Хоёр Солонгос хоорондын цэргийн хэлэлцээрийг цуцалсан тул хойгт биет мөргөлдөөн, дайн гарах нь цаг хугацааны л асуудал болсныг Пёньян Ням гаригт анхааруулав. Мөн Өмнөд Солонгос улс аливаа дайсагнасан үйлдэл гаргавал бүрэн сүйрнэ гэж сүрдүүлжээ.
Тус улсын цэргийн шинжээч 2018 оны иж бүрэн хэлэлцээрийг цуцалсанд Өмнөдийн талыг буруутгасан байна. "Хоёр Солонгосын цэргийн хэлэлцээрийг хүчингүй болгох зорилготой бодлогогүй, болгоомжгүй алхмуудын улмаас хэлэлцээр батлагдахаас өмнөх үе шиг ноцтой мөргөлдөөн дахин үүслээ. 2018 оны хэлэлцээр нь хурц сөргөлдөөнтэй хилийн шугамын дагуух бүсэд санамсаргүй мөргөлдөөн гарахаас урьдчилан сэргийлэх хамгийн бага механизм, хамгийн эцсийн шугам байсан. Өдгөө Солонгосын хойгт биет мөргөлдөөн, дайн дэгдэх нь магадлалын тухай асуудал биш цаг хугацааны л асуудал болсон. Хойд Солонгос улс хиймэл дагуул хөөргөх нь тусгаар тогтносон улсын хууль ёсны эрх. Үүний хариуд Өмнөдийн зүгээс хэлэлцээрийг зогсоох нь утгагүй юм.
Хэрвээ Умардын тал хиймэл дагуул хөөргөөд гэрээг зөрчсөн гэж байгаа юм бол Өмнөд Солонгос ч цэргийн тагнуулын хиймэл дагуулаа хөөргөсөн нь ялгаагүй асуудал. Хойд Солонгосын эсрэг утсан хүүхэлдэйн бүлэглэлийн аливаа дайсагнасан үйлдэл нь Өмнөдийг бүхэлд нь сүйрүүлэх болно" гэв.
Үүний хариуд Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам "Пёньян баллистик пуужингийн технологи ашиглан пуужин хөөргөх нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг илт зөрчсөн үйлдэл" гэж мэдэгдэл хийлээ.
Эх сурвалж: YONHAP