Сурвалжлага: Шинэ жилийн гоёлд сарын цалингаа “шавхаж” байна

Хуучирсан мэдээ: 2023.12.06-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Шинэ жилийн гоёлд сарын цалингаа “шавхаж” байна

Сурвалжлага: Шинэ жилийн гоёлд сарын цалингаа “шавхаж” байна

Хүлээлт, догдлолоор дүүрэн шинэ жилийн баяр айсуй. Баярын гоёлоо хайх бүсгүйчүүдийн эрэл хайгуул хэдийнэ эхэлжээ. Цас малгайлан орох 3, 4 дүгээр хорооллын гудамжаар энд тэндгүй гацуур модны чимэглэл, саа, туузууд нарны гэрэлд гялтганан харагдах нь баярын дулаан уур амьсгал мэдрүүлнэ. Дэлгүүрүүдийн даашинз, гоёл чимэглэлийн лангуу хүн ихтэй байх нь баярын “сезон” орсныг илтгэнэ. Хамт яваа бүсгүйчүүд бие биедээ сонголт хийхэд нь туслаж, даашинз өмсөн тольдоцгоож харагдав.

Ачаа бараа саатаж, удахаа больсон тул дэлгүүрүүд бараагаа хангалттай базааж амжсан ажээ.

Зөвхөн гоёлын даашинз гэлтгүй дэгжин загварын цамц, пиджак, брюкен өмд, юбкыг ч төрөл төрлийн сонголттой худалдаална. Биеийн галбирыг илүү тодотгож өгөх бариу, нүд гялбам саа шигтгээтэй зэрэг олон төрөл загварын даашинзнууд байх ба үүний дунд тод ягаан өнгийн даашинз элбэг харагдана.

Энэ жилийн тренд гялтганасан саатай, биеийн галбирыг тодотгосон даашинз ч гэнэ. Гэхдээ энгийн торгомсог даашинзууд “мода”-наас гараагүй хэвээрээ ажээ.

Харин бүсгүйчүүдийн түгээмэл сонголт болсон дэрвэгэр хормойтой сиси даашинз цөөрчээ. Загварын чиг хандлага жил бүр хувьсан өөрчлөгдөж байдаг ч хүн хүний гоо зүйн мэдрэмж, биед тохирох загвар өөр, өөр учраас сонголтод төдийлөн нөлөөлөөд байдаггүйг даашинз худалдаалагчид онцолж байлаа.

Бүсгүйчүүд даашинз төдийгүй хослол, цамц өмдийг ихэд сонирхох нь зөвхөн шинэ жилээр өмсөөд зогсохгүй цаашид энгийн үедээ ч өмсөх боломжтойгоороо санхүүгийн хувьд хэмнэлттэй сонголт хийх нь бий.

 

"Москва" их дэлгүүрийн худалдааны зөвлөх А.Хатанзаяа ярихдаа “Баярын сезон одооноос л эхэлж байна. Манай дэлгүүрийн даашинзнууд 35 мянгаас 220 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байгаа. Худалдан авагчид насны онцлог, өөр өөрийн гэсэн хэв маягтай учраас авч байгаа загварууд нь янз, янз л байдаг. Яг өнгөрсөн жилийн өдийд байсныг бодвол цөөхөн даашинз зарагдаж байна. Ер нь худалдан авалт энэ жил муу байна” гэв.

Энд шигтгээ, гоёл чимэглэлтэй загварууд 180 мянгаас 220 мянган төгрөг, энгийн болон богино загварууд 35 мянгаас 150 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Худалдагчдын онцолсноор хүн хүний сонголт өөр байдаг бөгөөд залуу охид бариу, богино, нуруу ил гарсан загварын даашинз сонгодог бол 40-өөс дээш насны бүсгүйчүүд урт даашинз болон хослол сонгох нь элбэг аж.

Худалдан авалт жилээс жилд муудаж буй нь хүмүүс цахим худалдаанаас захиалга хийх болсонтой холбоотой гэнэ. Гэвч зарим тохиолдолд захиалсан даашинз нь таарахгүй багадах, томдох асуудал гардгийг худалдан авагчид хэлж байв.

Мөн санхүүгийн хувьд арай хэмнэлттэй нэг гарц байдаг нь даашинз түрээслэх үйлчилгээ юм. Даашинз түрээсийн газрууд даашинзны загвараас хамаарч 40-95 мянгаар түрээсэлдэг ажээ. Мөн өндөр өсгийт, толгойн гоёл ээмэг зүүлтийг ч түрээслэнэ.

“Ойролцоогоор 150 мянган төгрөгт даашинз хайгаад явж байна. Дээрээс нь хумс будуулахад 30 мянга, нүүр будалт 80 мянга, үс засалт 25 мянга гэж тооцоолоход хамгийн багадаа такснаас гадна 300 мянга орчим төгрөг зарцуулах юм шиг байна. Дээрээс нь бас өндөр өсгийт авбал ахиад хамгийн багадаа 200 мянган төгрөг нэмэгдэнэ. Гэхдээ ганц гоёлд өмсөөд хадгалахааргүй дараа нь ямар ч арга хэмжээнд өмсөж болохуйц, хэт гял цал биш хувцас л хайж байна даа” гэсэн юм.

Үргэлжлүүлэн бид охид бүсгүйчүүдийн өдөр тутмын гоёл болсон хумс будалтын салоны үнийг сурвалжиллаа. Охид бүсгүйчүүд ихэвчлэн даашинзныхаа өнгөтэй хослуулан будуулдаг бөгөөд саатай зурлага, смарт хумс, том шигтгээ наалгах нь элбэг байгаа гэнэ. Энгийн болон гоёлын будалт, шигтгээ чимэглэл, хумс хийлгэхээс хамаарч 25-60 мянган төгрөгийн үнэтэй байна. Мөн баяр дөхөх тусам ачаалал ихсэж зарим үйлчлэгчээ буцаахад хүрэх, шөнө оройн цагаар ажиллах тохиолдол ч жилийн жилд цөөнгүй гардаг гэнэ.

Харин нүүр будалтыг ихэнх бүсгүйчүүд цахимаар цаг захиалж хийлгэх нь ихэссэн ба 50-200 мянган төгрөгийн үнэ ханштай байна. Мөн толгойн гоёл 120-140 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа аж. Эдгээрийн үнэ тарифаас үзэхэд хамт олны шинэ жилд орвол нэг хүнээс бараг сарын цалинтай нь дүйх өртөг гарах нь. Мөнгөө хэмнэхийн тулд өмсөх хувцсаа түрээслэх л сонголт үлджээ.

Б.НАРАНГЭРЭЛ, Б.ХОРЛОО

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ч.ДАРХАНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж