Хятад улс Малайзын өмнөд хэсэгт "Ойн хот" нэртэй орон сууцны цогцолбор хорооллыг барьж буй. Уг хороололд 30 настай Назми Ханафиа жилийн өмнө нүүж иржээ. Тэр далай руу харсан цонхтой, нэг унтлагын өрөөтэй байр түрээсэлсэн байна. Гэвч зургаан сар амьдарсны эцэст тэр "сүнстэй хот"-оос явахын түүс болжээ.
"Барьцаа мөнгө гэх мэт зүйл надад хамаа алга. Би зүгээр л эндээс явмаар байна. Миний нурууны шар үс босдог. Ойр хавьд хэн ч байхгүй. Зөвхөн чи болон чиний бодол л байна гэж мэд. Шулуухан хэлэхэд аймаар байна. Би маш өндөр хүлээлттэй энд ирсэн боловч одоо бол хэлэх үг алга. Энд хийх юм ч алга" гэж Назми Ханафиа ярив.
"Ойн хот" орон сууцны цогцолбор хорооллыг Хятадын үл хөдлөх хөрөнгийн аврага "Country Garden" компани 2016 онд барьж эхэлжээ. "Бүс ба зам" санаачлагын хүрээнд барьж буй уг хорооллын зардал нь 100 тэрбум ам.доллар аж. Энд ойролцоогоор нэг сая орчим хүн амьдрах юм. Анх төслийг эхлүүлэх үед Хятадын үл хөдлөхийн салбар оргил үедээ байв. Компаниуд дунд давхаргынханд зориулсан орон сууцыг гадаад, дотоодгүй барихын тулд их хэмжээний зээл авч байсан.
Малайз дахь цогцолбор хорооллыг байгаль орчинд ээлтэй бөгөөд гольфийн талбай, усан парк, оффис, баар, ресторан зэрэгтэй байхаар төлөвлөжээ.
Үүнийгээ хятадууд "бүх хүн төрөлхтөний диваажин" гэж нэрийдсэн ч хүссэн бүхэн нь очоод амьдрах боломжгүй. Учир нь тус орон сууцны үнэ энгийн малайз хүний хувьд хэт үнэтэйд тооцогдох юм. Төслийн цаад зорилго нь Хятадын дотоодын зах зээлд чиглэсэн гэж үзэж буй. Өөрөөр хэлбэл, чинээлэг хятад иргэдийг өөр улсад үл хөдлөх хөрөнгөтэй болоход нь туслах зорилготой ажээ.
Гэтэл өдгөө төслийн хэрэгжилт дөнгөж 15 хувьтай байна. Мөн нийт орон сууцны дөнгөж нэг хувьд нь л хүн амьдарч байна. Орон сууцнууд нь ашиглалтад ороогүйгээс гадна алслагдмал байрлалтай учир "сүнстэй хот" гэсэн нэрийг авчээ. "Country Garden" компани 200 тэрбум ам.долларын өрөнд унаад буй ч өөдрөг төсөөллөө ярьсаар байгаа ажээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ