“Эрдэнэс Тавантолгой”-н хулгайг сарниулах Б.Энхбаярын арга заль!

Хуучирсан мэдээ: 2023.12.05-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс Тавантолгой”-н хулгайг сарниулах Б.Энхбаярын арга заль!

“Эрдэнэс Тавантолгой”-н хулгайг сарниулах Б.Энхбаярын арга заль!

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт камерийн өмнө, олны нүдэн дээр “байцаагдсан” УИХ-ын гишүүн асан, ажнай Д.Бат-Эрдэнэ “2004 онд “Тавантолгой” ХК нүүрсээ анх экспортод гаргасан. Тухайн үед Хятадын хэдэн машин тээвэрт явдаг, монголчууд ойртож чаддаггүй байсан. Тиймээс 25 сая ам.доллараар “Тавантолгой транс” компанид хөрөнгө оруулалт хийж, Өмнөговь аймгийн 300 хүнд сургалт явуулж, Монголын анхны үндэсний хөрөнгө оруулалттай хөрс хуулалтын болон олборлолтын компани  байгуулж, өмнөговьчуудаа ажлын байраар хангасан. Энэ үед нүүрс үнэгүй байсан. Улстөрчид нь ч тоодоггүй байсан. Харин 2015 оноос нүүрсний үнэ өсч, улстөрчид нь нүүрс рүү хошуурч, өнөөдөр Монгол Улсын эдийн засаг нүүрснээс бүрэн хамааралтай болсон” гэж бодит үнэнийг хэлжээ. Зөвхөн эдийн засаг ч биш Монголын улс төр, нийгэм, гадаад харилцаа нүүрснээс бүрэн хамааралтай болсон байна. Иймээс 40 их наядын хулгайн хэргийг УИХ дээр шүүж, улсаараа энэ сэдвээс өөрийг ярихаа больж.

Монголд Тавантолгой гэж хараал идсэн бүлэг орд бий.  Нийтдээ 110 мянган га талбайг хамардаг тус бүлэг ордын 95.5 хувь нь буюу 68522 га-г төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани эзэмшдэг. Харин 4,1 хувь буюу 2959 га-д “Энержи ресурс”, 0.4 хувьд оногдох 276,9 га-д орон нутгийн өмчит “Тавантолгой” компани үйл ажиллагаа явуулдаг. Атал хамгийн түрүүнд "жижиг" Тавантолгойн асуудлаар нээлттэй сонсгол хийж буй нь Ардын намынхны авлига, хулгайгаа нуух гэсэн арга заль төдий. Б.Энхбаярын “Нийтийн сонсгол хоёр шаттай. Эхний ээлжид орон нутгийн Тавантолгойг, хоёр дахь шатанд “Эрдэнэс Тавантолгой”-н асуудлыг хэлэлцэнэ гэдэг нь ердөө олны галыг намжаах гэсэн тактик юм. Баярын настри орсон, олны анхаарал сарнисан үед “Эрдэнэс Тавантолгой”-н нээлттэй сонсголыг хийсэн нэртэй үлдэх гэж тэр шүү дээ. Нэг ёсондоо, Ардын намын анд нөхдийнхөө авлига, хулгайг нуух гэсэн үг-үйлдэл. Хулгайч хулгайчийг бариарай гэж хашгирдаг гэнэ лээ.

“Эрдэнэс Тавантолгой” дээр дөрвөн төрлийн хулгай гарсан. Төрийн ордонд болж буй нийтийн сонсголд оролцож суугаа Хянан шалгах түр хорооны гишүүн Т.Доржханд урьд нь энэ талаар мэдээлэхдээ,

“Нэгд, оффтейк гэрээ. “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн борлуулалтын 20 хувийг оффтейк гэрээгээр зарсан. Нүүрсээ зах зээлийн үнээс доогуур компаниудад зардаг, авсан компаниуд нь өндөр үнээр зарж дундаас нь ашиг унадаг, авлига авдаг.

Хоёрт, гаалийн мэдээнд тусгаагүй нүүрс. Монголын гааль нь хамар доогуур нь вагон, вагон нүүрс бүртгэлгүй гарч байгааг мэдээгүй өнгөрснийг Хятад гааль бүртгэж авсан гэдэг.

Гуравт, нүүрс тээврийн бизнес. Нүүрсийг онгоцны тарифаар зөөдөг. Онгоц нэг цаг нисэх тариф 100 доллар байдаг. Гэтэл манайд нэг тонн нүүрсийг 30 км замд 400 доллараар тээвэрлэсэн. Тээвэр хийж буй хүмүүс нь дандаа эрх мэдэлтэй хүмүүс, УИХ-ын гишүүд.

Дөрөвт, төмөр замын хулгай. “Эрдэнэс Тавантолгой” компанийн эх үүсвэрээр хоёр төмөр зам тавьсан. Төрийн нууцад авсан төмөр замын бүтээн байгуулалтаас маш их хулгайлсан” гэж байв.

Үндсэндээ, Монголд нүүрстэй нэр холбогдоогүй улстөрч олоод ир гэвэл өвсөн дотроос зүү хайсан нь бараг дээр биз. Манай цогтой эх оронч С.Ганбаатарын эхнэр хүртэл хөрс хуулалтын компанитай байсныг мань эр “мэдээгүй” явсан гэнэ. Монголын улстөрчдөд нэг нийтлэг зан байдаг, эхнэр хүүхдийн нь элдвийн асуудал “ил гараад” эхэлбэл миний эхнэр бишээ гэх нь холгүй мэлздэг. Мэдээж, С.Ганбаатар эхнэр нь ийм компанитай байсныг нэг муу юм гадарлаад явж л дээ. Тэгээд хөрс хуулалтын компанийн бүртгэлээс эхнэрээ хасуулах гээд бүтэн жил хөөцөлдөөд бараагүй болохоо, өчигдөр өнөөх бичиг нь “араас  ирж яваа" гэх мэтчилэн бүлтэрнэ билээ.

“Жижиг Тавантолгой”-н нийт хувьцааны 51 хувь нь Өмнөговь аймгийн мэдэлд байдаг. Үүний 49 хувийг 23 орны 2682 хувьцаа эзэмшигч эзэмшдэг агаад 19 хувь нь ажнай Д.Бат-Эрдэнийнх. Тэрбээр өөрийн эзэмшлийн хувьцаанд ногдох ногдол ашгаа авах нь зүйн хэрэг. Бусад хувьцаа эзэмшигчид нь мөн адил ногдол ашгаа авдаг, 2006-2022 он хүртэл нийт 561.4 тэрбум төгрөгийн ногдол ашгийг "Тавантолгой" компани тараажээ. Үүний 286.6 тэрбумыг орон нутгийнханд өгсөн болохыг нягтлан Шүрэнцэцэг гэж эмэгтэй тоо баримттайгаар ярина лээ.

“Тавантолгой” ХК-ийн хувьцааны үнэ 13500 төгрөг болсон. Нэгж хувьцаанд 5500 төгрөгийн ногдол ашиг өгч байгаа. Хэрвээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг амь оруулж, үнэ хүргэж чадсан бол Монгол Улсын нэг иргэн 6.5 сая төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр авах байсан” гэж Д.Бат-Эрдэнийн хэлсэн бас л үнэн. Төр хувийн хэвшил хоёрын ялгаа нь үүндээ  байдаг.  Төрийн өмч бол ялсан намын, эрх мэдэлтэй дарга нарын өмч байдаг нь бичигдээгүй хууль юм даа. “Эрдэнэс Тавантолгой”-н ашгийг оффтейк гэрээ байгуулаад хэдхэн хүн, хэдхэн компани хуваагаад идчихсэн, өнөөдөр төмөр зам ч үгүй, ногдол ашиг  “түй” ч үгүй сууж байна.

Атал нийтийн сонсголын үеэр Д.Бат-Эрдэнийг ногдол ашгаа банк бус руугаа оруулж мөнгө угаасан уу гэж  Т.Доржханд байцаагаад сууж байгаа нь шившиг гэхээс яалтай билээ. Оксфорд, Харвардад боловсрол эзэмшсэн гээд байдаг, парламентын урдаа барьдаг эдийн засагч гэж өөрийгөө ярьдаг хүн биз дээ. Ядаж л баян хүн луувангаа ч иднэ үү, лаагаа иднэ үү Д.Бат-Эрдэнийн асуудал гэдгийг мэдмээрсэн.

Банк бусаар мөнгө угаана гэдэг нь байна аа,  албан тушаалаа ашиглан ЖДҮХС-аас гурван хувийн хүүтэй зээл аваад 36 хувийн хүүтэй зээл гаргахыг хэлдэг юм аа. Түүнээс авсан ногдол ашгаараа хаана, ямар бизнестээ хөрөнгө оруулах нь тэр хүний л хэрэг.

Гэх мэтчилэн "Эрдэнэс Тавантолгой"-гоос алга болсон 40 их наядын дөрвөн төрлийн хулгайгаа Ардын намынхан АН руу чихээд анд нөхдөө авч үлдэнэ гэвэл эндүүрэл юм. Иргэдийн зүгээс экс Ерөнхийлөгч Х.Баттулгаас эхлээд цагаан байрны цагаан захтнууд хуугаараа шахуу нүүрсний хулгайн сэжигтэн болсон явдлыг бодитоор бас нээлттэйгээр сонсохыг хүсч байна. Учир нь, улсаараа бид чинь “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигчид шүү дээ.

Харин БЭТ томилсоны дараа “Тавантолгой” ХК-д ямар зардлаар хөрс хуулалт хийснийг нь хувьцаа эзэмшигчийн хувьд Д.Бат-Эрдэнэ асуух нь зүйн хэрэг. Бүр хотын орлогч П.Сайнжаргалыг дуудаж авчраад байцаах ёстой. Түүнээс Б.Энхбаяр хэлэх үггүй бантсандаа уурлаад суух нь утгагүй бөгөөд увайгүй харагдаж байна. Тэр хянан шалгах түр хорооны дарга болохоос төрийн яллагч биш шүү дээ. Тэр тусмаа Портууныг толгой түрүүгүй загнадаг атлаа Женко.Баттулга дээр жигтэйхэн найрсаг ханддаг шигээ хэн хүнд ялгавартай хандаж болохгүй. Өнөөдөр АН-ынханд гаргаж буй ааш, араншингаа маргааш Ардын намынхаа анд нөхдөдөө гаргадаг юм шүү, Б.Энхбаяр аа! Гэснээс  МАНай эрх баригчид иргэдээ цагаан цаас гэж боддог уу эсвэл загаснаас ч богино ой санамжтай гэж андуурдаг уу, ногоон автобусны хэргийг сөхөхөөр АН руу буруугаа чихдэг. Нээлттэй сонсгол хийхээрээ АН-ынхныг авчраад зоддог. Энэ мэт "гөлөг төөрүүлэх" ажиллагааг эрх баригчид үнэхээр гарамгай хийж байна. Ингэлээ гээд ногоон автобусны луйвар, Хөгжлийн банк, жаран тэрбум, ЖДҮ, БЗС, нүүрсний хулгай, төмөр замын авлигын хэргүүдийг нь чинь ард түмэн мартахгүй л…!

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
16
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж