Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобус нийлүүлэх "олон улсын" гэх тодотголтой тендерт Хятадын хөрөнгө оруулалттай нэр бүхий таван компани саналаа ирүүлсэн. Эдгээрээс Тендерийн үнэлгээний хороо судлаад "Yutong Bus" компанийг шалгаруулсан талаар мэдээлсэн. Ингэж мэдээлэхээс ч өмнө энэ тухай Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар чуулганы нэгдсэн хуралдааны үеэр /2023.11.30/ мэдэгдсэн юм. Тэрбээр "Yutong Bus" компанийн автобусны нэг бүрийн үнэ 60 мянга гаруй ам.долларынх байна гэдгийг онцолсон. Гэвч энэ компанийн автобусны нэг бүрийн үнэ нь 80 мянган ам.доллар гэдгийг эх сурвалж мэдээлэв.
Монголын төр автобус худалдан авч чадахгүй болтлоо доройтжээ. Хотын дарга Х.Нямбаатар нь УИХ-ын чуулганы танхимаас Тендерийн үнэлгээний хороо шийдвэрийг оролцогч компаниудад танилцуулаагүй байхад олон нийтэд зарлаж, төрийн хариуцлагатай албан тушаал хашиж буй хүн өөрийн удирдлага доор ажиллаж буй нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын өгсөн мэдээллийг илтэд худал мушгиж 80 мянган ам.долларын автобусыг 60 мянган ам.доллараар авч байгаа гэж зарлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
№ | Оролцогчид | Үнийн санал, төг | 1 автобусны үнэ, төг | Тендер зарласан өдрийн ам.долларын ханш | Ам.долларт шилжүүлсэн 1 автобусны үнэ |
1 | Майнс ап | 178,817,556,720 | 298,029,261 | 3,450 | 86,000.00 |
2 | Yutong Bus Co., Ltd | 165,589,920,000 | 275,983,200 | 3,450 | 80,000.00 |
3 | XIAMEN GOLDEN DRAGON BUS CO.LTD | 156,932,775,600 | 261,554,626 | 3,450 | 75,000.00 |
4 | Xiamen King Long United Automotive Industry Co., Ltd. | 147,686,834,611 | 246,144,724 | 3,450 | 71,000.00 |
5 | China North Vehicle Corporation ltd | – | 52,602,468 | 3,450 | 15,000.00 |
Оролцогч компаниудаас "China North Vehicle Corporation ltd " нь тендерийн баталгаа гараагүй тул “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу үнэлгээ хийх боломжгүй. Үлдсэн дөрвөн компанийн хамгийн бага үнийн санал нь 147,686,834,611 төгрөг буюу шалгарсан компаниас 18 тэрбум төгрөгөөр бага үнийн санал өгсөн байна.
Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан нь 2023 оны аравдугаар сарын 19-ний өдөр БНХАУ-д автобусны үйлдвэрүүдээр зочилсон. Тэр дунд тендерт оролцсон компани байж таарсан. Мөн Монголд буцаж ирэнгүүт тендер зарласан зэрэг нь тус тендер зарлагдахаасаа өмнө шалгарах компани нь тодорхой байсан гэх хардлагыг төрүүлж байгаа юм. Уг нь холбогдох хууль, дүрмийн дагуу тендерт хамгийн бага үнийн саналаар техникийн шаардлага хангасан компани нь шалгарах учиртай.
Эрх баригчид хуулийг уландаа гишгэж, хэн биднийг оролдож, шалгахав гэсэн шиг бүх зүйлийг хуулиас гадуур хийж байна. БНХАУ-ын автобусны үнэ төдийлөн ялгаатай байдаггүй бөгөөд "Yutong bus" болон "King Long" автобусны үнэ 70-73 мянган ам.долларын үнэтэй байдгийг салбарын хүмүүс хэлж байна. Хотын даргын орлогч П.Сайнзориг "Хятадын "Yutong Bus" компани анх батлагдсан төсөвт өртгөөс 17.8 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргахаар байна" гэж хэлсэн. Тиймээс энэ зөрүү 18 тэрбум төгрөг бол сонгуулийн мөнгө гэдэг нь ойлгомжтой байна.
Үйлдвэрлэгчдийн хоёр хаалгатай, хот доторх үйлчилгээний автобуснуудын жишээ зургууд:
ТЕНДЕРИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ ДАРГА, НАРИЙН БИЧГИЙГ СОЛЬЖЭЭ
БНХАУ-ын автобус, машин үйлдвэрлэл хурдацтай өсч байгаа бөгөөд үйлдвэрлэгчдийн техник хэрэгслийн чанар, найдвартай байдал нь нэг түвшинд явж байгааг учир мэдэх, техникийн мэргэжилтнүүд хэлж буй. Нийт 18 тэрбум төгрөгөөр бага үнэтэй "Xiamen King Long United Automotive Industry" компани нь 100 хувь улсын өмчит үйлдвэр гэнэ. Автобусны чанар болон эдэлгээгээр "Yutong bus" автобустай дүйцэх автобус үйлдвэрлэгч байхад Тендерийн тухай хууль зөрчин 18 тэрбум төгрөгөөр үнэтэй автобусыг сонгосон байна. 18 тэрбумаар бага компанийн евро стандартын шаардлага хангасан байдал ба олон улсад хяналт шалгалтгүйгээр импортлох зөвшөөрлийн сертификатууд.
Тендерийн үнэлгээний хорооны гишүүд материалыг хэрхэн үнэлсэн талаар мэдээлэл өгч, үнэлгээний хороонд хэн хэн ажилласан, үнэлгээний хорооны дарга, нарийн бичгээр ажиллаж байсан хүмүүсийг яагаад, юуны улмаас 2023 оны арваннэгдүгээр сарын 29-ний Лхагва гаригт гэнэт сольсон зэрэг мэдээллийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас өгөхгүй хэвээр байгаа нь хачирхалтай.
“ТЭНҮҮН-ОГОО” ХХК-ИЙН А.ГАНХУЯГИЙН ОВ МЭХ
"Тэнүүн-Огоо" ХХК нь нийтийн тээврийн оператор компани мөртлөө нийслэлд 810 автобусаа нийлүүлж, буцаан өөртөө олон тооны автобус авах мөрөөдөлтэй яваад, бүтэлгүйтсэн мэт харагдлаа.
Компанийн өөрийн дансанд нийслэлээс 130 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөрийг авч, түүнээсээ вьетнамууд руугаа 60 орчим тэрбум төгрөгийг шилжүүлсэн бол үлдсэн 77 тэрбум төгрөрөө хаана байгааг нь хэлэхгүй гүрийж байгаа гэх.
Үлдсэн 77 тэрбум төгрөг ор сураггүй алга болох том эдийн засаг манайх хараахан биш. Гэвч явсаар, явсаар Улаанбаатарт ороод ирчихсэн ногоон автобуснуудаа ч буцааж чадаагүй, 77 тэрбум төгрөгтөө "Тэнүүн-Огоо" ХХК нь дөрвөн байршил дахь баазаа, бусад өмч хөрөнгийн хамт тооцуулан өгөх хувилбар явж буй. Учир мэдэх хүмүүс "Тэнүүн-Огоо" компаниа зарахаар гүйж байсан цаг саяхан гэдгийг хэлдэг. Нийтийн тээврийн салбар ашиг муутай тул авах хүн олдохгүй байсан нь нууц биш. Гэтэл өнөөдрийн нөхцөл байдлаас харахад А.Ганхуяг энэ дүр зургийг эртнээс зурж энэ бизнесээсээ аятайхан мултрах арга олсон мэт уншигдаж байна.
НЗДТГ/202310014 – Нийтийн тээврийн автобус /Улаанбаатар/ Үнэ, төг 1ш автобусны үнэ ам.доллар | ||||
1. | Майнс ап | 178,817,556,720 | 86,000 | |
2. | Yutong Bus Co., Ltd | 165,589,920,000 | 80,000 | |
3. | XIAMEN GOLDEN DRAGON BUS CO.LTD | 156,932,775,600 | 76,000 | |
4. | Xiamen King Long United Automotive Industry Co., Ltd. | 147,686,834,611 | 71,000 | |
5. | China North Vehicle Corporation ltd /тендерийн баталгаа гаргаагүй тул өрсөлдөхгүй/ | 52,602,468 | 25 |
ТЕНДЕР
- "Майнс ап" ХХК
"Майнс ап" ХХК нь 2009 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 100 хувь "Моннис-Интернэшнл" ХХК-ийн эзэмшлийн компани юм. Нийтийн тээвэр, автобусны борлуулалт гэхээс илүүтэй, уул уурхайн тоног төхөөрөмж, тос тосолгооны материал, лифт, уул уурхайн агааржуулалтын систем, тавилга импортын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг. Гэвч "Моннис" группийн охин компани гэдэг утгаараа 2020 онд нийлүүлсэн “Моннис Моторс” ХХК-ийн "Dongfeng" “Сургуулийн автобус” нийлүүлсэн туршлагаа урдаа барин оролцож буй.
Харин үйлдвэрлэгч "Dongfeng Motor" компани нь 1969 онд байгуулагдсан бөгөөд Хятадын томоохон автомашин үйлдвэрлэгчдийн нэг юм. Суудлын автомашин, автобус, ачааны машины үйлдвэрлэл, сэлбэг, эд анги ханган нийлүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг. 7-11 метр урттай дизель болон CNG газан хотын хоёр хаалгатай автобус болон хот хоорондын нэг хаалгатай автобус үйлдвэрлэдэг. Өдрийн автобус үйлдвэрлэх хүчин чадал нь 20 ширхэг.
- Yutong Bus Co Ltd
Энэ компани 1963 онд автобусны засвар үйлчилгээний чиглэлээр Хятадын Жэнжоу хотод үүсгэн байгуулагдсан. Хувийн өмчийн томоохон автобус үйлдвэрлэгчдийн нэг. Өнгөрсөн 2005 оноос цахилгаан автобусны зах зээлд хүч түрэн орж ирсэн, 30 мянган ажилтантай, 600 мянган м2 талбайд үйл ажиллагаа явуулдаг. Жилдээ 30 мянган ширхэг автобус үйлдвэрлэх хүчин чадалтай буюу өдөрт 80 гаруй автобус.
Энэ компани нь энгийн стандарт автобус, шинэ эрчим хүчний автобус, тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл, эд анги, эд анги зэрэг дөрвөн үйлдвэрлэлийн баазтай.
Өнөөдрийн байдлаар 5м-18м урт бүх төрлийн автобуснуудыг үйлдвэрлэдэг ба 140 гаруй цуврал автобус загвартай. Жилд дунджаар том, дунд оврын 50 мянга гаруй автобус борлуулдаг. Нийт борлуулалтын 30 гаруй хувь нь эх газрын Хятадад, 15 гаруй хувь нь дэлхийн бусад орнууд руу хийгддэг бөгөөд 210 гаруй захиалгат үйлчилгээний компани, 330 гаруй эрх бүхий үйлчилгээний гэрээт газруудаар үйлчилдэг.
- "XIAMEN GOLDEN DRAGON BUS" КОМПАНИ
Энэ компани нь 1992 онд Хятадын Шиамен мужид байгуулагдсан компани бөгөөд дунд оврын тансаг зэрэглэлийн автобус, VAN үйлдвэрлэх, борлуулах чиглэлээр мэргэшсэн компани юм. Тус компани нь 960 мянган м2 талбайд, 310 мянган м2 барилга байгууламжтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа юм. Үндэсний тэргүүлэгч автобусны экспортлогчдын хувьд "Golden Dragon" нь жилд 40 мянга гаруй автобус үйлдвэрлэх хүчин чадалтай гурван үйлдвэр, 4000 орчим ажилтантай. Өнгөрсөн 2003 оноос гадаад дахь үйл ажиллагаагаа өргөтгөж, дистрибьютерүүдийн сүлжээг буй болгосон. Одоогийн байдлаар автобусыг Ази, Ойрхи Дорнод, Африк, Өмнөд Америк гэх мэт 120 орчим улс орон, бүс нутагт экспортолж байна.
"Golden Dragon" компани нь Монгол Улс, ялангуяа Улаанбаатар хоттой ойр дотно харилцаатай. Өөрийн хамтрагч нэг хүнтэй гэгдэх “Сүлдэрхан Минералс” ХХК-тай хамтарсан түншлэлээр 2021 оны долдугаар сарын 9-нд зарлагдсан “Нийтийн тээврийн парк шинэчлэлт”-ийн тендерт шалгарч, 2021 оны аравдугаар сарын 27-ны өдөр 19,140,045,000 төгрөгөөр 60 автобус нийлүүлэх гэрээг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Оюунчимэгтэй байгуулсан байдаг. https://www.tender.gov.mn/mn/result/detail/1622612271085
Тухайн үеийн ам.долларын ханш 2848.85 төгрөг байсан /тендер зарласан өдрийн/ гэхээр нэг автобусыг 111,975 ам.доллараар нийлүүлэх гэрээ байгуулж байсан компани энэ тендерт 76 мянган ам.долларын үнийн санал өгсөн байх юм. Мөн 60 автобусны гэрээний дараагаар 2022 онд 224 автобусыг тус гэрээний нэмэлтээр шууд нийлүүлсэн байдаг.
- "Xiamen King Long United Automotive Industry" КОМПАНИ
Тус компани нь 1988 онд БНХАУ, Шиамен хотод үүсгэн байгуулагдсан. Тус тендерт оролцож буй цор ганц 100 хувь төрийн өмчит компани гэдгээрээ онцлогтой. Бүх төрлийн дизель, газ, цахилгаан, ус төрөгчийн түлшит автобус болон ачааны автомашин үйлдвэрлэдэг. БНХАУ нь хүн ам их, жижиг хотууд нь л таван саяас дээш хүн амтай байдаг тул эртнээс нийтээр зорчих тээврийн хэрэгслүүдэд улсаас бодлогоор дэмжлэг үзүүлж, өөрсдийн улсын компанийг хүртэл хөгжүүлж ирсэн байдаг.
Сүүлийн 30 жилийн хугацаанд 600 мянга гаруй автобусны борлуулалт хийсэн бөгөөд хот хоорондын зорчигч тээврийн автобусны загвар, найдвартай байдлаар дэлхийд тэргүүлдэг үйлдвэрлэгч болсон. Нийт 1.6 км урттай үйлдвэрлэлийн бүрэн автомат 10 шугамтай бөгөөд дэлхийн 150 гаруй улсад 130,000 гаруй автобус борлуулсан туршлагатай. Өнгөрсөн 2022 онд 133 мянган автобус экспортлож салбартаа тэргүүлсэн амжилттай ажиллажээ.
Евро стандартын шаардлага хангасан, Европын холбооны улсад хүлээн зөвшөөрөгдсөн тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй, Чанарын системийн гэрчилгээ, Персийн булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн сертификат, Австралийн ADR сертифат, БНХАУ-ын экспортын барааны хяналт шалгалтаас чөлөөлөгдсөн батламжтай. Европын улс, Америк, Авсрали, Ази гээд дэлхийн бүх улсад ашиглах боломжтой зөвшөөрлүүдийг авсан "Кинг Лонг" автобус нь судалгаа, шинжилгээний хамгийн өндөр төсөвтэй автобус үйлдвэрлэгч гэдгээрээ онцлогтой. Тансаг автобусны зах зээлийн дэлхийн шилдэг болтлоо дэвшжээ.
- China North Vehicle" КОМПАНИ
Тус компани нь хамгийн бага үнэ өгсөн ч гэлээ, тендерийн баталгаа гаргаагүй учраас энэ удаагийн тендерт өрсөлдөх боломжгүй.
Холбоотой мэдээ