Нийслэлийг 2020 оноос хойш удирдсан Д.Сумъяабазар өмнөх дарга С.Амарсайханы хойдохыг унших гэж оролдсон бол Д.Сумъяабазарын балгийг өнөөдөр Х.Нямбаатар баллаж байна. Улс төрийн нөхцөл байдал ч тэгж уншигдаж байгаа. Гэхдээ МАН-ынхны нэгнийхээ хулгай зэлгийг ухаж, хаацайлсан улс төржилтийн гол хохирогч нь нийслэлчүүд болж хоцорч буйгаараа өрөвдөлтэй.
Хэрвээ МАН-ын нийслэлчүүдэд өгсөн сайхан амлалтууд хэрэгждэг бол бид өнөөдөр метрогоор зорчиж, шинэ автобусаар хүүхдээ зөөн, дүүжин тээврээр зугаалах байлаа.
МАН-ын 2020 оны орон нутгийн сонгуулийн өмнө нийтийн тээврийн шинэчлэлийн талаар өгсөн амлалтуудыг эргэн сануулбал:
- Агаарын дүүжин тээврийн замын тээвэр нэвтрүүлж, зориулалтын дэд бүтцийн зогсоол байгуулна.
- Тус замын автобус буюу BRT сүлжээ, багтаамж ихтэй нийтийн тээвэр нэвтрүүлнэ.
- Таван шараас Офицеруудын ордон хүртэл цахилгаан соронзон тээврийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ.
- Сургуулийн хүүхдэд зориулсан тээврийн хүчин чадал, үйлчилгээг өргөтгөн, шинэ менежмент нэвтрүүлнэ.
- Шинэ хотуудыг холбосон багтаамж ихтэй нийтийн тээврийг нэвтрүүлнэ.
- Дамжин суулт хийх нэгдсэн терминал, зогсоолуудыг барьж байгуулна.
- Улаанбаатар хотын авто замын мастер төлөвлөгөөг баталж үе шаттай хэрэгжүүлнэ.
- Одоо байгаа хатуу хучилттай авто замын шинэчилж өргөтгөнө.
- Давхар зогсоолын тоог нэмэгдүүлнэ.
- Ачаа тээвэр, түгээлтийн шөнийн үйлчилгээнд шинэлэг менежмент нэвтрүүлнэ гэх мэтийг тусгасан байлаа.
“НОГООН” АВТОБУСНЫ МӨНГӨ НОХОЙН ЗАМААР ОРОВ
Эдгээрийн аль нь ч хэрэгжихгүй гэдэг өдрөөс өдөрт тодорхой болж байна. Цаг хугацаа үлдсэнгүй. Түгжрэл гэх зовлонгийн төлбөр татвар төлөгчдийн халааснаас гараад явчихсан. Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан “Нэгэнт хилээр оруулаад ирчихсэн “ногоон” автобуснуудыг буцаагаад гаргана гэдэг бараг боломжгүй” гэж мэдэгдэв. Гэтэл “ногоон” автобусны төлбөр Д.Сумъяабазар даргын үед хилээр явчихсан. Харин хотын дарга Х.Нямбаатар “Хот гаалийн мэдүүлгийн зөрчилтэй нэг ч ширхэг автобус хүлээж авахгүй. “Тэнүүн-Огоо” компаниас мөнгөө нэхэмжилсэн” гэсэн. Нийслэлийн гарсан хулгай луйврыг дарах МАН-ын БЭТ-ээр томилогдсон Х.Нямбаатар ингэж хэлснийхээ дараахан автобус худалдан авах тендер дахин зарлаж, 600 автобусны ирээдүйг шийдэж орхив. “Ногоон” автобуны мөнгийг эр Автобусны мөнгө ийнхүү нохойн замаар орох суурь тавигдав.
ТҮГЖРЭЛИЙГ 20 ХУВИАР БУУРУУЛАХ RFID СИСТЕМ ХЭРЭГГҮЙ ХОГ БОЛОВ
С.Сумъяабазарын үед нийслэлийн түгжрэлийг 20 хувиар бууруулах гол ажлын нэг хэсэг гэж үзэн RFID систем нэвтрүүлэх ажилд ойролцоогоор 20 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Тухайлбал:
- “Автомашины цахим гэрчилгээ (FRID tag)-г суурилуулах” ажилд зориулан 3 тэрбум төгрөг,
- “RFID технологи нэвтрүүлэх, тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллийн санг өргөжүүлэх” ажилд 4.5 тэрбум төгрөг,
- “Улаанбаатар хотын авто машин, гудамж талбайд RFID систем нэвтрүүлэх” ажилд 5 тэрбум төгрөг зарцуулсан зэрэг нь үр зардал болж хувирав.
Хотын дарга Х.Нямбаатар "RFID-тай холбоотой асуудал нилээн хүндэрчиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, төлбөртэй бүс байхаа больчихоор RFID гэдэг бол хэрэгжүүлэхэд зохимжтой зүйл биш.Энэ тохиолдолд хөдөө орон нутгаас орж ирж байгаа автомашинуудад бид нар RFID буюу tag нааж байж Улаанбаатар хотод хязгаартай зорчих тэр зорчилтууд дээр хяналт тавих тэр эрхээ эргэж авч үлдэнээ гэсэн ийм байдалтай явж байгаа" гэсэн.
АГААРЫН ДҮҮЖИН ТЭЭВРИЙН ҮЛГЭР ДАХИН СЭРГЭВ
С.Амарсайхан хотын даргаар ажиллах хугацаандаа зөөврийн усаар цэнэглэх оргилуур байгуулснаас гадна өөр нэг зүйлээр улс төр хийсэн нь агаарын дүүжин тээвэр байлаа. Тэрбээр 2020 онд нийслэлчүүд ганц жилийн дараа дүүжин тээвэр хөлөглөж эхэлнэ хэмээн ам гарч байсан бол түүний орыг залгасан Д.Сумъяабазар “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” гэх төслийн нэгжийг татан буулгасан. Уг төслийг Францын Засгийн газрын 60 сая еврогоор санхүүжүүлэх тооцоо байсан. Үүнээс зургаан саяыг нь аваад зарцуулчихсан гэдэг тоо мэдээлэл бий. Тэгвэл Х.Нямбаатар хотын дарга болсноор агаарын дүүжин тээврийн үлгэр дахин сэргэв.
МАН-ынхан энэ мэтээр их наядаар яригдах татвар төлөгчдийн мөнгийг түгжрэл бууруулах нэрээр үрэн таран хийсэн. Өнөөдөр метро, тохилог автобус, дүүжин тээвэр аль нь ч хотод алга. Гэтэл нийслэлийн ирэх 2024 оны төсөвт метроны ТЭЗҮ боловсруулахаар 180 тэрбум төгрөг тавьчихсан, үрэхээр зэхэж байна. Дээр нь “ногоон” автобуснаас эхлээд түгжрэлийг бууруулах төсвийн хулгайд тайлбар өгөх ёстой гол хүн Д.Сумъяабазарыг хууль хяналтын байгууллагаас яллагдагчаар татаагүй бөгөөд түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар нарыг шалгаж буй ялгавартай асуудал гарах болсон.
Холбоотой мэдээ