Сурвалжлага: Угаалгын газруудыг цэвэр ус ашиглахыг хориглож болохгүй

Хуучирсан мэдээ: 2023.12.05-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Угаалгын газруудыг цэвэр ус ашиглахыг хориглож болохгүй

Сурвалжлага: Угаалгын газруудыг цэвэр ус ашиглахыг хориглож болохгүй

"Машин угаалга" гэсэн том самбар бүхий угаалгын газрууд хотын зам дагуу эгнэнэ. Баянбүрд орчимд байрлах угаалгын газар руу ороход машинаа угаалгахаар ээлжээ хүлээн сандал дээр сонин, сэтгүүл эргүүлэн сууж буй хүн цөөнгүй харагдав. Авто угаалгын газарт усны гуталтай хоёр угаагч залуу машин угааж байсан юм. Тэдний нэг нь усны насосоор машины шалавч шүршиж, ус нь ус зайлуулах шугам руу орж харагдана.

“Манай "New car wash" авто угаалга үйл ажиллагаагаа явуулаад 10 жил болж байна. Шинэ он гарсны дараагаар саарал ус ашиглах мэдээллийг авсан. Саарал усаа цэвэршүүлж ашиглах тоног төхөөрөмжийг Хятадаас захиалчихсан байгаа. Цаашдаа үйл ажиллагаагаа явуулахдаа саарал ус ашиглах бүрэн боломжтой" гэдгийг  авто угаалгын газрын Зохион байгуулагч Г.Батбаяр яриандаа онцолсон юм.

Энэ авто угаалгын хувьд нэг өдөрт дунджаар 30-70 автомашиныг цэвэр усаар угааж, цэвэрлэдэг байна.

Ойролцоогоор нэг машиныг угаахад 100 литр ус ашигладаг гэнэ. Уг авто угаалгын газар нь төвийн шугамд холбогдсон учраас тэндээс угаалга хийх усаа ашигладаг гэдгийг ажилчид нь хэлж байв.

“Дэлхийн улс орнуудад Монгол шиг цэвэр усаар авто угаалга хийдэг улс байхгүй. Авто угаалгын газрууд нь дахин боловсруулсан саарал усыг ашигладаг. Монголд энэ системийг нэвтрүүлэх цаг нь болсон. Ирээдүйн үр хүүхдүүддээ цэвэр усаа нөөцөлж, уулгах нь зүйтэй” гэдгийг автомашинаа угаалгаж байсан иргэн хэлэв.

Авто угаалгын газруудыг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс цэвэр ус ашиглахыг хориглохоор болсон. Зарим иргэд саарал ус ашиглахын тулд эхлээд дэд бүтэц, шугам сүлжээгээ хийе гэдэг саналыг хэлдэг. Гэтэл нийслэлд 130 гаруй автомашин угаалгын газар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 50 хувь нь зөөврийн цэвэр ус ашиглаж байгааг албаныхан мэдээлж байсан юм.

Машин угаалгууд нэг машиныг багадаа 80-100 литр цэвэр усаар угаадаг байна. Энэ тооцооллоор өдөрт нэг угаалгын газраар 20-70 автомашин үйлчлүүлдэг аж.

Нийслэлд нийтдээ 650 гаруй мянган автомашин бий. Тэдгээрт 130 гаруй бүртгэлтэй авто угаалгын газрууд үйлчилдэг гэж бодохоор бидний хэдэн жил уух цэвэр усыг урсгаж байна гэсэн үг.

"АВТО УГААЛГЫН ГАЗАР САРД ЦЭВЭР УС АШИГЛАСНЫ ТӨЛБӨРТ 600 МЯНГАН ТӨГРӨГИЙГ ТӨЛДӨГ"

“Эхлээд саарал ус ашиглахын тулд дэд бүтцээ хөгжүүлэх хэрэгтэй. Тэгэхгүйгээр шууд авто угаалгын газрууд цэвэр ус ашиглахыг хориглож болохгүй. Санал нийлэхгүй байна. Төр засгаас гаргаж байгаа шийдвэр учраас саарал ус цэвэршүүлэх тоног төхөөрөмжөө аваад тавьчихсан байгаа. Тоног төхөөрөмж нь хамгийн багадаа 18-30 гаруй сая төгрөгийн үнэтэй байдаг. Хамгийн гол нь хүнсний үйлдвэрийн хаягдал ус, барилгын шүүрлийн усаа хаанаас хэдэн төгрөгөөр худалдаж авах юм бэ. Тэр бүх мэдээлэл нь тодорхойгүй байгаа. Бас л мөнгө идэх арга болох байх” гэдэг талаар ЭХЭМҮТ-ийн замын хойно үйл ажиллагаа явуулдаг авто угаалгын эзэн Ж.Энхсайхан ярьсан юм.

Энэ авто угаалгын газар нэг сард 70 метр.куб цэвэр ус ашигладаг байна. Авто угаалгын хувьд нэг сард цэвэр ус ашигласны төлбөрт 600 орчим мянган төгрөгийг төлдөг аж.

Авто угаалгын газар ажиллуулдаг Ж.Энхсайханы хувьд цаашдаа үнэ өртгийн хувьд саарал ус ашигласнаар хямд тусах эсэхэд эргэлзэж байгаагаа нуусангүй.

"УГААЛГЫН ГАЗРУУД ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХАЯГДАЛ УС, БАРИЛГЫН ШҮҮРЛИЙН УСЫГ АШИГЛАХ БОЛОМЖТОЙ"

БОАЖЯ-ны харьяа Усны газрын дарга З.Батбаяр:

-Харамсалтай нь Монгол Улсад ус ашиглаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудаас ус ашигласны төлбөр төлдөггүй, ус ашиглах зөвшөөрөл буюу дүгнэлт гаргуулахгүйгээр ажилласаар байна. Үүний цаана хүмүүсээс төлбөр мөнгө авч, ашиг олох гэсэн юм биш. Нэгдүгээрт, хэн хаана хэдэн литр, м.куб усыг ашиглаж байна вэ гэдгийг тодорхойлно. Ашигласан усны хэмжээг нь тогтоосноор гарч байгаа хаягдал усанд хяналт тавьж, тухайн үйл ажиллагааг нь зөвшөөрөх үү гэдгийг шийдвэрлэх юм. Үүнийг сайн ойлгоорой.

Тухайлбал, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхээ больсон. Тэгвэл дахин шинээр үйлдвэр нээх боломж байгаа юу. Энийг ус ашиглах зөвшөөрлийн мэргэжлийн дүгнэлтээр дамжуулж, олгодог. Энэ оны наймдугаар сараас барилгын үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын шүүрлийн усанд дүгнэлт гаргаж, төлбөр тавьж эхэлсэн. Тодруулбал, 10-аад компанийн шүүрүүлж байгаа усны хэмжээ сарын дотор хоёр сая м/куб болж байна. Гэтэл Ус сувгийн удирдах газар жилдээ 48 сая м/куб усыг нийлүүлдэг. Тэгэхээр барилгын салбарын сарын шүүрлийн ус нийт жилийн усны 10 хувийг нийлүүлж байна. Нэг талдаа шүүрлийн усаар их хэмжээний ус алдаж байгааг харуулж байна. Нөгөө талдаа Ус сувгийн удирдах газартай ярилцаад 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс автомашин угаалгын газруудад цэвэр ус өгөхийг хориглоно. Ингэснээр гэрээ байгуулахгүйгээр цэвэр усыг нийлүүлэхгүй болно. Энэ тохиолдолд машин угаалгын газрууд маань хүнсний үйлдвэрийн хаягдал ус болон барилгын шүүрлийн усыг ашиглах бүрэн боломжтой. Ингэснээр автомашин угаалгын газруудын зардал ч багасна. Мөн барилгын шүүрлийн усыг дахин ашиглаж, Төв цэвэрлэх байгууламжийн ачаалал багасч, Туул голын бохирдол буурна.

Автомашин угаалгын газруудын дараа арьс ширний, ноос ноолуурын их хэмжээгээр ус ашигладаг үйлдвэр, зочид буудлууд, бассейн, нийтийн бие засах газар хамрагдана.

Тийм учраас Усны газраас ард иргэдээсээ дэмжлэг хүсч байна. Учир нь манай байгууллагаас аливаа үйл ажиллагаа эхлэхийн өмнө ашиглах боломжит нөөцийн дүгнэлт гэж гаргадаг. Ус ашигласны болон хаягдал усны дүгнэлтийг бас гаргана. Ингээд Усны тухай хууль болон ус бохирдуулсны төлбөрийн бүхэл бүтэн процесс явж байгаа учраас маш олон газартай хамтран ажиллана. Ард иргэд маань мэдээ мэдээлэл өгөхийг хүсье” гэсэн юм.

Гэрэл зургийг Ч.Дарханбаяр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж