УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2023.12.04/ ээлжит мэдээллээ хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Хууль дагасан маш олон журам байдаг. Маш том эрхүүдийг авдаг. Тэр эрхээрээ дамжуулан иргэдийн үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг тэр журмаараа хааж байна. Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын оруулж ирж байгаа хуулийн төслийг яаралтай горимоор оруулж, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаатай болгох ёстой. Жишээлбэл, Зариг.мн сайт байна. Нэг хүний бус нэг байгууллагын нийт сэтгүүлчийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг хаах нь буруу.
УИХ-ын гишүүн Н.Ганибал:
-Ардчилсан намын бүлэг хоёр асуудлыг хэлэлцлээ. Нэгд, "Өргүй Монгол" аяны талаар мэдээлэл сонсч, байр сууриа нэгтгэсэн. Хоёрт, чөлөөт хэвлэлийг хуулиас давсан журмаар хааж байгаа талаар ярилцлаа. Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөө тодорхой хэмжээнд хамгаалагдсан хэдий ч янз бүрийн хуулийн цоорхой их байна. Эрх баригчид хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах боломжгүй гарцыг тун сурамгай ашиглаж байгааг харлаа. Энийг нэн яаралтай зогсоох шаардлагатай. Ардчиллын тулгуур болсон хэвлэн нийтлэх эрхийг хамгаалах хуулийг нэн яаралтай өргөн барьж, ажиллахыг шаардлаа.
"ОРОН НУТАГТ БИНЗЕН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ ҮҮСЭЭД САР ГАРУЙ ХУГАЦАА БОЛЖ БАЙНА"
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
-"Өрийн дарамтгүй Монгол" хэлэлцүүлэг өндөрлөж байгаа. Монгол Улсын шинээр төрсөн иргэн бүр 33 сая төгрөгийн өртэй гэдэг. Монгол Улсаараа 33-34 тэрбум ам.долларын өртэй байгаа. Энийг 3.4 сая иргэндээ хуваахаар шинэ төрсөн иргэн бүр 10 мянган ам.доллар буюу 34 сая төгрөгийн өртэй байна гэдгийг ярьж байгаа. Монголбанк нь асуудлыг огт ярьдаггүй. Өр иргэдийн амьдрал руу орж, нөлөөлөөд эхэлсэн. Хөдөө орон нутагт иргэдийн гар дээр мөнгө алга. Эдийн засгийн цусны эргэлт тасарсан. Цагаан идээ, мах, сүү борлохгүй байна. Ногоочин, тариаланчид ч ялгаа байхгүй. Иргэд бэлэн мөнгөгүй цалингийн зээлийн өрөнд орсон байна. Хөдөө орон нутагт бензин шатахууны хомсдол үүсээд нэг сар гаруй хугацаа болж байна. Монголчууд жил бүр арванхоёрдугаар сарын 7-нд эхэлдэг малын тооллогоос өмнө малаа бойлж, махыг нь борлуулдаг. Хөдөөд малаа бойлох хүн ч алга. Махыг нь худалдаж авах ч хүн байхгүй болсон байна. Өвс тэжээлийн хомсдолд орсон.
Улсын төсвийг батлахдаа нэг их наяд төгрөгийн зээлийн хүү төлөх мөнгийг баталсан. Энгийнээр тайлбарлавал жил бүр Монгол Улсын гадаад өрийн хүүд таван сая толгой хонь өгөх хэмжээний мөнгө яригдаж байгаа. Энэ мөнгийг улсын хөгжилд зарцуулах боломжтой ч эрх баригчид бүх муу муухайг Ардчилсан нам руу чихсээр ирсэн.
Ард иргэдийн амьдрал өрийн дарамт, үнийн өсөлт дунд амьдарч байна.
Холбоотой мэдээ