Авлигатай тэмцэх нэрээр ардчиллаа тавьж тууж болохгүй!

Хуучирсан мэдээ: 2023.12.04-нд нийтлэгдсэн

Авлигатай тэмцэх нэрээр ардчиллаа тавьж тууж болохгүй!

Авлигатай тэмцэх нэрээр ардчиллаа тавьж тууж болохгүй!

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр АТГ-ыг байгуулахдаа наанаа авлигатай тэмцэнэ гэж бодсон байх. Цаанаа өөр зорилготой, өөрөөсөө өөр үзэл бодолтнуудыг намнахад ашиглана гэж тооцсон ч биз. Хамгийн хоржоонтой нь, тэрбээр авлигын хэргээр ял шийтгэл амссан анхны Ерөнхийлөгч болсон юм. АТГ түүний оймсыг нь гозолзуулаад баривчилж байсан нь оны онцлох дуулиан болж байлаа.

Монголчууд анх 1996 онд Авлигын эсрэг хуулийг, 2002 онд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг, 2007 онд АТГ байгуулснаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Үр дүн нь гэвэл авлигын индексээр арагшилж, авлига тогтмол өсч буй 10 орны нэг болжээ. “Транспаренси Интернэшнл” олон улсын байгууллагаас гаргасан үзүүлэлтээр Монгол 2017 онд 103-т, 2018 онд 93-т, 2019 онд 106-д, 2020 онд 111-т, 2021 онд 110-т, 2022 онд 116 байрт орсон.

Иймээс УИХ-ын чуулганы индэр дээрээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигын шүүх байгуулах шалтаг, шалтгаанаа танилцуулахдаа “Авлигын голомтыг таслахгүйгээр бид шинэ 30 жилийг цогцлоох боломжгүй”, “Авлига ард иргэдийн шударгаар хөдөлмөр эрхлэх хүсэл эрмэлзлийг мохоож байна”, “Идээг шахахгүй нууж аргацаасаар байвал нэг л өдөр буглаж, ардчилсан Монгол төрийн аминд хүрэх аюултай” гэхчилэн нөхцөл байдлаа тайлбарлав. Авчиг, авлигатай тэмцэх нэрээр ардчиллаа тавьж тууж болохгүй.  Х.Тэмүүжингийн “Авлигын шүүх байгуулах нь “Ах аа намайг бодоорой” гээд Ерөнхийлөгчид хонгил бэлэглэхтэй ижил” болохыг хэлээд яриад явааг анзаарч сонсчиход гэмгүй. Хожмоо “би юу хийчих вэ” гэж амаа барихгүйн тулд шүү дээ.

Олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр дэлхийн 27 улс авлигын дагнасан шүүх байгуулсан тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илтгэлдээ дурдсан. Тэдгээр нь Ази, Африк, зүүн Европын “улны” голдуу улсууд. Бангладеш, Индонез, Пакистан, Нигери,Тайланд гэх мэтчилэн… Товчхондоо, эдийн засгийн хөгжил муутай, иргэдийнх нь амьжиргааны төвшин сул, хууль биш хувь хүн, гэр бүл засагладаг орнууд авлигын дагнасан шүүхтэй байна. Хүний эрхийг дээдэлдэг, эдийн засгийн хөгжил сайтай улс орнуудад ийм шүүх байдаггүйг Ардын намынхан ч өөрсдөө шүүмжлэх болсон.  Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатарын "Энэ төрлийн гэмт хэргийг шийддэг хүмүүсийг хязгаарлаад өгөхөөр авлигачид хэнтэй ажиллах вэ гэдэг нь тодорхой болчих юм биш шүү" гэх асуулт хардах ёстой өнцөг мөн.

Авлига Монголыг сүйрүүлж байгаа юу гэвэл тийм. Хамгийн том авлигач, хулгайч нар нь Төрийн ордонд заларч, хууль батлаад явж байгаатай тэмцэх ёстой юу гэвэл ёстой. Гэхдээ зорилго нь агуулга зөвтгөдөг үе өнгөрсөн. Үнэнийг хэлэхэд авлигын хэргийг шүүдэг тусгай шүүгчтэй болсноор авлига буурна гэдэгт Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өөрөө ч итгэж буй эсэх нь эргэлзээтэй.

Тэрбээр Байнгын хорооны хуралдаан дээр хуулийн төслөө танилцуулахдаа "анхан шатны шүүгчид санхүү, хөрөнгө мөнгө, татварын талаар мэдлэггүй байна" гэжээ. Хэрэв тийм бол тэдгээр шүүгч нарт санхүү, татварын мэдлэг олгох, мэргэшүүлэх тухай ярих ёстой юм. Олон хүн сайнтай муутай гэдэгчлэн тоо уншиж мэдэхгүй, татвар, санхүүгийн мэдлэг муутай шүүгч Монголд олон. Ёс зүйн хувьд ч дутагдалтай шүүгч бий, бий.  Тиймээс эхлээд хуульч, шүүгч бэлтгэдэг сургуулиудынхаа чанар, чансаад анхаарах ёстой юм. Н.Учралын “Их засаг”-ийг дуулж, хуурдаж төгссөн хүмүүс өнөөдөр Монголд хуульч, шүүгч хийгээд явж байна гээд бод.

Хар ухаанаар бодоход авлигаар дагнасан шүүгчтэй болсон тохиолдолд авлигачдын шүүгчид өгдөг мөнгөний хэмжээ нэмэгдэнэ үү гэхээс авлига буурахгүй ойлгомжтой. Үүнийг захын нохой ч бараг гадарлахтайгаа. Авлига ямар тохиолдолд буурах вэ гэвэл аливаа салбарт төрийн оролцоо, эрх мэдэл буурсан, багассан цагт. Төр нь ядуу, иргэд нь баян байж л авлига буурна. Түүнээс Авлигатай тэмцэх газар байгууллаа гээд авлигачид нь айж, ичиж байгаа нь хаана байна. Авлигын хэмжээ нь нэмэгдэж, авлигачдынх нь тоо нь өсч, индекс нь эсрэгээрээ унасаар байгаа биз дээ. Төрийн нэг хурган даргын гэрийг ухахад л  арван тэрбум төгрөг өлхөн гарч ирж байна. Авсан авлигаа оймсондоо нуух хүртэл Монголын төр авлигадаа идэгдсэн. Энэ нь  өнгөрсөн хугацаанд АТГ ажлаа олигтой хийдэггүй, аль эсвэл авлига авдаг байсан гэсэн үг.

Хоёрдож, авлигаар дагнасан шүүгчтэй болсноор эрх баригчид өрсөлдөгчөө, өөрөөсөө өөр үзэл бодолтноо нэгнээ намнах зэвсэг нь болгон ашиглах эрсдэлтэй. Ийм жишээ ч цөөнгүй гарсан. Х.Баттулгын захиалгын шүүхээр хэн, хэн намнуулсан билээ, бэлээхэн жишээ, сургамж байна. ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга нь прокурор, шүүгчид авлига өгөөд бусдад ял захиалж байсан баримт нь схемтэйгээ өмгөөлөгч Б.Баасанцогтын компьютерээс олдож байсан. Гэх мэтчилэн авлига Монголын аранга болсон нь үнэн хэдий ч нуухыг нь авах нэрээр нүдийг нь сохолчихож болохгүй биз.

Хууль зүйн сайд Б.Энхбаярын хэлснээр “Авилгын хэргийг анхан шатны шүүхээр шийддэгийг л болиулж байгаа"-гийн үр урхаг өнөө маргаашдаа биш гэхнээ алсдаа илүү аюултай байдал руу гулсаж мэднэ. Анхан шатны шүүхийн эрх мэдлийг булааж авч, давж заалдах шатны шүүх дээр төвлөрүүлэх нь авлигачдад ашигтай болж хувирна. Жинхэнэ авлигачид чинь тээр дээр сууж байна. Тэдний үгээр өрсөлдөгчдийг нь намнадаг болбол АН-ынхны хэлээд байгаа 1937 он жинхэнээсээ эргэж ирнэ шүү.  Анхан шатны 30-40 шүүгчийн шийддэг асуудлыг давж заалдах шатны арав хүрэхгүй шүүгч хариуцаад эхлэхээр шүүхийн тэнцвэрт байдал адаглаад алдагдана. Монгол Улсын нэрийн өмнөөс бусдад ял өгдөг  нь анхан шатны шүүх. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэр зөв гарсан уу, буруу гарсан уу гэдгийг хэлэлцдэг. Гэтэл хуулийн сайд нь анхан шатны шүүгчид мэдлэг боловсролгүйг гайхаад сууж байх жишээний. Тэгээд мэдлэг боловсролгүй шүүгчээр нь ард иргэд шүүлгүүлдэг, авлигачдад мэргэшсэн шүүгч хэрэгтэй гэвэл жинхэнэ даабль стандарт болох биш үү.

Тэр тусмаа авлигаар дагнасан шүүгчид авлигачдаасаа авлига авахгүй гэсэн баталгаа хаана байна. Товчхондоо, манаачийг хэн манах вэ гэдэг нь анхаарлын тэмдэг. Бүр том анхаарлын тэмдэг нь авлигатай тэмцэх нэрээр авторитори дэглэм рүү улсаа аваад орчих вий л гэж?!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж