IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны энэ оны сүүлийн Их дуулга болох Токиогийн Их дуулга өнгөрөгч амралтын өдрүүдээр болж өнгөрлөө. Тус тэмцээнд таван тивийн 84 орны нийт 506 жүдоч эр бяр, уран мэхийг уралдуулав. Монгол Улсаа төлөөлөн нийт 20 тамирчин татамид гарчээ.
Токиогийн Их дуулга монголчуудын хувьд хос медальтай басхүү гарзтай боллоо. Эрэгтэйчүүдийн -66 кг-д Ё.Басхүү таамаг дагуу Японы Абэ Хифүмитэй финалд үлдэж, мөнгөн медалийн эзэн болсон бол эмэгтэйчүүдийн -52 кг-д Л.Сосорбарам дагах барилдаанд АНЭУ-ын нэр дээрээс барилдаж буй Б.Хорлоодойг дараа нь Унгарын Река Паппыг тус тус ялж, хүрэл медаль хүртжээ.
Тэгвэл ирэх олимпийн гол найдваруудын нэг Ц.Цогтбаатарын хувьд тун таагүй мэдээтэй. Тэрбээр тэмцээн эхлэхийн өмнөхөн бэлтгэл дээр өвдгөндөө бэртэл авч, Их дуулгад барилдсангүй. Түүний бэртлийн талаарх тодорхой мэдээлэл байхгүй байгаа хэдий ч ACL буюу өвдөгний чагтан холбоосоо бэртээсэн гэж эх сурвалжууд ярьж байна. Ямартай ч Парисын олимпийн өмнөхөн тун харамсалтай бэртэл авлаа. Бэртлээ эдгээх, нөхөн сэргээх, эргэн формондоо орох гээд багагүй хугацааг үдэх нь лавтай.
Бусад монгол бөхчүүдийн тухайд эмэгтэйчүүдийн -48 кг-ын Б.Баасанхүү шагналт долдугаар байр, эрэгтэйчүүдийн -66 кг-ын Б.Эрхэмбаяр тавдугаар байр, -100 кг-ын Б.Гончигсүрэн тавдугаар байр, +100 кг-ын О.Цэцэнцэнгэл долдугаар байрт тус тус шалгарчээ. Б.Эрхэмбаяр угтаа хэсгээ тэргүүлж, хасагдах шатанд шалгарсан ч Абэ Хифүмид ялагдаж, улмаар хүрэл медалийн барилдаанд Туркменистаны Хеким Агамаммедовд дийлджээ. Мөн Б.Гончигсүрэн хэсгээ тэргүүлсэн ч дараагийн шатандаа Оросын Матвей Каниковский, Нидерландын Майкл Коррел нарт дараалан ялагдаж, медалиас мултарчээ.
Багийн дүнгээр Япон улс долоон алт, таван мөнгө, дөрвөн хүрэл медальтай тэргүүлсэн бол тэдний Өмнөд Солонгос, Бразил, Азербайжан, Нидерланд, Канад улсууд удаалж, Монгол аравдугаар байрт оржээ.
Холбоотой мэдээ