэх байх гэж найдаж байна.

Сонсгол даргалж буй Хууль зүй дотоод хэргийн сайд Б.ЭНХБАЯР:

-Та болоод таны хүү ямар гэмт хэрэгт буруутгагдаад байгаа вэ?

-Манай хүүг ч яллагдагчаар татсан, намайг ч яллагдагчаар татсан. Авлигатай тэмцэх газраас намайг нэг байцаагаад гарын үсэг зуруулаад янз бүрийн юм ярьж болохгүй гэсэн.

Сонсгол даргалж буй Хууль зүй дотоод хэргийн сайд Б.ЭНХБАЯР:

-“Эрдэнэс Тавантолгой” ХК ийн удирдагуудад хахууль өгсөн асуудал мөн үү.

“Хишигарвин индустрал” ХХК-ийн ерөнхий захирал Б.ХИШИГДОРЖ:

-Тэгж ойлгож болно, гэхдээ хахууль өгөөгүй. Ингээд явахаар байцаалт шиг л байна л даа.

 

16 : 40
2023-12-6

С.Ганбаатарын болчимгүй үгнээс болж, Түр хорооны гишүүд гэрчдээ загнуулав

УИХ-ын гишүүн С.ГАНБААТАР: 

-Тавантолгойн ордын 95 орчим хувь дээр үйл ажиллагаа явуулдаг, ард түмний өмч болсон баялаг дээр улстөрчид, сайд, дарга нар цөм цөм хулгай хийсэн асуудлыг ярьж байна. Тэдний гар хөл болсон гэж үзэж, та нарыг гэрчээр дуудсан, Ноцтой олон зүйл байна. Хамгийн их анхарал татсан нь тендер шалгаруулалтгүйгээр шууд гэрээ байгуулсан дөрөв. Энэ нь нийтдээ 2 тэрбум 11 сая 326 мянган төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулсан байна. Энэ гэрээн дээр гарын үзсэг зурсан хүн нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг байна. 2021.04.09-нд гэрээ байгуулах эрх олгох тухай гээд гарын үсэг зурсан байна. Бүгдийг Б.Ганхуяг гэдэг хүн мэдсэн байна. Одоо та нараас юм асуувал гүйцэтгэх захирал руугаа л ярих байх. Чиглэл өгсөн, тэр хүн гарын үсэг зурсан баталгаажуулсан гэх байх.

ГЭРЧ:

-Бид нарыг гэрчээр дуудсан. Үнэлгээний хороонд орж ажилласан юм байна, гэрчийн мэдүүлэг өгөөч гэж дуудсан. Бид нар 2020 онд Үнэлгээний хороонд орж ажилласан хүмүүс байна. Бусад үнэлгээний хороонд орж ажиллаагүй. Ямар ч мэдээлэлгүй байна. Үнэлгээний хорооны гишүүд нь авлига аваад буруу тендер сонгон шалгаруулалт хийчихээд гэрчээр дуудаад байгаа юм уу. Асуудал нь тодорхойгүй. Шууд нэвтрүүлэг явж байна. Бид нар гэрчээр ирээд суучихсан. Гэтэл “Гэм буруутай” гэж Түр хорооны гишүүн хэлж байна ш дээ. “Гүйцэтгэх удирдлагын гар хөл болоод гүйцэтгэх удирдлага та нарыг хий гэж байгаад зуруулчихсан. Одоо та нар гүйцэтгэх удирдлага мэднэ гэж хариулах байх” гээд. Ийм хариуцлагагүй зүйл ярьж болохгүй ш дээ. Бид нар зүгээр мөрөөрөө ажлаа хийгээд явж байсан хүмүүс.

Үнэлгээний хороо хараат бусаар тендерээ үнэлээд сонгон шалгаруулалт хийгээд өгдөг. Түүнийг дотоод хяналтын нэгж давхар шалгаад тэрийг үндэслээд гүйцэтгэх удирдлага гэрээ байгуулах эрхийг олгож байгаа. Жил бүр аудит орж, бүх тендерийг шалгаад дүгнэлт гаргаж байгаа. Зургаа долоон удаагийн гэрээ байгуулсан Үнэлгээний хорооны гишүүдийг төлөөлөөд зөвхөн нэг л Үнэлгээний хорооны гишүүд ирсэн байна. Ямар асуудалд буруутай, юуг тодруулж өгөхөөр төлөөлж ирсэн талаар мэдээлэл байхгүй. 2021 оны тендер дээр Гүйцэтгэлийн баталгаа байхгүй гэдэг зүйл ярьж байна. Гүйцэтгэлийн баталгааг гүйцэтгэх захирал гэрээ байгуулахдаа хянаж шалгах ёстой. Үнэлгээний хороо хоёр удаа зарлаад амжилтгүй болоод гурав дахь удаа нь ахиж шууд гэрээгээр нээлттэй зарлаад үнэлгээ хийгээд Үнэлгээний хорооны олонхийн саналаар дээшээ танилцуулж байгаа шүү дээ. Шинжээчид, Түр хорооны гишүүд мэдээлэлтэй, бодитой ярихгүй бол “гар хөл нь болж байна гэж үзэж байна” гэдэг зүйл яриад сууж байна ш дээ” гэв.

Сонсгол даргалж байгаа Хууль зүй дотоод хэргийн сайд Б.ЭНХБАЯР:

-Саяын гэрч залуугийн хэлж байгаа санал шүүмжлэлийг анхаарч үг хэлэндээ тусгаж ажиллахыг хүсье.

 

 

 

 

15 : 49
2023-12-6

Б.Энхбаяр: Б.Ганхуягийг хордуулсан асуудлыг Эрүүгийн цагдаа нар шалгаж байна

Нүүрсний сонсгол үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Ж.ГАНБААТАР:

-Түр хорооны дарга Б.Энхбаяраас асуухад Б.Ганхуягийг нүүрсний сонсголд гэрчээр дуудсан гэж ойлгосон. Гэтэл ирсэнгүй, өр гэр нь өнөөдөр надад хандлаа. Б.Ганхуяг өөрөө “Миний бие нүүрсний сонсголд өөрийн биеэр оролцох хүсэлтэй байна. Чингэлтэй дүүргийн шүүх дээр таны сонсголыг хүлээгээд сууж байна” гэжээ. Мөн Б.Ганхуягийг хордуулсан гэдэг асуудал яригдаж байна. Баасанжаргал гэж хүний гарын үсэгтэй, лабораторийн сорилтын тайланг ар гэрийнх нь зүгээс надад өгсөн.  9200 дахин хүчтэй цианитаар хордуулсан байна гэж… Б.Ганхуяг гэдэг хүн буруутай зөрүүтэйг нь мэдэхгүй. Хамгийн гэм буруутай гэж ойлгогдсон Б.Ганхуягт том сайд, дарга нар, Ардын намынхан захиалга өгсөн гэх үү тэрийг би бас мэдэхгүй. Гэхдээ бид асуух үүрэгтэй. Асуух асуулт ч байна. Яагаад нүүрсний сонсголд түүнийг биечлэн оролцуулахгүй байгаа юм бэ?

Сонсгол даргалж буй Хууль зүй дотоод хэргийн сайд Б.ЭНХБАЯР:

-Хуулиараа бол түр хорооны гишүүн шинжээч, гэрчээс асууна гэж байгаа. Түр хорооны гишүүн, Түр хорооны гишүүнээсээ асуух ёсгүй. Гэхдээ би хариулъя.  

Б.Ганхуягийг гэрчээр орлцууулах Түр хороны тогтоол гарсан. Түр хорооны тогтоолыг арваннэгдүгээр сарын 29-нд явуулсан. Б.Ганхуяг нь шүүхийн шийдвэрээр цагдан хоригдож байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, иргэн хэн боловч шүүн таслах үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хориглосон байдаг.

Шүүхийн шийдвэрийг шүүх л хүчингүй болгох хуультай. Сайдын хувьд ч тэр, түр хорооны даргын хувьд цагдан хорих байрнаас өөрөө авч ирэх боломжгүй байгаа. Үндсэн хуульд заасан шүүгчийн шийдвэрийг хүчингүй болгосон үр дагавар яригдахаар байгаа. Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг болохоор байгаа. С.Ганбаатар гишүүн өөрөө мэдэж байгаа байх. Ар гэрийнх нь төлөөлөл өчигдөр надад мессеж ирүүлсэн. Хортой бодисоор хордуулсан гэдэг асуудлаар байнга өргөдөл өгдөг. Ноцтой асуудлаар хандсан учраас Эрүүгийн цагдаагийн газарт хандаж, шалгуулж байна. Шалгалтын дүн гарангуут олон нийтэд нээлттэй мэдээлнэ.

12 : 49
2023-12-6

Б.Энэбиш: Шударга бусын хонгил руу чихэх гээд байсан учраас гадаадад амьдарсан

Австралийн “Макмахон Лимитед”, Германы “ББМ Оперта” компанитай гэрээ байгуулан ажиллахыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс тус компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбишид үүрэг болгосон байна. Энэ дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2011 оны есдүгээр сарын 29-нөөс “Макмахон Лимитед”, Германы “ББМ Оперта” компанитай компанитай хамтран ажиллах болжээ. Хамтран ажиллах гэрээг таван жилийн хугацаатай байгуулсан.

Гэвч тус консерциум нь 2012 оны гуравдугаар сарын 25-нд эрх шилжүүлэх гэрээгээр “Ти ти жи ви си өү”-д эрхээ шилжүүлэх хүсэлт гаргасан байна.

“Ти ти жи ви си өү” 2012 оны аравдугаар сарын 2-нд үүсгэн байгуулагджээ.

Эрх шилжүүлэх гэрээг “Эрдэнэс Тавантолгой” ХК ийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш зөвшөөрч байгаа талаарх хариу албан бичиг хүргүүлсэн байна. Улмаар “Ти ти жи ви си өү” ХХК нь 2012 оны сүүлээс эхлэн Тавантолгой ордын Цанхийн зүүн талбайд нүүрс олборлох болсон. Нийтдээ “Ти ти жи ви си өү” ХХК нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай  2012-2023 оны хугацаанд гурван удаагийн гэрээ байгуулан, ажиллаж буй юм байна.

Анхны гэрээг 2011 онд, хоёр дахь гэрээг 2015 онд, гурав дахь гэрээг 2021 онд байгуулсан. Эхний гэрээгээр 64,3 тэрбумын гэрээ байгуулсан. Хоёр дахь гэрээгээр Уул уурхайн хамтын ажиллагааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. 1.4 их наядын гэрээ байгуулсан. Гурав дахь гэрээгээр 2.2 их наядын гэрээ байгуулсан. Өнөөдрийн байдлаар 943.7 тэрбумын санхүүжилт авчээ.

Нийтдээ гэрээний дүн нь 3.7 их наяд юм байна.

Хоёр дахь гэрээ 2015 оны есдүгээр сар хүртэл үргэлжилсэн.

Энэ хугацаанд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулагдаж, шалгалт хийгээд “Ти ти жи ви си өү” компанийн олборлолтын үнэ өндөр байгаа тул үндэсний компанийн адил үнэтэй болгох ёстой гэсэн чиглэл өгсөн байна. Гэвч эл шийдвэр хэрэгжээгүй. Мөн "Эрдэнэс Тавантолгой" ХК ашиглаж байсан тоног төхөөрөмжөө өөр компанид шилжүүлсэн, мөн шууд худалдан авалт хийсэн зэрэг нь хууль зөрчсөн гэж шинжээч мэдэгдсэн юм. Эл асуудалд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анхны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Энэбиш болон түүний дараа тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Я.Батсуурь нар сонсголд гэрчээр оролцож тайлбар хийлээ.

Гэрч Б.ЭНЭБИШ:

-“Эрдэнэс Тавантолгой” ХК ийн анхны захирал учраас бүх юмны эхлэлийг дэлгэрэнгүй ярих завшаан тохиолдлоо.

Миний хувьд “Эрдэнэс Монгол” компанийн заирлаар 3 жил, “Эрдэнэс Тавантолгой” ХК ийн захирлаар хоёр жил ажилласан. 2012 оны аравдугаар сард ажлаа өгсөн. намайг ажиллаж байх үед Оюутолгой, Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах УИХ, Засгийн газрын  шийдвэр гарсан.

Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа “Эрдэнэс Монгол” компани нэг жилд 1 сая тонн нүүрс боловсруулах ТЭЗҮ батлуулаад эхлүүлэх гэж байтал баруун Цанхи дээр стратегийн хөрөнгө оруулагч дээр хэлэлцээ хийнэ.

Зүүн цанхи дээр өөрсдөө ажлаа эхлүүл, олон улсын тендер зарла, гэрээт олборлогч шалгаруулж ав. Хүний хөгжлийн санд 312 тэрбум төгрөгийн орлого оруулах ёстой гэсэн үүрэг өгсөн.

Төрийн өмчит компани учраас хөрс хуулалтаа хийгээд “Эрдэнэс Тавантолгой” ХК компанидаа бүх үйл ажиллагаагаа шилжүүлсэн. Тендер зарлаад уул урхайн тоног төхөөрөмж аваад, хөрс хуулалт болон олборлолтын ажил эхлүүлсэн. Хөрс хуулалтын ажлын үр дүнд нүүрсээ экспортод гаргах боломжтой болсон. Хятадын “Чалько” компанитай нүүрс борлуулалтын гэрээ байгуулсан. Энэ гэрээний үндсэн дээр 250 сая ам.долларыг жилийн 3 хувийн хүүтэйгээр урьдчилгаа төлбөр болгон авсан.  Нэмээд 100 сая ам.долларыг 5-7 хувийн хүүтэй авсан. Нүүрсний урьдчилсан борлуулалт хэлбэрээр авсан. Хүний хөгжлийн санд асар их хэмжээний мөнгө оруулах шахуу үүрэг даалгавартай учраас “Эрдэнэс Тавантолгой” ХК эхний ээлжинд өөрсдөө ажилласан. Австрали, Германы консерциум шалгараад шууд гэрээний аргаар холбогдох хэлэлцээг хийгээд ажлыг нь эхлүүлсэн.  Консерциум ажлаа эхлүүлсэн тул “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн худалдан авсан тоног төхөөрөмжөө яах вэ гэдэг асуудал үүссэн. Манай ажилтнууд зүүн Цанхид ажиллахгүй учраас ашиглаж байсан тоног төхөөрөмжийг яах вэ гэдэг асуудал үүснэ. Тийм учраас 31 тэрбум төгрөгийн үндсэн тоног төхөөрөмжийг шилжүүлсэн.

Намайг ажлаа өгсний дараагаас өмнөхөө үгүйсгэдэг дэг жаягийн дагуу хийсэн ажлуудыг маань харлуулж эхэлсэн.

2008 оны УИХ-ын сонгуульд МАН, АН хоёр өрсөлдөхдөө нэг нь нийт иргэдэд 1.5 сая төгрөг бэлнээр, нөгөө нь 1 сая төгрөгтэй тэнцэх хувьцаа олгоно гэдэг амлалттай ороод УИХ, Засгийн газрын төвшинд энэ хоёр ордыг эхлүүлье гээд тухайн ажлыг хариуцаж байсан хүмүүсийн мөрөн дээр буусан. УИХ, Засгийн газрын  тогтоол шийдвэрийг зөрчсөн нэг ч зүйл байхгүй. 30, 40 тогтоол шийдвэр байдаг. Миний удирдсан хамт олон маш амжилттай биелүүлсэн байдаг юм. Тухайн үеийн амжилт нь “Эрдэнэс Тавантолгой”, 400 орчим тэрбум төгрөгийг 2011-2012 онд Хүний хөгжлийн санд оруулсан. Хувь нийлүүлэгчийн өмнө үүргээ биелүүлсэн. Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах үүд хаалгыг нээсэн. Гэвч 2013 оноос над руу хандсан шүүмжлэл гарсан. Эрүүгийн цагдаагийн газар, Авлигатай тэмцэх газар шалгасан. Манай охин төрөх дөхөөд Австрали руу явсан хойгуур хэвлэлээр баахан асуудал гарсан. “Чалько”-гийн гэрээг буруу байгуулсан гэдэг. Нөхцөл нь сайн байсан уу, муу байсан уу гэдгийг цаг үе харуулсан. Гуйвуулж мушгисан ойлгоогүй хүмүүсийн яриа зөндөө байдаг.

60 тоннын даацтай, 10 машин нь эвдрээд байна гэдэг. Тендерийн хуулийн дагуу хүнд даацын машинуудаа байнга сольж байх ёстой. 2000-3000 км яваад сольж байх ёстой. Буруу дугуй авсан гэдэг. АТГ дээр асуудал үүсгэгдсэн юм билээ. Тухайн үед би гадаадад байсан. Австралиас Монголд ирэх гэсээр байтал зургаа, долоон сар өнгөрч,  намайг хэлмэгдүүлэх шинж тэмдэг илт ажиглагдсан. Шударга бусын хонгил гэдэг юм байгуулагдсан гэж ярьдаг биз дээ. Тэр лүү орох гэж байгаа учраас гэр бүлтэйгээ гадаадад амьдарсан. Гэхдээ тэр жилүүдэд хуулийн байгууллагаас над руу нэг ч удаа хандаж байгаагүй. Би хуульч мэргэжилтэй. Манай эцэг эх рүү ч хандаж байгаагүй хуулийнхан.

Намайг оргон зайлсан гэж ярьдаг. Би оргон зайлаагүй. Шударга бусын хонгил руу чихэгдэх гээд байсан учраас гадаадад байхаас аргагүй болсон.  Гурван жилийн өмнө Монголдоо ирсэн.

“Чалько” компанийн талаар байгуулсан гэрээний талаар дэлгэрэнгүй ярьж болно. 10 машиныг төлөвлөгөө биелүүлэх гэж л авсан, Тендерийн хууль зөрчсөн зүйл байхгүй. Цанхийн баруун уурхайд ашиглах гэж байсан. Дугуйг нь ашиглаад үндсэндээ дуусч байгаа юм билээ. Монголын том уул уурхайн ажлыг эхлүүлсний төлөө хилс хэрэгт гүтгэгдэж байсан хүн.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-д эзэн суух гэсэн бүлэглэл гарч ирсэн

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар ажиллаж байсан, гэрч Я.БАТСУУРЬ:

-Би 2012-2015 оны хугацаанд 2.4 жил “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар ажилласан. Тухайн үед компанийн ажил эхэлчихсэн Зүүн цанхийн уурхайг нээчихсэн. Гарсан нүүрсээ “Чалько”-гийн өрөнд төлдөг байсан. Баруун цанхийн уурхайг нээх ажиллагааг эхлүүлсэн. Үндэсний олборлогч компаниудын дунд нээлттэй тендер зарласан. Тухайн үед монголчууд зам тавьж чаддаггүй, байшингаа ч барьж чаддаггүй, хятадаар бариулдаг гэж шүүмжлүүлдэг байсан үе.  Үндэсний гурван компани орж ирсэн. Хямд үнэ хэлсэн, бүгдийг нь оруулсан. Хүчин чадлаа нэмэгдүүл, ахиухан олборло гэсэн. Баруун цанхийн уурхайд 6400-гаар орж байсан. Нэг тонн нүүрс 10 хэдэн ам.доллараар гараад ирсэн. Нүүрсний зах зээлийн үнэ огцом унасан. “Чалько” компанитай байгуулсан гэрээнд нүүрсний үнэ индексээр унахаар байсан.  

Зүүн Цанхийн олборлолт алдагдалтай ажиллах болсон учраас  зогсоож, баруун Цанхиа ажиллуулсан. Нүүрсээ уурхайн ам нөхцөлөөр зарж эхэлсэн. Үндэсний компаниуд олборлоод гүний гааль байгуулаад маш өндөр ашигтай ажиллаж эхэлсэн.

Компани нүүрсээ пүүлээд зардаг. Цагаан хадыг хаалгасан. Асар их хэмжээний зардал гардаг. Хятадын компаниуд манай нүүрсний үнийг унагаж, ачаад байсныг зогсоосон. “Эрдэнэс Тавантолгой” ХК иймэрхүү менежмеэнтээр явах ёстой гэж боддог хүн. Одоо бол өөрөөр явж байгаа юм билээ. Баруун цанхи ашигтай ажиллаж байгаа учраас бүх компанийн зардлаа оруулахад 10 хэдэн долларын зардал гардаг. Шинжээчийн дүгнэлт буруу явсан. 2016-2017 онд алдагдалтай ажилласан гэж буруу явж байна. “Чалько”-д төлөх байсан өрийг алдагдал, зардал гэж харуулдаг. Нэг ч жил алдагдалтай ажиллаагүй. Зүүн цанхи дээр оператор компани авсныг буруутгаад байна. Хувьцаагаа олон улсын хөрөнгийн зах зээл дээр гарга гэдэг байсан. Барууны өндөр хөгжилтэй оператор компани авахаас аргагүй байсан. Ийм учраас авсан. Зах зээл дээр нүүрсний үнэ унасан унасан ч баруун Цанхи дээр үндэсний компаниуд ашигтай ажиллаад байсныг буруутгаад байна. Үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Тухайн үед санаж л байгаа байх. "Эрдэнэс Таватолгой" ХК д эзэн суух гэсэн сонирхол томоохон бүлэглэлүүд гарч ирсэн. “Төрийн компани нүүрс ухдаггүй, захирал нь шоронд ордог юм аа” гэдэг PR-г хүчтэй хийх болсон.

2014 оны аравдугаар сард Хятадын компанийг 100 жилийн хугацаатай оруулах ажил эхэлсэн. Би эхний ажлын хэсгийн хурал дээр нь энэ шийдвэрийг эсэргүүцсэн. Долоо хоногийн дараа намайг тэр ажлын хэсгээс хассан. Сарын дараа хорьсон.

Гурван сарын дараа “Шинхуа Энержи” компанийг 99 жилийн хугацаатай оруулах гэрээ УИХ дээр орж ирсэн. Нүүрсний томоохон бүлэглэлийн үйл ажиллагаа явах болсонтой  холбоотойгоор Б.Энэбиш захирал болон над дээр эрүүгийн хэрэг үүсгэсэн.

11 : 01
2023-12-6

“Эрдэнэс Тавантолгой” ХК 3.1 их наядын өртэй байна

“Эрдэнэс Тавантолгой” ХХК найман тусгай зөвшөөрөл эзэмшдэг, энэ нь  68.3 мянган га газар хамаардаг. 2011 онд Тавантолгой ордыг 7.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэж үзсэн. 2018 онд нэгтгэл нөөц гаргаж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан. Энэхүү цэвэр нөөцийг 6.3 тэрбумаар тогтоосон байна.

Нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад оруулаагүйгээс нүүрсийг сорчлон олборлож байна. Олборлосон нүүрсний 92 хувь нь коксжих нүүрс байна.

Санхүүгийн байдлыг авч үзвэл 2023 оны есдүгээр сарын байдлаар тус компани 19.3 их наядын хөрөнгөтэй, нийт 3.1 их наядын өртэй байна. Энэ хугацаанд 6.7 их наяд орлого олсноос, татварын дараах цэвэр ашиг 2.7 их наяд төгрөгт хүрсэн байна.  Мөн 2.5 их наядыг татварт төлжээ. Түүнчлэн 10.4 их наядын худалдан авалтын гэрээ байгуулсан байна.

10 : 10
2023-12-6

Өнөөдрийн нүүрсний сонсголоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нүүрсний сонсгол өнөөдөр /2023.12.06/ гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Сонсголоор өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаарх ерөнхий танилцуулгыг сонсоно. Энэ хүрээнд 87 гэрчийг дуудсан байна.

  1. “Ти ти жи ви си өү” ХХК;
  2. Цанхийн хэсгийн ашиглалтын хайгуулын өрөмдлөгийн 13000 тууш метр ажлыг хийж гүйцэтгэх /Эрдэнэдрийлэнг ХХК/;
  3. Оффисын байр түрээслүүлэгчийг шалгаруулах;
  4. Автогрейдер (CAT14M) дүйцэхүйц худалдан авах /Барловорлд монголиа ХХК/;
  5. Micromine эсхүл түүнтэй дүйцэх программ нийлүүлэх, 2018 оны update хийх;
  6. Тавантолгой ордын Цанхийн баруун уурхайд уулын ажил гүйцэтгэх үйлчилгээ үзүүлэх Багц 1 Уулсын ажил, өрөмдлөг тэсэлгээ /Хишигарвин индустрал ХХК, Олборлолт ХХК/;
  7. Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх /Чин хутаг өндөр ХХК шалгарсан/ 2019;
  8. Цанхын баруун уурхайн нүүрс ачилт хийх гүйцэтгэгчийг шалгаруулах /“Мултипак” ХХК/

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж