НҮБ-аас жил тутам зохион байгуулдаг "COP28" уур амьсгалын бага хурал Арабын нэгдсэн Эмиратын Дубай хотноо үргэлжилж байна. Хурал өнгөрсөн Пүрэв гаригт эхэлсэн бөгөөд арванхоёрдугаар сарын 12 хүртэл үргэлжлэх юм.
Дэлхийн хэмжээнд тулгамдаад буй томоохон асуудлыг шийдвэрлэх зорилготой шинэлэг төслийг боловсруулсан оюутнууд "COP28″-аас шагнал хүртжээ. Оксфордын их сургуулийн оюутнуудын боловсруулсан төсөл нь "Digital Twins 4 Tailing Dams" нэртэй хиймэл оюун ухаанд суурилсан анхааруулгын систем юм. Энэ нь уурхай дахь гамшгаас урьдчилан сэргийлэх зорилготой дохиоллын систем ажээ. "Өгөгдлийн шинжлэх ухаан ба хиймэл оюун ухаантай шийдлүүд" төрлөөс уг төсөл нь шагнал хүртжээ.
Тэгвэл Оксфордын их сургуулийн төслийн багт монгол оюутан Б.Марал байсныг "BBC" агентлаг онцолжээ. Тэрбээр "Би дэлхийн хамгийн их нөөц баялагтай орны нэг болох Монголоос ирсэн. Уул уурхайн асар их хэмжээний ашиг тусыг би олж харсан. Үүний зэрэгцээ уул уурхайн сөрөг талыг ч бас олж харсан. Тийм учраас уул уурхайг илүү тогтвортой болгох төслийн нэг хэсэг байхыг үргэлж хүсдэг байсан" гэж ярьжээ.
Шагнал хүртсэн оюутнууд 100 мянган ам.долларын шагналын сангаас хувь хүртэнэ. Ялагчдыг Йел, Принстон, Кембридж, Харвард зэрэг 108 орны 710 их сургуулиас ирүүлсэн 3000 гаруй бүтээлээс шалгаруулжээ.
Синтетик мөөгөнцөр, яаралтай тусламжийн үеийн тарилга, хогийн ургамлыг байгальд ээлтэй хуванцар болгон хувиргах зэрэг төсөл ч бас шагнал хүртсэн байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ