ШҮҮРС АЛДАЖ БАЙЛАА
Анх 44 их наядын хохиролтой 11000 машин нүүрс хилээр бүртгэлгүй гаргасан нүүрсний гэх хэргийг олон нийтэд Ерөнхий сайд мэдэгдсэн. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй дүйх энэ тоог хэлэх тоолондоо эрх баригчид шүүрс алдан, шогширч байв.Залуус жагсав. Тэрхүү жагсаал залуусын сэтгэлийн дуудлагаар бус МОХ/Монголын оюутны холбоо/-ны зохион байгуулсан “бузар” биеэ үнэлэлт болохыг зарлав. Одоогоос яг жилийн өмнө Ерөнхий сайд 2022 оны арванхоёрдугаар сарын 7-нд жагсагчидтай уулзахдаа “Эрх ашгаа хөндүүлж байгаа олон эрх мэдэлтний ятгалагт орохгүй гэдэгт Ерөнхий сайдын хувьд би итгэж байна” гэж амласан төдийгүй “Нүүрсний хулгайчдын ятгалагт автахгүй тэмцэж чадна гэдэгт иргэддээ итгэж байна” гэсэн юм. Тухайн үед эл хэргийн ард буй 17 улстөрчийн нэрсийг зарлана гэж шантаажилж байсан залуу үнэнд гүйцэгдэв. Одоо элдэв сенсааци, уянгын халилаа хаяад харвал тэд үлгэрээ үргэлжлүүлэн ярьсаар байна. Өнөөдөр нүүрсний гэх 11 хэрэг шүүхээр шийдэгджээ. Тэр нь автомашин, чиргүүлийг үзлэг оруулахгүйгээр мэдээллийн санд техникийн хяналтын үзлэгт оруулж, тэнцсэн мэтээр хуурамч мэдээлэл оруулсан гэх шалдир хэргүүд… Шүүрс алдаад байсан хэрэг нь ийнхүү шүүлгэж байна. Нүүрсчдийн нам, мам яриад л уянгалж, гасалж байгаад зарласан энэ хэрэг аль хэзээний утаа болон замхрах шатандаа оржээ.
ХУЛГАЙЧИЙГ БАРИАРАЙ
Хулгайч “хулгайчийг бариарай” гэж хамгийн түрүүлж хашгирдаг гэдэг. Гэтэл нүүрсний хэргийн сонсголын “байцаагчдын” бүрэлдэхүүнийг хараарай. Бодлогын биш ээ, түгжрэлийн… Бас үгүй юм, ногоон автобусны хэргээр ажлаа давхар дээлнээсээ салсан Ж.Сүхбаатар нүүрсний сонсголд шударгуу царай гаргаад суух… Сэтгэвээс намынхаа даалгавраар нүүрээ ширлэх занаанд орсон бололтой. Ногоон автобусны хэргийн тохироо намын ерөнхий нарийн бичгийн даргын өрөөнд эхэлсэн талаар ам алдсаны балгаар тэр шахаанд оржээ.
Д.Амарбаясгалангийн өрөөнд тэрбумаар яригдах төсөв, тендерийн олон асуудал шийдэгддэг агаад амиа авч үлдэхийн тулд Ж.Сүхбаатар ам нээсэн.
Түүнээс өмнө нүүрсний хэрэгт холбогдуулан Хятадын хууль хяналтынхнаас тусламж хүсэхэд энэ хэрэгт холбоотой хүмүүсийн нэрсийн жагсаалтын эхэнд Д.Амарбаясгалангийн нэр биш ч албан тушаал дурайсан гэж улс төрийн хүрээний дунд шивнэцгээдэг.
Түүнээс ч өмнө ЖДҮ-ийг дэмжих сангийн хулгайд Д.Амарбаясгалангийн нэр холбогдсон уу холбогдсон. Гэхдээ тэд замхруулж чадсан юм. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нар ч ганц л зүйлийг хэлээд байгаа нь энэ хэрэгт намын удирдлага, нөлөө бүхий гишүүд бултаараа оролцсон гэж… Гэтэл сонсгол эхэлсэн эхний өдөр том биш жижиг, улсын биш хувьцаат Тавантолгойг яриад сууж байна.
ӨӨР НЭРТЭЙ ХУЛГАЙ Ч ӨМНӨ ҮЗСЭН ЖҮЖИГ
Өмнө Хөгжлийн банкны сонсголоор сөрөг хүчнээ харлуулаад, байж болох хувилбараар өөрсдийнхөө хулгайг баллуурдахыг оролдсон тэд яг тэр маягаараа нүүрсний хулгайн сонсголоо хийлээ. Хөшиг нээгдэхэд гэм зэмтэй хүнээр “Ажнай”-н Д.Бат-Эрдэнийг суулгасан байх агаад эхнэрийнхээ ногдол ашгийг өөрийнхөө дансаар авсан, түүнийгээ банк бус санхүүгийн байгууллагаараа өсгөсөн ч гэх шиг хөгийн юм асуугаад сууж байна. Өмнө нь ч сөрөг хүчнээ ийнхүү байдлаар харлуулж, өөрсдөө хувилгаан дүрд тоглоцгоосон. Яг л тэр хэвээрээ. Ядаж байхад өөрийгөө төсөв, санхүүгээр мэргэшсэн гэдэг Т.Доржханд нь хувьцааны ногдол ашгийг ББСБ-д оруулах нь мөнгө угаах хэрэг мэтээр өөрийгөө үгүйсгээд сууж байх нь өрөвдөлтэй. Батганы толгой болох гээд барын сүүл болчихсон тэрбээр МАН-ын давхар дээлийг өмсүүлж, хир буртагийг нь арчдаг хөөрхийлөлтэй амьтан болсноо ч анзаарсангүй. Бардам ам, шалдан гуятай өнөөгийн эрх баригчдын хоосон сүржигнэл хөгийн сенсаациар сарниулан үргэлжилж байна.
Цаашид хэрхэн үлгэржлэхийг нь өмнөх сонсголоос үзсэн болохоор үргэлжлүүлэн улиглах нь илүүц биз.
Харин түүний оронд үр хүүхэд, өтгөс буурлууддаа анхаарлаа хандуулахыг танд зөвлөе. Тэдний бий болгосон бактерлогийн үйлдвэрийн утаа бид бүгд уушиглаж байна.
Холбоотой мэдээ