Авлигын дагнасан шүүхтэй орнуудын амин үзүүлэлтүүд

Авлигын дагнасан шүүхтэй орнуудын амин үзүүлэлтүүд

Авлигын дагнасан шүүхтэй орнуудын амин үзүүлэлтүүд

Монгол Улсад авлигын дагнасан шүүх байгуулах эсэх асуудлыг хэлэлцэж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор гадаадын улс орнуудад тусгайлан авлигын хэргээр дагнасан шүүх байдаг эсэхийг бид өмнө нь тоймлон хүргэсэн билээ. 

Норвегийн Авлигатай тэмцэх “U4” төвөөс нэгтгэснээр дэлхийн 27 оронд авлигатай тэмцэх тусгай шүүх байна. Эдгээр улсыг нэрлэвэл, Албани, Бангладеш, Ботсвани, Бурунди, Камерун, Хорват, Индонези, Кени, Мадагаскар, Малайз, Монтенегро, Хойд Македон, Балба, Пакистан, Палестин, Филиппин, Сенегал, Серби, Сьерра-Леоне, Словени, Шри Ланка, Танзани, Тайланд, Уганда, Украин, Зимбабве, Армен байна.

Эндээс дэлхий дахины анхаарлыг илүү татдаг, монголчуудын хувьд танил болсон таван улсыг түүвэрлэж, амин үзүүлэлтүүдийг нь онцолж байна. Юун түрүүнд, амин үзүүлэлт гэдэг ойлголтод тухайн улсын авлигын индекс, ардчиллын үзүүлэлт, эдийн засгийн үзүүлэлт, хэвлэлийн эрх чөлөөг багтаалаа. 

1.Филиппин: Транспэрэнси Интернэшнл байгууллагаас гаргасан Авлигын индексийн жагсаалтаар 2022 онд Филиппин дэлхийн 180 орноос 116-д оржээ. Тус байгууллага нь Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд авлигын индексээр эрс уруудсан орнуудын жагсаалтад Филиппинийг оруулсаар байна. 

Дашрамд дурдахад, “маш авлигатай” бол 0, “маш цэвэр” бол 100 оноогоор тодорхойлдог. Филиппиний хувьд 33 оноо авчээ. 

Филиппинд ерөнхийлөгч асан Родриго Дутерте сонгогдсоноос хойш эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө огцом буурч, авлигын талаар ярихад хэцүү болсон байна. 

Тэгвэл Филиппиний ардчиллын индекс 2022 онд 10-аас 6.73 оноотой гарсныг Лондонд төвтэй “The Economist Intelligence Unit” судалгааны байгууллага мэдэгджээ. Мөн иргэдийн дунд явуулсан судалгаагаар филиппинчүүдийн 89 хувь нь ардчиллын үзүүлэлтдээ сэтгэл хангалуун байдаг гэж хариулсан байна. 

Филиппиний эдийн засаг 2023 онд 5.6 хувиар өссөн бөгөөд ирэх онд 5.8 хувь хүртэл өсөх төлөвтэй байна. Тус улсын аж үйлдвэр, үйлчилгээ, хөдөө аж ахуй нь эдийн засгийг авч явдаг гол салбарт тооцогддог. Мөн хүнсний үйлдвэрлэл, цемент, төмөр, гангийн үйлдвэрлэл, харилцаа холбооны салбар нь ч эдийн засагт томоохон хувь нэмэр оруулдаг ажээ.  

Тус улсын ерөнхийлөгч бага Маркос хэвлэлийн салбарт ээлтэй нэгэн. Тус улс өнгөрсөн онд хэвлэлийн эрх чөлөөний индексээр 157-д жагсчээ. 

2.Малайз: Транспэрэнси Интернэшнл байгууллагаас тодорхойлсноор Малайз улс бүс нутгийн хэмжээнд авлигын индексээр эрс уруудсан орнуудын тоонд багтжээ. Дэлхийн улс орнуудын авлигын индекс дунджаар 48.4 хувьтай гарсан бол Малайзынх 52.2 хувь байна. Ийнхүү 180 орноос 61-т орсон. 

“The Economist Intelligence Unit”-ээс гаргасан хамгийн сүүлийн үеийн ардчиллын тайлангаар Малайз Зүүн өмнөд Азийн орнуудыг тэргүүлжээ. Тодруулбал, Малайз 10-аас 7.24 оноос авсан байна. 

Малайзын эдийн засаг 2023 оны эхний гурван улиралд 3.9 хувиар тэлсэн. Тус улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүчин зүйл нь үйлчилгээ, үйлдвэрлэл, уул уурхай, хөдөө аж ахуй, барилгын салбар юм. Мөн газрын тос, байгалийн хийн салбар нь улсын төсвийн орлогын 35 хувийг бүрдүүлж байна. 

Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагаас гаргасан тайланд дурдсанаар Малайз хэвлэлийн эрх чөлөөний индексээр 73-т оржээ. Малайзын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлд иргэдийн үг хэлэх, цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг баталгаажуулсан байдаг.

3.Шри Ланка: Тус улс авлигын индексээр 36 оноогоор 180 орноос 101 дүгээр байрт жагсчээ. Шри Ланкад авлигын индекс 2002 оноос 2022 он хүртэл дунджаар 35.33 оноотой байсан. Харин 2012 онд 40 оноо авснаар бүх цаг үеийн дээд амжилт тогтоосон юм. 

Харин ардчиллын индексээрээ 10-аас 6.47 оноо авч "алдаатай ардчилалтай" гэх ангилалд багтжээ. Тус улсын хууль тогтоох эрх мэдэл нь парламентад байдаг. Шри Ланкын Эрх чөлөөний нам болон консерватив Үндэсний нэгдсэн нам нь хэдэн 10 жилийн турш тус улсын намын тогтолцоонд ноёлсоор ирсэн. Шүүх засаглал нь хууль тогтоох, гүйцэтгэх засаглалаас хараат бус байдаг.

Өнгөрсөн оны тавдугаар сард түүхэндээ анх удаа гадаад өрийн дефолт зарласан Шри Ланкын эдийн засаг энэ онд 3.8 хувиар буурч, 2024 онд 1.7 хувиар өсөх төлөвтэй байгааг Дэлхийн банк таамаглажээ. Гэхдээ өсөлтийн хэтийн төлөв 2023 оны ахиц дэвшлээс хамаарна. Үүнд, өрийн бүтцийн өөрчлөлт, бүтцийн шинэчлэлт зэрэг хүчин зүйл хамаатай.

Аялал жуулчлал, цайны экспорт, хувцас, нэхмэл эдлэл, цагаан будааны үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбар нь тус улсын эдийн засгийг авч явдаг. Түүнчлэн гадаад дахь ажил эрхлэлт нь гадаад валютын орлогод ихээхэн хувь нэмэр оруулдаг аж.

Шри Ланкад хэвлэлийн эрх чөлөөг Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн (а) хэсэгт заасан байдаг. Гэхдээ зарим засгийн газрын үед эрх баригчдыг шүүмжилсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг дарангуйлж байсан түүх бий. Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагаас гаргасан тайланд дурдсанаар Шри Ланка өнгөрсөн онд хэвлэлийн эрх чөлөөгөөрөө 180 орноос 146-д жагсчээ. 

4.Украин: Оросын түрэмгийлэлтэй холбоотойгоор сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхийн анхаарлын төвд байсан, одоо ч байгаа улс бол Украин. Тэгвэл Украин улс авлигын индексээр 33 оноо авч, 180 орноос 116-д оржээ.

“The Economist Intelligence Unit”-ээс гаргасан тайлангаар Украины ардчиллын индекс 5.42 оноотой гарчээ. Ингэснээр тус улс 87 дугаар байранд орсон бөгөөд хайбрид дэглэмтэй гэсэн ангилалд багтаж байна. 

Хэдий дайн байлдаантай байгаа ч тус улсын эдийн засаг аажмаар сэргэж, эерэг динамик үзүүлэлт үзүүлж байгааг Украины Эдийн засгийн сайд Юлия Свириденко энэ оны аравдугаар сард онцолсон. Энэ оны эхний есөн сарын хугацаанд Украины эдийн засаг 2022 оны мөн үетэй харьцуулахад 5.3 хувиар өссөн байна. 

Эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь хөдөө аж ахуй, загас агнуурын салбар. Баялаг хөрстэй, таатай уур амьсгалтай учир Украинд газар тариалан өндөр хөгжсөн. Үр тариа, төмсний үйлдвэрлэлээрээ Европт дээгүүр байр эзэлдэг тус улсыг дэлхийн талхны сав гэж нэрлэх нь ч бий. Мөн чихрийн нишингэ, наранцэцгийн тосны үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг.

Украины хэвлэлийн эрх чөлөөний индекс 2022 онд 61.19 оноотой гарч, 79 дүгээр байранд оржээ. 2020 онд тус улс хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ 96 дугаар байранд орж байсан. Энэ нь 2009 оноос хойш анх удаа топ 100-ийн жагсаалт руу орсон явдал байжээ.

5.Палестин: Газын зурвас дахь мөргөлдөөнтэй холбоотойгоор Палестиныг онцолж байна. Транспэрэнси Интернэшнл байгууллагаас тодорхойлсноор Палестин нь авлигын өндөр эрсдэлтэй улс юм. Тус улс авлигын индексээр хэдэд жагссан талаар сүүлийн үеийн мэдээлэл алга байна. Ямартай ч 2005 онд 100 онооноос 26 оноо авч байжээ. 

Цэргийн үйл ажиллагаанд иргэний хяналт байдаггүй, төсвийн үйл явц нь ил тод бус гэх мэт авлигын эрсдэлтэй нөхцөл үүсэх хүчин зүйлс Палестинд байдаг.

Ардчиллын индексээрээ Палестин улс 180 орноос 110-т орж байна. 3.86 оноо авснаар тус улс авторитар гэсэн ангилалд багтжээ. 2020 оноос өмнө "алдаатай ардчилалтай" гэсэн ангилалд багтаж байсан ч үүнээс хойш авторитар ангилалд байна.

Эдийн засгийн тухайд Палестин нь бага дунд орлоготой улсад багтаж байна. Тодруулбал, тус улсын иргэн нэг бүр өдөр тутамд дунджаар зургаан ам.долларын орлоготой байна. Энэ нь амьжиргааны түвшнээс доогуур орлоготой гэсэн үг юм. Олон 10 жил үргэлжилсэн бүслэлтийн улмаас тус улсын хүн амын 80 хувь нь олон улсын тусламжаас хамааралтай амьдарч байна. Инфляци өсч, гадаадын тусламжийн хэмжээ буурсан, өрийн хэмжээ ихэссэн зэргээс шалтгаалаад өдгөө Палестины эдийн засаг цар тахлын өмнөх үеэс ч дор байна.

Экспортын гол бүтээгдэхүүн нь цемент, үндсэн метал, хүнс, ундаа, тавилга, хуванцар, сүүн бүтээгдэхүүн. Палестины экспортын гол түнш нь Израиль бөгөөд нийт экспортын 80 гаруй хувийг эзэлж байна. 

Палестины Үндсэн хуульд хэвлэл мэдээлэл, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг заасан байдаг ч бодит байдал дээр эдгээр нь засгийн газрын бодит ашиг сонирхолтой зөрчилддөг. Ерөнхийлөгч Махмуд Аббасын 2017 оны долдугаар сард баталсан кибер гэмт хэргийн тухай хууль нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөөг хоёуланг нь хязгаарлажээ. Өнгөрсөн онд тус улс хэвлэлийн эрх чөлөөгөөрөө 180 орноос 156-д орсон байна. 

6.Монгол: Монгол Улсын тухайд авлигын индексээр 2022 онд 33 оноо авч, 180 улсаас 116 дугаарт эрэмбэлэгджээ. Энэ нь өмнөх оноосоо зургаан байраар ухарсан үзүүлэлт төдийгүй сүүлийн таван жилийн хамгийн муу үзүүлэлт болсон.

Ардчиллын индексээр Монгол Улс 0.43 оноо авч 77 дугаар байранд оржээ.

Тэгвэл Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг өнгөрсөн сард Дэлхийн банкнаас дүгнэхдээ "2023 оны эхний хагаст Монгол Улсын эдийн засаг эрчимтэй өсөлттэй гарсан бөгөөд үүнд уул уурхайн салбар голлон нөлөөлсөн. Энэ өсөлт нь оны сүүлийн хагаст ч хадгалагдсаар байна. Уул уурхайн салбар өргөжин тэлж, хувь хүмүүсийн хэрэглээ сэргэж, төсвийн тэлэлт ч хүчтэй хэвээр байгаа тул энэ онд Монголын эдийн засаг 5.8 хувиар өснө. Ирэх онд 6.2 хувиар өснө" гэжээ. 

Монгол Улсын эдийн засаг эрт дээр үеэсээ хөдөө аж ахуй, мал аж ахуйд түшиглэн хөгжиж ирсэн гэдгийг "Wikipedia" хуудаснаа бичжээ. Мөн зэс, нүүрс, молибден, цагаан тугалга, вольфрам, алт зэрэг нь эдийн засгийн томоохон хөдөлгөгч хүч болдог гэсэн байна. 

Монгол Улс энэ онд хэвлэлийн эрх чөлөөний индексээр өнгөрсөн жилийнхээс хоёр байраар ахиж, 88 дугаарт бичигдсэн боловч "асуудалтай" ангилалд багтаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-06 202.9.40.11

Авилгалчдыг тугай шүүхээр шийдэхийн эсрэг байр суурьтай байгаа АН-ын ойлгохгүй байна. Тэд авилгалын эсрэг тэмцэнэ гэж ярьдаг мөртлөө ажил дээрээ тэднийг хамгаалаад байдаг нь хачирхалтай.Тусгай шүүх байгуулж байж л авилгалын эсрэг тэмцэл амжилтанд хүрнэ. Эс тэгвээс шүүх дээр 10 жил болоод сүүлд нь хөөн хэлэлцэх хугацаа, бусад шалтгаанаар хэнрэг нь юу ч биш болоод дуусна. МАН авилгалчидтай тэмцэхийн тулд хэсэг хугацаанд ийм шүүх байгуулъя гэж байна. Болохгүй зүйл алга

Avatar

Нэргүй 2023-12-06 103.57.93.229

hamgiin avilgachin ulsuud tusgai shuuhtei. tegeheer yu ve geheer shuuhiin zorilgo n avilgiig buuruulahad bish harin avilgachidaa hamgaalahad baigaa yum

Avatar

Нэргүй 2023-12-06 103.212.116.70

Хамгийн улны улсууд нь тусдаа дагнасан шүүхтэй байдаг юм байна.

Avatar

Нэргүй 2023-12-06 66.181.179.215

Хэрэг болгоноор дагнасан шүүхтэй болохгүй юу үмхий хулгайчуудаа!!! Тэгээд талыг нь цагдаа талыг нь шорон үлдсэн талыг нь гүтгээд гүтгээд бүгдийг нь тэр газартаа хийхгүй юу. Сэжгийн бодолтой .,

Avatar

Зочин 2023-12-06 139.5.216.173

Авилга луйврын хамгийн том хэргийг шуугчид 7 жил шийдэж чадахгуй байна яингээд л байх юм уу АН авилгын эсрэг тэмцэлд саад болмооргуй байна шуу Ямар ч байсан туршаад узэх л хэоэгтэй Алдаа гарвал засна л биз

Avatar

Зочин 2023-12-06 66.181.161.167

Бусад улс орнуудын туршаад хэрэгжүүлсэн бэлээхэн жишээг дээрх мэдээнд бичсэн байна. Дээрх жишээнүүдийг харахад авлигын дагнасан шүүх байгуулсан улсуудын авлига буураагүй, харин ч эсрэгээрээ маш муу үзүүлэлт гарсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж