Тэсгим хүйтэн өвлийн нэгэн хэвийн өдрүүдээс түр ч болов холдож гадаад орныг зорих аялагчдын цуваа эхэлжээ. Жил жилийн өдийд халуун орныг зорих нь далайд гарцгүй манай улсын аялагчдын түгээмэл сонголт билээ. Энэ жил аялагчдын дунд Вьетнам, Тайланд, Хайнаны арал эрэлттэй байна.
“ЭНЭ ЖИЛИЙН ТРЕНД АЯЛАЛ – ХАЙНАНЬ АРАЛ”
Хайнань арал нь Хятадын хамгийн онцгой эдийн засгийн бүс нутагт оршдог бөгөөд найман сая гаруй хүн амтай. Хайнань арлыг зорих монгол аялагчид Бээжин, Эрээн, Улаан-Үд, Манжуур хотуудаар дамжин нисэх зэрэг хэд хэдэн маршрутаар явж болно. Мэдээж эдгээр маршрут бүгд өөр өөрийн онцлогтой. Бээжингээр дамжин өнгөрөх нь бусдаасаа өртөг өндөртэй бол Улаан-Үд хотоор дамжин өнгөрөх нь зардал багатай ажээ. Харин Эрээнээр дамжин нисэх аяллыг ихэвчлэн ганцаараа аялж буй үүргэвчтэй аялагчид сонирхдог байна.
“Дорнын Хавай” гэгддэг Хайнань арлыг зорьсноор далайн эрэг дээрх Атлантис усан парк, дарвуулт завины аялал, зэрлэг амьтны хүрээлэн болон бурхан багшийн хөшөөг үзэж Саньяа хотоор зугаалах боломжтой. Аяллын компаниудын хөтөлбөрийн үнэ ойролцоогоор 2,950,000-3,890,000 төгрөгийн хооронд байна.
“ВЬЕТНАМЫН ФУКУОК АРАЛ”
Өнгөрсөн жил Фукуок 4,7 сая гаруй жуулчин хүлээж авсан нь зорилтот төлөвлөгөөнөөс 25%-аар өссөн үзүүлэлт болсон юм. Энэ тооны тодорхой хувийг монгол аялагчид эзэлж буй. Учир нь манай орны аялагчдын цуваа өнгөрсөн өвөл Фукуокыг зорьж эхэлснээс хойш одоог хүртэл саараагүй л байна. Фукуок арал цагаан элсэрхэг наран шарлагын газар, тансаг зэрэглэлийн амралтын газруудаараа алдартай ба Vin Safari амьтны хүрээлэн, Vinwonder цогцолбор, Корона казино, гольф зэргээрээ жуулчдын сонирхлын ихээхэн татдаг. Фукуок арал руу өвлийн саруудад буюу аравдугаар сараас ирэх оны гуравдугаар сар хүртэл аялахад тохиромжтой.
Фукуок арлыг зоригсод зочид буудалд байрлахаас гадна хувийн хаус, вилла түрээслэх боломжтой. Аяллын комданиудын хөтөлбөрийн үнэ ойролцоогоор дөрвөөс зургаан сая төгрөгний хооронд байна.
“ТАЙЛАНДЫН ПУКЕТ АРАЛ”
Монголчууд бид дүн өвлийн -30 хэмийн хүйтнээс +30 хэмийн дулаан руу айлчилж далайн эрэг дээр байрлан, Тай үндэстний соёлтой танилцах нэгэн боломж бол Тайландын Пукет арлын аялал юм. Пукет арлаар аялснаар Пи Пи арал, Анаманда усан парк, Пукет хот зэргийг үзэх боломжтой ба Пукет арлын аяллыг Бангкок хотын аялалтай хослуулан айлчилсан ч болох юм.
Хоёр талын нислэгтэй аяллын үнэ 3,750,000-5,500,000 төгрөгийн хооронд байгаа бөгөөд чөлөөт аяллаар арай хямд үнээр аялах боломжтой. Пукет бол газар нутгаараа Сингапуртай дүйцэхүйц Тайландын хамгийн том муж арал юм. Далайн эргээрээ алдартай уг мужийн хамгийн том жуулчны газруудын нэг болох Патонг арал дээр нийт 36 эрэг байдаг байна.
Дийлэнх байгууллагууд аяллын хөтөлбөртөө хоёр талын нислэгийн тийз, орчуулагч болон хөтчийн үйлчилгээ, 4-5 одтой зочид буудал, аяллын өдрүүдэд үйлчлэх унаа, үзвэр үйлчилгээ, өдрийн хоол, аяллын даатгал зэргийг багтаажээ. Мөн зочид буудлын зэрэглэлээс хамаарч үнэ өөр өөр байна.
Б.Нарангэрэл
Холбоотой мэдээ