Zarig.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг өчигдөр /2023.12.04/ саатуулсан. Энэ асуудлаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны хэлтсийн дарга Б.Баянмөнх:
-Цагдаагийн байгууллагад нэр бүхий хүн, хуулийн этгээдээс иргэн Н.Өнөрцэцэгт холбогдуулан, 2022 оны долдугаар сарын 20, 2023 оны зургаа, долоо, ес, аравдугаар саруудад Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл ирүүлснийг хүлээн авч, хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар түүнд холбогдох Шүүхийн ерөнхий зөвлөл болон иргэд, хуулийн этгээдээс шүүхийн хараат бус байдалд нөлөөлсөн, хувь хүн, иргэний нэр төрд халдсан, худал мэдээллийг олон нийтийн цахим сүлжээ ашиглан тараасан, мөрдөн байцаалтын нууц задруулсан, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэх хэргүүдэд холбогдуулан шалгаж байна.
Дээр дурдсан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг цагдаагийн байгууллага өөрсдийн санаачилгаар шалгаагүй.
Иргэд, хуулийн этгээдээс өргөдөл гомдол гаргасан учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч, шалгаж байгаа юм. Иргэн Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргүүдэд 2023 оны зургадугаар сарын 8-наас хойш сэжигтэн яллагдагчаар мэдүүлэг авах зорилгоор дуудан ирүүлэхээр өөрийнх нь ашигладаг гар утас руу нь удаа дараа холбогдсон боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.
Мөн түүнд яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулахаар прокурорын дуудан ирүүлэх хуудас удаа дараа хүргүүлсэн боловч хүрэлцэн ирээгүй, мөрдөгч утсаар холбогдоход хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр очиж чадахгүй, тогтоолтой танилцахаас санаатайгаар зайлсхийж, мөрдөн шалгах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан.
Иймд Эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх тухай хуулийн 19.4-т заасны дагуу шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул цагдан хорих, таслан сэргийлэх үндэслэл болсон. Цагдаагийн байгууллагаас сэтгүүл зүйн салбарыг болон сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдуулан шалгаагүй. Иргэн Н.Өнөрцэцэг гэдэг хувь хүнийг шалгаж байгаагаа мэдэгдэж байна. Цагдаагийн байгууллагад сэтгүүлч нартай холбоотой гомдол, мэдээлэл ирдэг. Тухайн сэтгүүлчид дуудсан цагт ирж, холбогдох асуудлаа шийдвэрлүүлээд явдаг. Хүн бүр хуулийн өмнө тэгш байх ёстой. Ийм ч зарчимтай. Иргэн Н.Өнөрцэцэгт давуу эрх байхгүй. Тухайлбал, өнгөрсөн сард нэр бүхий Төрийн өмчит компанийн удирдлага хоёр сэтгүүлчийн эсрэг гомдол гаргасан. Үүнийг шалгаж, гэмт хэргийн зөрчлийн шинжгүй байна гэдэг үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Хоёр сэтгүүлч дуудсан цагт мэдүүлэг тайлбараа өгч байсан. Иргэн Н.Өнөрцэцэгтэй холбоотой хувь хүний асуудлыг хянаж шалгаж байгааг мэдэгдэж байна” гэв.
Холбоотой мэдээ