Эрүүл мэндийн яам, Хавдар судлалын үндэсний төв/ХСҮТ/, Швейцарийн "Roche" компани хамтран өнөөдөр/2023.12.05/ хавдрын системийн эмчилгээний сүүлийн үеийн шинэ технологийн нэг болох дархлаа эмчилгээг Монголд нэвтрүүлэх ажлыг эхлүүлэхээр харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.
Санамж бичигт УИХ-ын гишүүн, эрүүл мэндийн сайд С.Чинзориг, XCYT-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү, "Roche" компанийн Турк, ОХУ, Иран, Төв Ази, Кавказ, зүүн Европ болон Энэтхэгийг хариуцсан бүсийн дарга Адриано Треве нар гарын үсэг зурж баталгаажууллаа. Монгол Улс хорт хавдрын ялангуяа элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаар Азид төдийгүй дэлхийд тэргүүлдэг харамсалтай статистик бий.
Монгол Улсад 2022 онд 4548 хүн хорт хавдрын улмаас нас барсны 2635 нь эрэгтэй, 1913 нь эмэгтэй байжээ.
Элэгний хорт хавдраар 1714 хүн нас барсан нь нийт нас баралтын 37 хувийг дангаараа эзэлж байна. Элэгний хорт хавдар 2021 онд 1956 тохиолдол, 2022 онд 2289 тохиолдол байсны 70 гаруй хувь нь хожуу буюу гурав, дөрөвдүгээр шатандаа оношлогдож, энэ нь аль ч хүйсэнд хамгийн өндөр буюу 100 мянган эрэгтэйд 77.6, эмэгтэйчүүдэд 59.5 тохиолдол байна.
Эрүүл мэндийн яам, ХСҮТ хамтран хорт хавдрын эмчилгээний стратегийг оновчтой болгох, монгол хүн эх орондоо, эдийн засгийн дарамт ачаалалгүйгээр дэлхийн шилдэг технологи бүхий оношилгоо, эмчилгээг хийлгэх, элэг бүтэн амьдрах боломжийг бүрдүүлэхийн төлөө ихээхэн хүчин чармайлт гаргасаар ирснийг С.Чинзориг сайд хэлсэн үгэндээ онцлоод "Хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулахад дэлхийн шилдэг компаниудын өндөр технологийн эм, эмчилгээг нэвтрүүлэх нь хамгийн үр дүнтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сайн туршлага байдаг. Санамж бичгийг байгуулснаар хорт хавдрын судалгаа, эмчилгээгээр дэлхийд тэргуулэгч Швейцарийн Рош компани Монгол Улсад элэгний хорт хавдрын эмчилгээнд дархлаа эмчилгээний хамгийн сүүлийн үеийн технологийг нэвтрүүлэхийн зэрэгцээ хамгийн элбэг тохиолддог 15 эрхтний үсэрхийлсэн хорт хавдрын уед хэрэглэдэг бай болон дархлаа эмүүдийг хамгийн бага нэг үнээр буюу "Бүх эмийг нэг өвчтөнд нэг үнээр" нийлүүлэх РАСЕ тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж бурдэх юм" хэмээв.
Энэ хөтөлбөрт хамрагдсанаар Монгол Улсад хожуу шатанд оношлогдсон элэгний хавдар болон уушги, хөх, ходоод, өндгөвч, умайн хүзүү, бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрын эмчилгээний хөгжил, чанар, хүртээмжид том алхам хийгдэнэ. Учир нь эдгээр эмүүд өртөг өндөртэй бөгөөд элэгний хавдартай өвчтөн зөвхөн нэг удаагийн тариаг тунгаас хамаарч 8000-9392 ам.доллараар /Монгол мөнгөөр 20-32 сая төгрөг/ хийлгэдэг бол үүнийг Монголд маш бага үнээр буюу 1000 орчим ам доллараар нийлүүлэх санал тавьж байгаа юм.
Бай эмчилгээ болон дархлаа эмчилгээ нь системийн бусад эмчилгээтай харьцуулахад гаж нөлөө багатай төдийгүй хувь хүн бурт өвөрмөц байдгаараа онцлог. Монгол Улсад 2021 оноос бай эмчилгээний зарим эмүүдийг эрүүл мэндийн даатгалд 100 хувь хамруулснаар ходоод, хөх, өндгөвч, бүдүүн болон шулуун гэдэс, мэнгэний хорт хавдрын эмчилгээнд бай эмчилгээ навтэрч олон хуний амь насыг аварсаар байна. Хэдийгээр бай эмчилгээ Монгол Улсын эрүүл мэндийн даатгалд бүрэн хамрагдсан ч дархлаа эмчилгээ хараахан хамрагдаагүй тул тус хоёр эмчилгээг өвчтнүүдэд хавсран хийх боломжгүй байна. Тиймээс дархлаа эмчилгээг ч мөн эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулж, өвчтөнд дэлхийн дэвшилтэт эмчилгээг санхүүгийн дарамтгүй, тэгш хуртээмжтэй үзүүлэхийг зорьж байна.
Дашрамд дурдахад, Швейцарийн Хоффман Ла Рош компани 2018 онд анх Монгол Улсад шилдэг оригинал эмийн бутээгдэхүүнээ танилцуулж, хорт хавдрыг бай эмчилгээг анхлан нэвтрүүлсэн. 2019 онд ЭМЯ, ХСҮТ-тэй хөхний болон бусад хавдрын эмчилгээнд бай эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж байсан ажээ.
Холбоотой мэдээ