Сонсголыг маргааш 10.00 цагт үргэлжлүүлэхээр болов
"Тавантолгой" ХК-тай холбоотой олборлолтоос бусад үйл ажиллагаа сэдвээр шинжээчийн дүгнэлт сонсч дууслаа. Сонсголыг маргааш 10.00 цагт эхлүүлэхээр болж, өнөөдрийн сонсголыг завсарлууллаа.
Д.Бат-Эрдэнэ: Ногдол ашгаа би хууль ёсны бизнес рүү хийдэг
Жижиг "Тавантолгой" ХК-тай холбоотой нээлттэй сонсгол үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:
-Үдээс өмнөх хуралдаанаар Х.Сугир гэдэг хүн таныг хулгай хийсэн гэсэн. Нүүрс 25 ам.доллараар аваад “Тавантолгой транс” ХК-д 60 хувийг худалдах замаар “Тавантолгой” ХК-д хохирол учруулсан гэдэг зүйл ярьсан. Олборлолтын компанитай холбоотойгоор шинжээчийн дүгнэлтэд дурдсан “Ингүүмэл” компани тантай хамаарал бүхий гэснийг биш гэлээ. 500 орчим тэрбум төгрөгийн гэрээ байгуулагдсан байна, зарим нь тантай холбоотой байна гэсэн.
Гэрчээр дуудагдсан, УИХ-ын гишүүн асан Д.БАТ-ЭРДЭНЭ:
-2004 онд анх “Тавантолгой” ХК нүүрсний экспортыг эхлүүлсэн. Тухайн үед Хятадын хэдэн машин явдаг, монголчууд ойртож чаддаггүй байсан. 2004 онд УИХ-ын гишүүн болоод Цогтцэций суманд очиход хөгшчлүүл уйлаад сууж байсан. Хятадууд ирээд Тавантолгой руугаа ойртож чадахгүй боллоо гэсэн. Бид нар сумын удирдлагуудтай хамт очиж, тэр нөхдүүдтэй уулзсан. “Монголчуудыг яагаад ажиллуулахгүй байна вэ гэсэн. Танай монголчууд 100 тоннын даацтай машин барьж чадахгүй шүү дээ гэсэн. Ардчилсан хувьсгалын үр дүнд хуримтлуулсан мөнгөөрөө буюу 25 сая ам.доллараар “Тавантолгой транс” компанид хөрөнгө оруулалт хийж, Өмнөговь аймгийн 300 хүнд сурагалт явуулж, Монголын анхны үндэсний хөрөнгө оруулалттай хөрс хуулдаг, олборлолт хийдэг компанийг байгуулж, өмнөговьчуудаа ажлын байраар хангаж байсан. Энэ үед нүүрс үнэгүй байсан. УИХ -ын гишүүд 2004-2008 онд нүүрсийг пүү паа гэдэг байсан. 2015, 2016 онд тэдэн машин гарвал тийм ашигтай байна гэдэг болсон. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг нүүрснээс бүрэн хамааралтай болсон.
Өмөнговь аймаг Тавантолгой” ХК, “Тавантолгой транс” энэ нүүрсний экспортыг хийж болох юм байна гэдэг үр дүнгийн дараа “Энержи ресурс”, “Эрдэнэс Тавантолгой” ХК байгуулагдсан. “Тавантолгой транс” ХК-д ажиллаж байсан хүмүүс том, жижиг компани байгуулсан.
Намайг ашиг сонирхлын зөрчлийн хуулийг 2009 оноос зөрчсөн байна гэлээ. Энэ хууль УИХ-аас 2012 оны нэгдүгээр сарын 12-нд батлагдаад тавдугаар сарын 1-ээс хрээгжиж эхэлсэн. 2009 оноос жил дөрвөн сарын хугацаанд “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллах үед ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хууль батлагдаагүй байсан гэдгийг ойлгох хэрэгтэй.
Өнөөдөр монголчууд өөрсдөө нүүрсээ олборлож, экспортолж чаддаг болсон нь их амжилт. Цаашдаа энэ ажил дээр монголчуудыгаа улам идэвхтэй оролцоотой байж, туслан гүйцэтгэгч биш өөрсдөө ил тод хөдөлмөрлөөд үндэсний капиталистууд бий болоосой гэж боддог.
Төр ажиллах боломжийг нь хангах учиртай.
УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:
-Та санхүүгийн зах зээл рүү маш олон хөрөнгө оруулалт хийсэн юм билээ. Хувьцаагаар ногдол ашиг авсан байна. Авсан мөнгөө таныг татвараас зугтаалгасан байна гэдэг мэдээлэл ирчихээд байгаа. Энэнд хариулт өгөөч?
Гэрчээр дуудагдсан, УИХ-ын гишүүн асан Д.БАТ-ЭРДЭНЭ:
-Мөнгө угаана гэдэг нь хууль бус мөнгийг хууль ёсны арга хэмжээ рүү хийгээд цэвэршүүлээд гаргахыг хэлдэг. Ногдол ашгаар авсан мөнгөө би бусад хөрөнгө оруулалтад чөлөөтэй хийдэг. Ногдол ашиг надад тодорхой хэмжээгээр байдаг, энийгээ би хууль ёсны бизнес рүү л хийдэг.
Ногдол ашиг илүү авсан, өөр хүний юм авсан зүйл байхгүй. Эхнэрийнхээ нэр дээрх 216 сая төгрөгийн ногдол ашгийг 2018 онд өөрийнхөө дансанд авсан, энийг буруу ногдол ашиг авсан байна гэдэг. “Ажнай инвест” ХК ийг би өөрөө 100 хувь эзэмшдэг ногдол ашгийг авдаг, энийг хууль бус байна, Монгол дахь банк бус байгууллагад хийсэн нь мөнгө угаасан байна гэдэг таамаг дэвшүүлсэн. Буруу зөрүү зүйл хийгээгүй учраас хуух хаах юм байхгүй.
Д.Бат-Эрдэнэ: "Тавантолгой" ХК-ийн хэмжээнд хувьцааг үнэд оруулбал нэг иргэнд 6.5 саяын ногдол ашиг ногдоно
Нүүрсний сонсголтой холбогдох үдээс хойших хуралдаан үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн О.ЦОГТГЭРЭЛ:
-“Тавантолгой” ХК-ийн Артаг захирал байвал асууя гэж бодсон юм. Шинжээчид танилцуулга хийлээ. “Тавантолгой” ХК-ийн хувьцаа биржээр арилжаалагддаг, топ гурван индексд багтдаг. Нэгж хувьцааны үнэ 13-14 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм байна. Хувьцааг яаж хэрхэн өгөөжтэй болгов. Цаашдаа авах зүйл анхаарах зүйл хэлж өгөөч?
УИХ-ын гишүүн асан, “Ажнай” корпорацын тэргүүн Д.БАТ-ЭРДЭНЭ:
-Өмнөговь аймагт 15 уурхай байдаг, энэ бүх уурхайнууд Монголын эдийн засгийг авч явж байгаа. Монголын экспортын 90 хувийг нь Өмнөговийн уурхайнууд бүрдүүлдэг. Тавантолгой ордын 95.5 хувь дээр “Эрдэнэс Тавантолгой” ХК, 4.1 хувьд нь “Энержи ресурс”, 0.4 хувь дээр нь Өмнөговь аймгийн оролцоотой “Тавантолгой” ХК ажиллаж ирсэн. 2004 онд анх удаа нүүрсний экспортыг энэ уурхай эхлүүлсэн. Анх “Тавантолгой транс” гэж компанийг байгуулаад нүүрсийг 5 ам.доллараар зарж байгаад 8 ам.доллар, дараа нь 25 ам.доллар болгож, өсгөж байсан.
Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит компани болох “Тавантолгой” ХК Монголын хөрөнгийн бирж дээр үнэгүй шахам байсан. Ардчилсан хувьсгалын үр дүнд би 2004 он хүртэл бизнес салбарт ажиллахдаа үнэт цаасны зах зээл дээр ажилласан. Энэ хүрээнд хувьцааг яаж өсгөх тал дээр санаа тавьж ирсэн. Түүний хүчинд “Тавантолгой” ХК-ийн рувьцаа нь хаана ч байхгүйгээр өсөлттэй яваа.
Монголын ард түмэн хувьцааг нь эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой” ХК ийн хувьцаа орон нутгийн “Тавантолгой” компанийн хувьцаа шиг үнэтэй байгаасай гэж хүсдэг. “Тавантолгой” ХК-ийн хувьцааны үнэ 13500 төгрөг болсон. Нэгж хувьцаанд 5500 төгрөгийн ногдол ашиг өгч байгаа. Хэрвээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг амь оруулж, үнэ хүргэж чадсан бол Монгол Улсын нэг иргэн 6.5 сая төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр авах бүрэн боломж байсан.
Шинжээч нар гүтгэлгийн чанартай мэдээллүүд хийж байгаад анхаарах хэрэгтэй. Бид нар цөөхүүлээ нэгнийгээ муулж хөгжих юм уу. Эдийн засаг тэлэхгүй бол номчирхсоор байгаад дуусна. Нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.доллар хүрч халалт багасна.
Би компанийг удирдаж, мөнгө өсгөж явсан хүний хувьд зардлыг багасгах ёстой гэж үздэг. “Тавантолгой” ХК ямар зардлаар хөрс хуулалтыг хийсэн бэ. 1 м куб шороог хэдээр хуулсан бэ гэдгийг яагаад гаргаж тавихгүй байна вэ. Хамгийн хямд үнээр хөрс хуулалт хийж байсан. Том компаниуд ордоггүй байсан. Гэтэл Засгийн газраас “Тавантолгой” ХК-д БЭТ тавигдасанаар хөрс хуулалтын зардал 45-50 хувь нэмэгдсэн. Улаанбаатар хотын том компани орсон. Яагаад энэ асуудлыг ярихгүй байна.
1072 хувьцаагаа амьд болгох ёстой. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувиа хувьчил.Үндэсний компаниуддаа хувьчил. Хувьцаагаар нь дамжуулж үндэсний компаниудаа босгож ирэх хэрэгтэй. Орон нутгийн 49 хувь нь сайн ажиллахаар 51 хувь нь үнэд ороод эхэлдэг.
“Х.Сугир уул уурхайн мэдлэггүй хэрнээ УИХ-ын гишүүдийг буруу мэдээллээр хангаж ирсэн”
УИХ-ын гишүүн Ж.СҮХБААТАР:
-Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 51 хувийг эзэмшдэг юм байж. Ногдол ашиг хэлбэрээр хэдийг авав. “Ажнай” корпораци, “Шандас импекс” хэдийг авсан юм. Сүүлийн үеийн байдлаар нь бас хэлж болох юм.
Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан Х.СУГИР:
-Өмнөговь аймгийн хэмжээнд ногдол ашиг гайгүй авч ирсэн. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга байх үеийн ногдол ашгийг хэлье. 2011 онд 34.9 тэрбум , 2012 онд 36.7 тэрбум, 2013 онд 4 тэрбум, 2014 онд 22.1 тэрбум, 2015 онд 6.9 тэрбум, 2016 онд байхгүй, 2017 онд 23.4 тэрбум, 2018 онд 64.7 тэрбум, 2019 онд 24 тэрбумыг ногдол ашгаар өгч байсан. Хамгийн их нүүрсийг 2010, 2011 онд Д.Бат-Эрдэнийг ТУЗ -ийн дарга байхад 14 сая тонн шахам нүүрс экспортод гаргасан. Нэг тонн нүүрсээ 25 хан ам.доллараар зарсан. 2017 оноос нүүрсний үнээ нэмэгдүүлэх шарадлага тавьж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай ижил үнээр зарах гэж их олон жилийг үрсэн. 2019 оноос нэг тонн нүүрсний үнийг 70 ам.доллараар гаргадаг болсон. 2018 онд хамгийн их 64.7 тэрбумын ногдол ашиг авдаг болсон. Тэрнээс хойш ногдол ашиг боломжийн авдаг болсон.
“Тавантолгой” ХК-ийн захирал асан Р.СЭДДОРЖ:
-1997 оны Ашигт малтмалын тухай хууль гарснаар “Тавантолгой” ХК нь Тавантолгой ордын 0.4 хувь дээр үйл ажиллагаа эрхэлдэг. Энэ компанийн 12.9 хувийг дэлхийн 10 гаруй орны 2300 хувьцаа эзэмшигч Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаа эзэмшсэн. Дандаа топ-д явдаг. Ногдол ашиг сайн өгдөг учраас хувьцааг нь гадаадынхан сайн авдаг. Өнгөрсөн хугацаанд 650 гаруй тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ олгосны 288 тэрбумыг аймагт өгсөн. аймагт олгосон ногдол ашгаар автзам тавьж, сургууль цэцэрлэг барьсан. Өвөлжилт хүндэрхэд өвс тэжээлээс эхлээд бүхий л асуудлыг шийдвэрлэж ирсэн. Сургууль, цэцэрлэгийн багш нарынхаа цалинг ч нэмэгдүүлж ирсэн.
“Тавантолгой” ХК-ийн ТУЗ- ийн гишүүн хийж байгаа Х.Сугир дарга их юм мэддэг юм шиг ярьж ирсэн. Уул уурхайн мэдээлэл сайн биш хэрнээ дэлхийн зах зээлийн ханш, уурхайн ам нөхцөл зэргийг хольж ярьдаг. УИХ-ын гишүүдийг буруу мэдээллээр хангаж ирсэн. Уурхайн амны үнэ, Ганц мод боомт дахь 280 км ын цаана байгаа үнэтэй хольж ярьдаг. Хоорондоо асар их ялгаатай, тээврийн үнэ, гаалийн татвар нь орсон,өөр өөр байршил дээр байдаг үнийг хольж ярьдаг. Тяньжины боомт дээр байдаг үнийг хольж ярьдаг. Ижилхэн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи ресурс” компани, “Тавантолгой” ХК амьдрахын тулд өрсөлддөг. Ганц модны үнэ 70 хэдэн ам.доллар байхад уурхайн ам дээр 25 ам.доллараар олон жил зарсан гэдэг. “Тавантолгой” ХК 0.4 хувь дээр байгаа 1966 оноос хойш ажилласан. Эргэн тойрон “Эрдэнэс Тавантолгой”-н уурхайгаар хүрээлэгдсэн, сумдынхаа уурын зуухыг халаахын тулд амьдрах хэрэгтэй байсан. Бүх худалдан авагч нь “Энержи ресурс”, “Эрдэнэс Тавантолгой” руу явчихдаг. “Тавантолгой” ХК үнэ ханшаа буулгахаас аргагүй байсан, Татварын ерөнхий газар мэдэж байгаа, аудит мэдэж байгаа. Өмнөговь аймгийн 75 мянган иргэн эзэмшдэг, “Тавантолгой” ХК –ийг өдий өндөр үр ашигтай ажилуулж ирсэн нь хамт олны хөдөлмөр. “Тавантолгой” ХК-ийн бичиг баримтын тухайд Архивын ерөнхий газрын мэдэх асуудал. Хуулиараа компани дээр баримт тэдэн жил хадгалагдаад улсын архив руу явна гэсэн хуультай.
"Тавантолгой" ХК 561.4 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ олгосон
УИХ-ын гишүүн С.ГАНБААТАР:
-“Тавантолгой” компанид орон нутгийн өмчит, хувийн хувьцаа эзэмшигчид байгаа гэж ойлгосон. Компанийн хуулиар явах ёстой. Их хувьцаа эзэмшигч, бага хувьцаа эзэмшигч хоёр яриад “би захирлаа авна, чи ТУЗ- ийн даргаа авна гэдэг. Хоёулаа сөөлжилж даргаа томилж ирсэн үү, эсвэл хоёулаа нэг талынх байв уу. ТУЗ-ийн гишүүдийг ямар шалгуураар сонгодог вэ.Өмнөговьчуудад юм хялгайлгасан уу?
Гэрч Л.БАТЧУЛУУН:
-Одоо бол төрийн албан хаагч, 51 хувийг төлөөлж байгаа. ТУЗ ийг сонгохдоо олонх болсон нам эвслээс сонгодог. Би өмнө сонгогдохдоо чөлөөт иргэн байсан, хувийн хэвшлээс сонгогдож байсан. 2004-2008 он хүртэл 49 хувиа төлөөлөн “Ажнай” корпорацийг төлөөлж сонгогдсон. 2011-2012 онд Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга байсан, 51 хувийг төөлөлөлөн сонгогдсон. Одоо 51 хувиа төлөөлөн гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.
Гэрч нТҮМЭНБАЯР:
-2007-2012 онд ”Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажилласан. Хоёр тал 49, 51 хувийн дундын хувилбараар сонгож байсан. Орон нутаг дээр МАН засгалаж байсан үе. Хоёр хувьцаа эзэмшигчийн хурлаар орж, сонгон шалгаруулалтаар гүйцэтгэх захирал хийсэн. 2008 онд Ардчилсан намд элссэн.
Гэрч н.ЭРДЭНЭ-ОЧИР:
-2018-2020 онд Ардын намыг төлөөлөн жил гаруй “Тавантолгой”-н ТУЗ-д ажилласан. Нэг л удаа сонгогдон ажилласан.
Гэрч н.МӨНХДЭЛГЭР:
-2006-2007 онд орон нутгийн төлөөллөөр ТУЗ-д ажиллаж байсан.
Гэрч н.АМАРСАНАА:
-2004-2005 онд хэдэн сар ТУЗ-ийн гишүнээр ажилласан. 51 хувь талаасаа ТУЗ -ийн гишүүнээр ажилласан. 2012-2019 он хүртэл “Тавантолгой” ХК-ийн аж ахуйн дарга хийсэн.
Гэрч Х.СУГИР:
-Өмнөговь аймаг улсын төсвийн 41 хувийг бүрдүүлдэг аймаг. 2009 оны нэгдүгээр сарын 14, 16-ны хуралдааны шийдвэрээр 49 хувь талаас гүйцэтгэх захирал ч гаргасан, ТУЗ -ийн дарга ч гаргасан. Хамаг булхай луйвар эндээс гарсан гэж бодож байгаа. Миний хувьд 2016-2020 онд Өмнөговь аймгийн ИТХ- ын даргаар ажилласан. Энэ хугацаанд хулгайг таслан зогсоож, орон нутагт орох татварыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байсан. “Сугар өмнөговийнхноо харлуулаад дандаа дайрч давшилдаг” гэж бодож байгаа байх. Өмнөговь аймгийн хөгжлийн төлөө уурхайгаа сайн ажиллуулахын төлөө ажиллах ёстой гэж үздэг. Д.Бат-Эрдэнэ 49 хувийн төлөөллийг төлөөлж, 2009 оноос хойш “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллахдаа нүүрсийг 25 ам.доллараар борлуулсан, нэг ч доллараар нэмэгдүүлээгүй. Гурван жил ТУЗ-ийн даргаар ажиллахдаа. 2011 онд ажлаа өгөхийн өмнөхөн л 37 ам.доллар болгосон. Д.Бат-Эрдэнэ өөрөө 20 гаруй хувь эзэмшдэг байж, яагаад нүүрсний үнийг нь өсгөдөггүй юм бэ гэж бодож байгаа байх. Тэр зөвхөн “Тавантолгой транс” компанийн төлөө л ажилласан
Гэрч н.ШҮРЭНЦЭЦЭГ:
-2006-2022 он хүртэл нийт 561.4 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ олгосон. Үүний 286.6 тэрбумыг орон нутагт өгсөн.
2009-2021 онд 1.5 их наядыг татварт төлсөн.
"Тавантолгой" ХК-тай холбогдох нүүрсний сонсгол эхэллээ
“Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр /2023.12.04/ товлосон ёсоороо 10.00 цагийн орчимд Төрийн ордонд эхэллээ.
Өнөөдрийн нээлттэй сонсголд нийт 22 гэрчийг дуудсанаас мэдэгдэх хуудас хүлээн авсан нь 17, холбогдож чадаагүй 5 гэрч байгаа юм байна. Мөн гэрчээр дуудагдсан хүмүүс дотор хоёр хүн нас барсныг мэдэлгүй дуудсанд ар гэрийнхнээс нь хүлцэл өчиж буйгаа нээлттэй сонсголыг удирдаж буй Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдэгдлээ.
“Тавантолгой” ХК-ийн 51 хувийг Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 19.78 хувийг “Ажнай” корпораци, 16.31 хувийг “Шандас импекс”, 12.91 хувийг бусад хувь эзэмшигч эзэмшиж байна.
УИХ-ын гишүүн О.ЦОГТГЭРЭЛ:
-“Тавантолгой” ХК 2022 онд 2,5 сая тонн нүүрс олборлож, 330 тэрбумын ашигтай ажилласан байна. Энэ онд хэчнээн тонн нүүрс экспортолж, хэр ашигтай ажиллахаар байна вэ?
“Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.АРТАГ:
-2023 оны уурхайн олборлолтын үйл ажиллагаа хэвийн явж байна. Бизнес төлөвлөгөөгөөр энэ онд нүүрс олборлолтыг 3 сая тоннд хүргэнэ, ашгийг өмнөх жилийнхээс дутаахгүй байх үүрэгтэй. Энэ оны эхний хагаст борлуулсан нүүрс Ганц мод боомтод хүргэсэн нь өнгөрсны оныход хүрээгүй. Биржээр арилжаалах, нөхцөл, үнэ ханш, худалдан авагч нарын сонирхол гээд олон зүйлээс шалтгаалсан.
УИХ-ын гишүүн Г.ГАНБОЛД:
-Санхүүгийн тайлан нь яагаад алга болсон бэ. Энэ тал дээр хяналт шалгалт явуулахад хүртэл хүндрэлтэй байгаа. Зарим гишүүд нь маш их хэмжээний мөнгө авсан бол зарим нь хэт өндөр мөнгө авсан байгаа. ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан хүмүүс хариулт өгөхгүй юу. 51 хувийг эзэмшиж байгаа ард түмний төлөөллийн байгууллага 49 хувийн төлөөллийн хүнээ оруулж ирээд суулгаж байхдаа юу бодож байв. 49 хувийг эзэмшдэг хүнээ 51 хувийн төлөөлөгч болгоод томилж байхдаа юу бодож байсан бэ. 2009 оноос хойш мөнхийн 49 хувийнхан ТУЗ -ийн болоод гүйцэтгэх удирдлагаа авч ирсэн. Олонхийг төлөөлж ТУЗ-д орсон бүх хүмүүс цөөнхдөө орсон. Хоёр хоногийн дараа гарсан тогтоол нь ард түмнийхээ 51 хувийг зараад явсан асуудлыг тодруулаад байна.
Гэрч н.ШҮРЭНЦЭЦЭГ:
-2011 онд аймгийн архивт бүх шаардлагатай материалаа өгсөн. санхүүгийн баримт зэргээ. 2010 он хүртэлхээ. 2010 оноос хойшхийг компани дээр хадгалдаг болсон.
Гэрч Л.БАТЧУЛУУН:
-Хурлын тэмдэглэлээр нотлогдох байх. Тухайн үеийн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээр яригдсан асуудлыг сайн санахгүй байна. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид өнөөдрийг хүртэл 51 хувийн эрх ашгийг хамгаалсаар ирсэн. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид өнөөдрийг хүртэл ажиллахдаа, ард түмнийхээ талд ашигтай сайн ажилласан.
Г.ХОРОЛ
Нүүрсний сонсголыг өнөөдөр эхлүүлнэ
Нүүрсний хэрэгтэй холбоотой түр хорооны нээлттэй сонсгол өнөөдөр /2023.12.04/ эхэлнэ. Эхний сонсгол 2023 оны арванхоёрдугаар сарын 4-8-ны өдрүүдэд болно. Эхний удаагийн сонсголоор дөрвөн мэдээллийг сонсч, гэрчүүдийг дуудна. Нэгдүгээрт, орон нутгийн "Тавантолгой" компанийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагааг сонсоно. Хоёрдугаарт, тус компанид бусад эрх бүхий байгууллагаас хяналт шалгалтууд тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээг сонсоно. Гуравдугаарт, "Эрдэнэс Тавантолгой" ХК үүсгэн байгуулагдсанаас хойших үйл ажиллагаа, санхүүгийн мэдээлэл, ерөнхий мэдээлэл, дөрөвдүгээрт, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн бараа ажил үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаа, 2011-2023 оны аравдугаар сарын гэрээт олборлогч компаниуд болон бусад бараа ажил үйлчилгээг эхний сонсголоор хэлэлцэнэ.
Хоёр дахь сонсгол 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас 22-ны өдрүүдэд болно. Тус сонсголоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нийт борлуулалт, экспортын үйл ажиллагаа, тээвэрлэлт, түүний охин болон хараат компаниудад оруулсан хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа, хэрэгжилт, тус компанийн санхүүжүүлсэн бусад төслүүд, тус компанид хийсэн хяналт шалгалт, үр дүн гэсэн асуудлаар хоёр дахь сонсгол болно.