Намын даргын сануулга ба "амиа бодсон" гишүүдийн зөрчил!

Хуучирсан мэдээ: 2023.12.04-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Намын даргын сануулга ба "амиа бодсон" гишүүдийн зөрчил!

Намын даргын сануулга ба "амиа бодсон" гишүүдийн зөрчил!

Улстөрчид сонгууль ойртох тусам сонгогчид, ард түмнээ хайрлах хайр нь нэмэгддэг. Түүнийг дагаад парламент, Засгийн газрын зөрчил үүсч эхэлдэг бичигдээгүй хууль бий, манай парламентад. Сонгууль ойртохын хэрээр алив галтай, асуудалтай сэдэв, хуулиас зугатаж, "бойкотлох", ирцээ бүрдүүлэхгүй байх гээд олон эс үйлдлийг УИХ-ын танхимд гаргах нь энүүхэнд. Сүүлийн үед Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар, хотын дарга Х.Нямбаатар хоёр УИХ-ын гишүүдийн ийн бойкотод орж, Ерөнхий сайд өөрийн биеэр чуулганы индэр дээрээс сануулга өгөхөд хүргэв.

Хотын дарга Х.Нямбаатар, түгжрэлийн асуудал хариуцсан Б.Дэлгэрсайхан сайд нар түгжрэлийн хууль батлуулахаар яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барьсан, хэлэлцүүлгийн шатанд явна. Гэвч энэ хуулийн төслийг батлах сонирхол УИХ-ын гишүүдэд алга.

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон дагалдан өргөн мэдүүлсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлах байсан ч гишүүдийн ирц хангалтгүйгээс хойшилсон юм. Өмнөх өдөр нь УИХ-ын дарга Г.Занданшатар ирцээ бүрдүүлж, нийслэлийн төсөв хэлэлцэхээс өмнө түгжрэлийн хуулийг батлуулна хэмээн сануулаад байхад гишүүд хуралдаа суусангүй. Өмнө нь энэ хуулийн төсөлд хотыг бүсчлэлтэй болгож, татвар тогтоох заалт нь иргэдийн шүүмжлэлийг дагуулж, Х.Нямбаатар Засгийн газрын ах нартайгаа тохиролцсоны эцэст татвартай бүс болгох заалтаа эргүүлэн татсан.  Нийслэлчүүдэд хамгийн их тулгамдаж байгаа асуудал бол түгжрэл. Нэг газраа 2-3 цаг түгжрэх энүүхэнд болж, нийтийн тээврийн хүрэлцээгүй байдал, автозамын түгжрэл нийслэлчүүдийн толгойны өвчин болоод олон жил болж байгаа. Тиймээс энэ удаад зоригтой шийдлүүд гаргаж, түгжрэлийн хуулийг батлуулахаар Х.Нямбаатар, Б.Дэлгэрсайхан нар зүтгэж буй. Түүнээс гадна хуулийн төсөлд хатуухан заалтууд ихтэй учраас олон нийтийн бухимдлыг төрүүлнэ хэмээн УИХ-ын гишүүд болгоомжилж буй.

Засгийн газраас авлигын дагнасан шүүх байгуулах тухай хуулийг УИХ-д өргөн барьж, яаралтай горимоор хэлэлцэж эхэлсэн. Гэвч энэ хууль мөн л олон нийтийн шүүмжлэл, УИХ-ын гишүүдийн “бойкот”-оор эхэлсэн.

Учир нь Хууль зүйн байнгын хорооны дарга нь, гишүүдтэйгээ ийм дагнасан шүүх байгуулах нь зөв эсэхийг эргэн харах ёстой, нөгөө талдаа эргээд өөрсдөө  дагнасан шүүхэд дуудагдах эрсдэлтэй учраас тун болгоомжтой хандаж буй, авлигын дагнасан шүүхийн асуудал. Ирцээ бүрдүүлэхгүй, хурлаа хойшлуулах гээд олон арга хэрэглэсэн ч намын даргын “шахалт”-аар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэлсэн. Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн авлигтай хийх тэмцэл нь шүүх дээр очиж гацаж байгаа нь авлигын хэргийг шийддэг дагнасан шүүх байгуулах ёстой хэмээн үзэж, хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хуулийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр гардаж, УИХ-д хамгаалаад гарах ёстой ч гишүүд нь дэмжихгүй, ил, далдаар “бойкотлох” зэргээр асуудалд хандаж байгаа учраас өнгөрсөн Баасан гаригт Л.Оюун-Эрдэнэ өөрийн биеэр УИХ-ын чуулганы хуралдаанд үг хэлсэн юм. Тэрбээр, Монгол Улсад авлигын дагнасан шүүх зайлшгүй шаардлагатай гэж Ерөнхий сайдын хувьд үзэж байгаагаа хатуухан сануулж, авлигын гинжээ тасалж чадалгүй, популизмдаа идэгдэж, гадаад өрийн гинжин хэлхээний чөтгөрийн тойрогт 50, 100, 150 жил болсон, одоо ч байгаа дэлхийн олон улсын жишээг бид мэднэ.  Улс орон урагшлан хөгжих, уруудан доройтох нь гагцхүү авлигыг ялж, жам ёсны эрүүл эдийн засгийн тогтолцоог бүрдүүлж чадсан эсэхээс л хамаардаг. Авлигын далайдаа хэдэн үеэрээ, хэдэн зуун жилээр дарлуулан амьдарч буй олон улсын харамсалтай жишээг бид үр хүүхдийнхээ төлөө давтаж болохгүй. Тиймээс бид өрөвдөж болохгүй, өршөөж болохгүй, бууж өгч болохгүй гэдгийг УИХ-ын гишүүдэд сануулсан. Түүгээр зогсохгүй “Улс төрчид та бүхнийг үнэн байхыг би уриалж байна. Телевизийн камерын өмнө нэг өөр, хөшигний ард бас өөр биш. Дотоод итгэл үнэмшилдээ чин сэтгэлээсээ авлигын эсрэг тэмцэлд нэгдээсэй гэж хүсч байна гэв.

Өөрөө хэлбэл, авлигын дагнасан шүүхтэй болох хуулийг та нар дэмжиж, баталж өг гэсэн утгатай үгийг намын даргын хувьд, Ерөнхий сайдын хувьд УИХ-ын гишүүдэд сануулж буй хэрэг. Миний үгэнд орохгүй бол сонгууль ойртсон, нэр дэвших эрхээ авмаар байвал гэж уншигдаж, харагдаж байна.

Юу юугүй сонгууль ойртсон энэ өдрүүдэд иргэдэд таалагдахгүй шийдвэр гаргаж, өөрсдийнхөө эсрэг ажиллана гэдэг УИХ-ын гишүүдэд хүндхэн даваа. Нөгөө талд намын дарга нь нэр дэвших эрх өгөхгүй байх эрсдэлтэй учраас намын даргын бодлогын эсрэг ажиллах бүр хэцүү. Ийм л хайчин дунд парламент нь ажиллаж байгаа ч өөрсдийнх нь нэр хүндийн асуудал тулахад “бойкотлох”-оос өөр сонголтгүй байх нь аргагүй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж