“NEWS” агентлаг энэ удаагийн 76:1 булангаараа УИХ-ын сонгуулийн есдүгээр тойрог буюу Завхан аймагт нэр дэвшин, ялалт байгуулсан Цэдэндамбын Цэрэнпунцагийг танилцуулж байна.
Алс холын Америкаас бизнесээ удирдан, хоёр ч сонгуулийн циклийг өнгөрөөсний эцэст 2019 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөх болж, 2020 онд Завхан аймагт нэр дэвшсэн нь алдсангүй, ялалт байгуулж их улс төрд орж ирэв. Тэрбээр сонгогчдоос 13556 санал авсан юм.
Цагтаа наадамчин олныг шуугиулсан бөх явсан нь завханчуудын хувьд УИХ-д төлөөллөө болгох сонголтод нь нөлөөлсөн гэж үздэг. Гэхдээ тэрбээр 2010 онд МАН-ын гишүүн болж, улс төрд орох бэлтгэлээ хэдийнэ базаасан байсан билээ.
УИХ дахь МАН-ын бүлэгт хоёр бөх гишүүн бий. Эрх баригчид бөх гишүүдийнхээ карьерт анхаарч, Б.Бат-Эрдэнийг Олимпизм хариуцсан сайд болгож Засгийн газрын танхим руу татсан бол Ц.Цэрэнпунцаг гишүүнд ч тал алдсангүй УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга болгож өөд нь татсан. Ардын намын бүлгийн түүхэнд автын инженер УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдаж ажилласан тохиолдол гараагүй ч Ц.Цэрэнпунцаг гишүүнд энэхүү ховор боломж олдсон юм.
Тэрбээр УИХ-ын гишүүнээр ажилласан энэхүү гурван жил гаруйн хугацаанд “Богд Зонхова” музейг байгуулах санаачлага гаргаж, улмаар 2022 оны Монгол Улсын төсөвт “Богд Зонхова” цогцолборыг барихад зориулж, 32 тэрбум төгрөг “суулгахаар” болсон нь олон нийтээс шүүмжлэл хүлээн, унаж байв.
Гэхдээ төслийнхөө талаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг “Дэлхийн улс орнууд хилээ нээгээд эхэллээ. Монголд жуулчид ирээд юу үзэж, харах вэ. Соёлын өв соёлоо сэргээж, үзэж харах зүйлээ бүтээх хэрэгтэй биз дээ. Энэ том төсөл явах ёстой гэж харж байгаа. Улсаас нэг ч төгрөг гараагүй. Энэ бол урлагийн нарийн хийцтэй бүтээл. Улаанбаатарт урлагийн том өв шинээр нэмэгдэх ёстой. Залуучууд спортын газруудад очиж болж байна. Харин настай намбатай, өвчтэй зовлонтой хүмүүс хаачих вэ. Бид өвдөж зовохоороо ганданг, хурим найраа хийсэн ч Жанрайсаг бурхандаа мөргөөд гардаг. Тэгэхээр жуулчин ирсэн ч хамгийн түрүүнд Гандан дээр очно. Хотынхоо төвд байгаа энэ газраа сэргээж, нүүр улайхааргүй болгох хэрэгтэй. Харин ч Хятад компанид зарагдсан байсан газарт "Богд Зонхова" цогцолбор барих гэж байгаад баяртай байна. Өнөөдөр зураг төсөл нь баталгаажсаны дараа 32 тэрбум төгрөгийн төсөв гарч ирлээ. Би цогцолборын барилгыг барьж эхэлснийг мэдэхгүй. Хандиваар цугларсан мөнгөөр л барилгын ажлыг эхлүүлсэн гэж ойлгож байгаа" гэсэн юм.
Гэхдээ Сангийн сайд болон Соёлын сайдын зүгээс “Уг төсөлд нэг ч төгрөг гаргахгүй” гэснээр 2022 оны төсөвт хөрөнгө суулгаагүй ч, Тасганы овоонд “Богд Зонхова” цогцолбор байгуулахаар газрыг нь бэлтгэсэн гэх мэдээлэл бий.
Ц.Цэрэнпунцаг гишүүний бурхны шашныг төсвийн хөрөнгөөр дэмжих хоёр дахь оролдлого нь Нөхөн олговор олгох тухай хуулийн төсөл байв. Тэрбээр 50 гаруй гишүүний хамтаар эл төслийг санаачлан, өргөн мэдүүлсэн ч бүтэлгүйтсэн.
Төсөлд Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд нөхөн олговор олгохоор заасан бөгөөд нөхөн олговрыг УИХ жил бүр улсын төсөвт тусгаж батална. Нөхөн олговрын хэмжээ нь улсын төсвийн 0.1 хувьтай тэнцүү байна хэмээн заасан байв. Гэвч төслийг Засгийн газар дэмжээгүй юм.
УИХ-ын төвшинд өнгөрсөн 2022 оны хавар Концессын тухай хуулийн төсөл боловсруулагдаж, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нь ардаа том, том бизнестэй эрх ашигтай гишүүд орсон нь бүлэг дотроо ч хардлага дагуулсан хэл амтай ажил болж байв. Энэ талаар УИХ-ын гишүүн, одоогийн Хууль зүйн сайд Б.Энхбаяр “УИХ-аар хэлэлцэгдэж буй томоохон хуулиудад хулгай, хийдэл гаргачихгүй байхад анхаарах хэрэгтэй. Байнга анхаарч байхгүй бол бөгс өндийлгөвөл хулгай хийчих гээд байх юм. Тухайлбал, УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Концессын хуулийн төсөл дээр ажиллаж байна. Хүч түрээд ганц Эдийн засгийн байнгын хорооноос л ажлын хэсэг гаргасан. Угтаа концесс бол Үйлдвэржилт, Төсөв, Хууль зүйн байнгын хороо гээд салбар дундын асуудал.
Ажлын хэсэгт томоохон бизнестэй гишүүд чихэлдэж орсон. Яагаад хотоос сонгогдсон гишүүдийг оруулахгүй байгаа юм. Өөрсдөө концесс авдаг гишүүд байж болохгүй. Хөгжлийн хороон дээр Концессын хуулийг ярилцмаар байна гэсэн байхгүй. Бүр чичрээд дайрч байна.
Улайрч харагдаад байна” гэсэн нь МАН-ын гишүүдийн дунд концессын дайн үргэлжилсээр байна гэдгийн нэг нотолгоо болсон юм.
Концессын хууль боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг ахалж байсан бол бүрэлдэхүүнд нь О.Цогтгэрэл, Ж.Ганбаатар, Б.Баттөмөр нар багтсан нь барилга, уул уурхай зэрэг ардаа том бизнестэй гишүүн багтсан нь ашиг сонирхлын зөрчил дагуулах вий гэдэг болгоомжлолыг ч үүсгэсэн юм.
“Жем Групп”-ээр дамжуулан архи, шар айраг үйлдвэрлэн, монголчуудынхаа хэтэвчийг сэгсэрсэн тэрбээр сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарт хүч үзэж байна.
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Аспайр майнинг" ХХК нь Хөвсгөл аймагт нүүрсний том хайгуулын ажлыг эхлүүлсэн нь эсрэгүүцэлтэй тулаад буй.
2019 онд Хөвсгөл аймагт “Аспайр майнинг”-ийн үйл ажиллагааг эсэргүүцсэн иргэдийн томоохон жагсаал болж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан байгалийн цогцолбор газрын ангиллаар улсын тусгай хамгаалалт, тусгай хэрэгцээнд авсан Булнайн нуруу, Тэсийн голын сав газарт шинээр уул уурхайн олборлолт явуулахыг таслан зогсоох арга хэмжээ авах, Могойн голын ордыг хэрхэн ашиглах талаар төрийн бодлогыг тодорхой болгохыг хүсч байсан удаатай.
Улмаар өнгөрсөн жил нүүрсний хулгайд шууд болон шууд бусаар холбогдсон улстөрчдийн нэрсийг Авлигатай тэмцэх газраас зарласны дараа нүүрсчдийн бүлэглэлийн ард Ц.Цэрэнпунцаг гишүүн байна гэсэн дуулиан дэгдэхэд тэрбээр дараах тайлбар хийсэн. "Миний хувь эзэмшдэг, Австралийн хөрөнгө оруулалттай, "Аспайр майнинг" ХХК нэг ч хүрз нүүрс гаргаагүй. Үйл ажиллагаа явуулаагүй зогссон байгаа. Тэгэхээр би яаж энэ асуудалд холбоотой байх вэ дээ. Нүүрсний хулгай бол төрийн эзэмшилтэй компаниуд дээр байгаа асуудал. Хувийн компани яриад байгаа бол тэр нь татварын асуудал байгаа байх. Хүн өөрийнхөө өмчөөс хулгайлна гэж байх уу" гэж няцаасан юм.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:
- 1988 онд Завхан аймгийн Б.Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
- 1997 онд ШУТИС-ийн Механик инженерийн сургууль
- 2013 онд АНУ-ын Домминикан их сургууль, бизнесийн удирдлагын магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 1999 оноос “Жем Групп”-ийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч
- 2005-2010 онд “Жи-Мобайл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга
- 2008-2016 онд “Ddish TV” ХХК-ийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга
- 2008 оноос “Жем Нет” ХХК-ийг үүсгэн байгуулагч
- 2013 оноос “SPS TV” ХХК-ийг үүсгэн байгуулагч, зөвлөх
- 2018 оноос “Хужирт Тур” ХХК-ийн ТУЗ-ийн дарга
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2022 оноос Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга
ГАДААД ХЭЛ:
- Англи, Орос
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ