Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга В.Энхбаатартай ярилцлаа.
-Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулалт, худалдааны чиглэлээр дагнасан, мэргэжлийн байгууллага байгуулах эсвэл татан буулгах шийдвэр удаа дараа гаргаж байсан. Танай байгууллагын хувьд энэ оны эхээр байгуулагдсан. Үндсэн, үүрэг чиглэл юу байх вэ?
-Монгол Улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжих, гадаадын хөрөнгө оруулагчдад төрийн үйлчилгээг нэгдсэн байдлаар хүргэх, мэргэжлийн туслалцаа үзүүлдэг байгууллагыг сэргээн байгуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг сэргээх, өргөжүүлэх, “Шинэ сэргэлтийн бодлогo”-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөгжлийн төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэл болон бусад хэлбэрээр хэрэгжүүлэхэд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт чухал шаардлагатайг онцолж байна. Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын дийлэнх хувь нь уул уурхайн эрэл хайгуул, олборлолт, газрын тосны салбарт байна. Эдийн засгийн уул уурхайн бус салбаруудыг дэмжих, эдгээрт хөрөнгө оруулалтыг татах, хөгжүүлэхэд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, тогтвортой, таатай байлгах шаардлага байна. Эдгээр төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалтыг татах стратеги боловсруулж, хөрөнгө оруулагчдад төрийн үйлчилгээг нэг цонхоор хүргэж, дэмжиж ажиллах шаардлага бий болоод байна.
Манай байгууллагын хувьд гол чиг үүргүүд нь гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, татах, хөрөнгө оруулалтыг нутагшуулахад мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх, хөрөнгө оруулалтыг хамгаалах, худалдааг дэмжих хөнгөвчлөх бодлогыг хэрэгжүүлэх юм.
Хөрөнгө оруулалт, худалдааны газар байгуулагдсанаар хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах, зорилтот улс, бүс нутаг, эдийн засгийн салбар, тэргүүлэх чиглэлээр хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, дэмжлэг үзүүлэх, худалдааны эргэлтийг сайжруулах, импортыг орлох салбарыг хамгаалах, экспортыг дэмжих, эдийн засгийн төрөлжилтийг гүнзгийрүүлэх, худалдааг хөнгөвчлөх, цахим нэг цонхны үйлчилгээ үзүүлэх, хөрөнгө оруулалт, гадаад худалдааны нэгдсэн мэдээллийн сан үүсгэх нөхцөл бүрдэж байна. Мөн төрийн бодлого, үйлчилгээг чанар стандартад нийцүүлэн оновчтой, хүртээмжтэй, богино хугацаанд хүргэх, хөрөнгө оруулагч, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн түвшинг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалт, худалдааны үйл ажиллагаа нэгдсэн зохион байгуулалтаар хангагдах юм.
-Монгол Улс хөрөнгө оруулагчдыг эх орондоо дуудаж байгаа энэ үед танай байгууллагын хүлээх үүрэг хариуцлага өндөр байгаа байх. Хөрөнгө оруулагчид руу чиглэсэн ямар ямар ажлууд хийж байна. Монгол Улс үнэхээр хөрөнгө оруулагчдад ээлтэй байх хууль эрх зүйн орчин, дүр төрхийг бүрдүүлж чадаж байна уу?
–Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт тодорхой хэмжээгээр буурсан. Үүнд цар тахал болоод дайны нөхцөл байдал тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх. Дэлхийн улс орнуудын болоод Монгол Улсын эдийн засаг тогтворжиж байгаа энэ үед гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг идэвхижүүлэхэд анхаарч ажиллаж байна. Хөрөнгө оруулалтыг татахын тулд хууль эрх зүйн таатай орчныг нь бүрдүүлж, тэдний хуулиар олгогдсон эрх ашгийг хамгаалах нь чухал. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон, хуулийн зөрчилтэй асуудлууд гарч, энэ чиглэлийн гомдлууд ч нэлээд бүртгэгдсэн. Тиймээс өмнө нь гаргаж байсан алдаа, дутагдлаа засахын тулд Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн иргэн, АНН-үүдийг, бүх талаар дэмжиж ажиллахыг зорьж байна. Цаашид Монгол Улсыг хөрөнгө оруулалтад ээлтэй, хөрөнгө оруулалтын таатай орчинтой улс гэдэг дүр төрхийг бий болгож, олон улсад эх орноо сурталчлахыг зорьж байна.
Төрийн байгуулагууд хоорондоо нягт уялдаа холбоотой ажиллаж чаддаггүй байсан нь өнгөрсөн үеийн бас нэг алдаа байсныг үгүйсгэхгүй.
Тиймээс хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн бариад байгаа, хууль батлагдвал эрх зүйн илүү таатай орчин бүрдэнэ. Цаашлаад, Засгийн газар болоод гадаадын хөрөнгө оруулагчдын гүүр болж ажиллах мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааг дахин сэргээж ажиллуулж байгаа нь хөрөнгө оруулалт, худалдааны эргэлтэд чухам алхам болсон. Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалахын төлөө дорвитой анхаарч ажиллана. Хөрөнгө оруулалттай холбоотой ямар нэгэн гомдол маргааныг шүүх болоод арбитраар шийдвэрлүүлэхэд цаг хугацаа шаардагдахаас гадна өртөг өндөр байдаг. Тиймээс асуудлыг шүүх, арбитрын түвшинд очихоос өмнө аль болох богино хугацаанд хурдан, шуурхай шийдвэрлэх механизмыг олон улсад ашигладаг.
Бид ч хөрөнгө оруулагчдын гомдол маргаантай асуудлыг шийдвэрлэх зохистой механизмыг бүрдүүлэхээр ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах зөвлөл байхаар тусгагдсан бөгөөд ийм механизмыг Олон улсын санхүүгийн корпораци зэрэг мэргэжлийн туршлагатай байгууллагуудын арга зүйн туслалцаатайгаар нэвтрүүлэхээр ажиллаж байна.
-Гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсад компани байгуулж, үйл ажиллагаа явуулахад олон төрлийн бичиг баримт бүрдүүлэхийн тулд төрийн байгууллагуудын үүдийг олон удаа татах шаардлага тулгардаг. Төрийн үялчилгээг ойртуулах, нэгтгэхэд хэрхэн анхаарч байна?
-Хөрөнгө оруулалт, худалдааны газар гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан нэг цэгийн үйлчилгээг дэргэдээ ажиллуулж байна. Гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсад ирж компани байгуулахад шаардлагатай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээ, оршин суух болоод визний асуудалтай холбоотой үйлчилгээнүүд болоод татвар, нийгмийн даатгалын байцаагч зөвлөхүүд үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө мэдээлэл хүргэж байна. Нэг ёсондоо бизнесийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг манай байгууллагаас бүрэн үзүүлж байна. Мөн гадны хөрөнгө оруулагчдаас нэмэлт үйлчилгээ үзүүлэх санал байвал түүнийг нь хүлээн авч, нэг цэгийн үйлчилгээндээ нэвтрүүлэх боломжтой.
-Эдийн засгаа солонгоруулах талаар олон жил ярьж байгаа боловч өнөөдрийг хүртэл уул уурхайн хөрөнгө оруулалт жин дарж байна. Уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах чиглэлд хэрхэн анхаарч байна?
-Уул уурхайн хөрөнгө оруулалт жин дарж байгаа нь үнэн. Гэхдээ энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэхгүй, энэ салбарт хөрөнгө оруулалтыг дэмжихгүй гэсэн үг биш. Уул уурхайн бус салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, идэвхжүүлж, эдийн засгаа солонгоруулах зорилтын хүрээнд ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд уул уурхайн бус салбараа сурталчлан таниулах, дэмжих талаар онцгой анхаарч ажиллана. Монгол Улсад уул уурхайгаас гадна сэргээдэх эрчим хүч, аялал жуулчлал, хөдөө аж ахуй гэх мэт олон салбарт хөрөнгө оруулалт татахад дэмжиж ажиллана. Зохион байгуулалт, үйл ажиллагаагаа, тоглоомын дүрэм тодорхой байх ёстой. Хөрөнгө оруулалт урт хугацаанд тогтвортой байхад чиглэх ёстой. Тиймээс бид Монголын нүүр царай болох шилдэг брэндүүдээ шинэ зах зээл нээх, тэнд бүтээгдэхүүнээ экспортлоход худалдаа эрхлэгчдээ мэдээллээр ханган дэмжиж ажиллана.
Хувийн хэвшлийнхэн дангаараа хийхэд хүндрэлтэй асуудлуудад төрөөс дэмжиж, амжилтад хүрэхэд тэдэнд гүүр шат болж, төр – хувийн хэвшил төгс хоршиж ажиллах бодит жишээг дээр олон төсөл хөтөлбөр дээр харуулахыг зорьж байна.
-МҮХАҮТ-тай танай байгууллага хэрхэн хамтарч ажиллах вэ. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал байх л даа ?
-Худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих төрийн байгууллагын хувьд бизнес эрхлэгчдийг нэгтгэсэн төлөөллийн байгууллагуудтай төр хувийн хэвшил хэрхэн хамтарч ажиллаж болдог вэ гэдгийг сонгодог утгаар нь харуулахыг зорьж байна. МҮХАҮТ бол туршлагатай олон жил үйл ажиллагаа явуулж буй байгууллага. Үүнээс гадна Америкийн худалдааны танхим, Европын бизнес эрхлэгчдийг нэгтгэсэн худалдааны танхимууд ч бий. Эдгээр байгууллагуудтай бид мөн хамтран ажиллаж бизнесийн, хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах, хөрөнгө оруулалтыг татах, урт хугацаанд нутагшуулах чиглэлд хамтран ажиллана. Бизнесийн байгууллагууд зах зээлээ мэддэг, эрсдлээ сайтар тооцоолсон байдаг учраас төрөөс тэдэнд яг ямар дэмжлэг, зохицуулалт хэрэгтэй байна гэдгийг нарийн мэддэг, яг төрөөс хэрэгтэй байгаа дэмжлэгийг нь бид тэндэнд үзүүлж, худалдаанд учирч байгаа саад тотгорыг арилгах чиглэлд анхаарч байна.
Эцэст нь хөрөнгө оруулалт татахад бодлого, эрх зүйн орчноо хөрөнгө оруулагчдад сурталчлан таниулах, зорилтот улс, бус нутаг, эдийн засгийн салбар, тэргүүлэх чиглэлээр нь хөрөнгө оруулалт шаардлагатай төсөл, арга хэмжээг санал болгох, сурталчлах, хөрөнгө оруулалт татах бизнес уулзалт, форум, экспо, олон төрлийн арга хэмжээг зохион байгуулах ажлыг эрчимтэй зохион байгуулах, цаашлаад хөрөнгө оруулагчид Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаагаа эхлүүлэхэд нь шаардлагатай төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх, мэдээллээр хангах, хууль тогтоомжид заасан дэмжлэг, урамшууллыг бодитоор үзүүлэх, эрх ашгийг хамгаалах, баталгаагаар хангагдах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаагаа дуулгахад таатай байна.
Холбоотой мэдээ