"Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нарын томилгоо Үндсэн хууль зөрчсөн"

"Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нарын томилгоо Үндсэн хууль зөрчсөн"

"Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нарын томилгоо Үндсэн хууль зөрчсөн"

Цаг үеийн асуудлаар Улаанбаатар Эрдэм их сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор, Доктор /PH,D/, дэд профессор Б.Сүхболдтой ярилцлаа.


 -Та бүхний зүгээс Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нарыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байна. Энэ нь Үндсэн хуулийн ямар, ямар заалтуудтай харшилж байгаа вэ?

-2020 оны Улсын их хурлын сонгуулиар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэдийн итгэл, сэтгэл, дэмжлэгээр сонгогдож, төрийн сүлдэндээ тангараг өргөж, парламентын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлж байсан УИХ-ын  гишүүн Д.Сумьяабазар, Х.Нямбаатарын нарын бүрэн эрхийг өөрийнх нь хүсэлтэд үндэслэн Улсын Их Хурлаас тогтоол баталж, хугацаанаас нь өмнө дуусгавар болгосон.

Энэ явдал нь Монгол Улсын Үндсэн хуулийн

Нэгдүгээр зүйлийн хоёр буюу Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”,

Гуравдугаар зйүлийн 1 дахь “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”,

Гуравдугаар зүйлийн 2 дахь “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно”

Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно”,

Хорин гуравдугаар зүйлийн 2 дахь “Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх нь төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно” гэх заалтуудыг ноцтой зөрчсөн явдал болсон.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Улсын Их Хурлын гишүүн бол ард түмнээс мандат авч сонгогдсон, ард түмний төлөөлөгчдийн байгууллагын гишүүн агаад түүнийг Улсын Их Хурлаас дур мэдэн, Үндсэн хууль болон үндсэн хуульчилсан хуульд үндэслээгүй тогтоол гаргаж, бүрэн эрхийн хугацаанд нь (4 жил) хууль бусаар халдаж, бүрэн эрхийг нь дуусгавар болгох хууль зүйн үндэслэл байхгүй юм.

-Тухайн хүмүүс УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өөрсдөө гаргах эрхтэй биш гэж үү? 

-Монгол Улсын хувьд парламентын гишүүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох Үндсэн хуулийн заалт нэгэнт байхгүй учраас Улсын Их Хурлын тухай хууль гэх үндсэн хуульчилсан хуулиар тус асуудлыг зохицуулсан. Гэтэл Улсын Их Хурлын тухай хуульд ч гэсэн Д.Сумьяабазар, Х.Нямбаатарын нарын бүрэн эрхийг өөрийнх нь хүсэлтэд үндэслэн Улсын Их Хурлаас тогтоол баталж, хугацаанаас нь өмнө дуусгавар болгох тухай эрх зүйн зохицуулалт байхгүй юм.  Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7.3-т “Гишүүний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна” хэмээн заасан бол 10.1.1.-10.1.7-д Улсын Их хурлын гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох долоон шалтгааныг нэрлэн тоочжээ. Үүнд:

  • 10.1.1.Ерөнхийлөгчөөр сонгогдсон;
  • 10.1.2.хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн;
  • 10.1.3.хүндээр өвчилсний улмаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг үндэслэн цаашид гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж Улсын Их Хурал үзсэн;
  • 10.1.4.Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн;
  • 10.1.5.Үндсэн хуулийн цэц гишүүнийг энэ хуулийн 7.2-т заасан тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн;
  • 10.1.6.гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон;
  • 10.1.7.нас барсан

Улсын Их Хурлын тухай хуулиас харвал Д.Сумьяабазар, Х.Нямбаатар нар Ерөнхийлөгчөөр сонгогдоогүй, хүндэтгэн үзэх шалтгаангүй, хүндээр өвчлөөгүй, Үндсэн хуулийн 66.2 дахь Үндсэн хуулийн цэцээс Улсын Их Хурлын гишүүнийг Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр эгүүлэн татах тухай дүгнэлт гаргаагүй, Улсын Их Хурлын тухай хуулийн 7.2-т заасан тангарагаасаа няцаагүй, гэмт хэрэг үйлдээгүй, нас бараагүй байхад нь парламентын гишүүний бүрэн эрхийг нь дуусгавар болгосон. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Сумьяабазар, Х.Нямбаатар нарын бүрэн эрхийг дуусгавар болгох үндэслэлийг Улсын Их Хурлын тухай хуулийн 10.1.2 буюу “хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн” гэх заалтыг үндэслэн парламентын гишүүнээс чөлөөсөн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Тодруулбал, “Монгол Улсын хууль зүйн нэвтэрхий толь бичиг”-т хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг тайлбарлахдаа “…хүндээр өвчилсөн, хорио цээр тогтоогдсон, байгалийн гамшиг тохиолдсон, гэнэтийн осолд орсон болон тэдгээртэй адилтган үзэх бусад нөхцөл байдлыг хамааруулан үзнэ” хэмээсэн байдаг. Тэгэхээр ард түмний элч, төлөөлөгчдийн байгууллага буюу Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг дуусгавар болгосон дээрх үйлдэл нь Үндсэн хууль болон Улсын Их хурлын тухай хуулийг ноцтой зөрчсөн, эрх баригчдын дур зоргын сэдэл санаархлын шинжтэй үйлдэл болж байна. Тэрчлэн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхээ дуусгавар болгосон Д.Сумьяабазар, Х.Нямбаатар нарын хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн хорин гуравдугаар зүйлийн 1 дахь Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэх заалтыг ноцтой зөрчиж, ард түмний сонголтыг үл хүндэтгэсэн, Монгол Улсын үндсэн хуульт ёс, парламентат ёсны түүхэнд хараар бичигдэх харамсалтай үйл явдал болсон хэмээн бидний хувьд үзэж байгаа.

-Д.Сумъяабазар болон Х.Нямбаатар нарыг хотын даргаар батламжилсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шийдвэр нь Үндсэн хуулийн ямар заалтуудыг зөрчсөн бэ?

-Монгол Улсын хувьд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгждэг онцлогтой. Иймээс 1992 оны Үндсэн хуулиар нутгийн өөрийн удирдах байгууллага болох аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, баг, хорооны Иргэдийн нийтийн хурлын бүрэн эрх, чиг үүрэг, хараат бус байдал, тэрчлэн төрийн удирдлагыг орон нутагт хэрэгжүүлдэг нэгж болох аймаг, нийслэл, сум, дүүрэг баг хорооны Засаг даргын бүрэн эрх, томилгоо зэрэг харилцааг зохицуулж өгсөн. Тухайлбал, өөрийн удирдлагын байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болох, Засаг даргыг нутгийн өөрийн удирдах байгууллага болох аймаг, нийслэл, сум дүүрэг, баг, хорооны хурлаас нэр дэвшүүлэхгүйгээр, дээд шатны байгууллага гаднаас дур мэдэн томилох зэрэг нь Монгол Улсын Үндсэн хуулиар хориотой байдаг. Гэтэл 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Д.Сумьяабазарыг Нийслэлийн Засаг даргаар томилсон Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 66 дугаар захирамж, 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг даргаар томилсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний 167 дугаар захирамж тус бүр нь Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон орон нутгийн удирдлагын нэгжийн бие даасан байдалд хууль бусаар халдаж, үндсэн хуульт ёс, хууль дээдлэх зарчмыг үл хүндэтгэсэн явдал болсон. Тодруулбал, Засаг даргыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэр дэвшүүлэхгүйгээр, Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь Үндсэн хуулийн бус аргаар дуусгавар болгосон Д.Сумьяабазар, Х.Нямбаатар нарыг Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлж, томилсон Ерөнхий сайдын 66, 167 дугаар захирамжууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 буюу “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Гуравдугаар зүйлийн 1 дахь “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, Жардугаар зүйлийн 2 дахь “Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд; сум, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно”, Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно…” гэх заалтыг тус тус зөрчсөн. Яагаад Нийслэлийн Засаг даргыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нэр дэвшүүлж, дээрээс нь Ерөнхий сайд томилдог юм бэ гэвэл нутгийн өөрөө удирдах ёс хоёр үндсэн эхлэлтэй. Тодруулбал, Иргэдийн өөрөө удирдах байгууллага гэсэн нэг эхлэлтэй. Засаг даргын хавьд Иргэдийн өөрөө удирдах байгууллагын гүйцэтгэх эрх мэдэлтэн гэх үүрэгтэй. Хурлынхаа шийдвэрийг биелүүлэх ёстой. Нөгөө талаар орон нутагтаа засаг төрийг төлөөлөх ёстой. Энэ хоёр шинжийг хангахын тулд хурлаас нь нэр дэвшүүлэх байдлаар уяж өгч, Ерөнхий сайд дээрээс нь зөвшөөрөх ёстой юм. Гэтэл Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2-д заасан энэхүү зарчмыг ноцтой зөрчиж Нийслэлийн иргэдийн хурлын гаднаас, улс төрийн тохиолцоогоор Засаг даргад нэр дэвшүүлж, томилсон.

-МАН-ын удирдах зөвлөлөөс чиглэл гарч, Ерөнхий сайд, намын дарга хотын даргыг томилсон тохиолдол 2017 оноос хойш 3 дахь удаагаа гарсан. Тухай бүрд сөрөг хүчний зүгээс нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх үүргийг сануулж ирсэн. Гэтэл Ерөнхий сайд нарын зүгээс энэ асуудлыг огт авч хэлэлцэж байгаагүй?

-Тийм ээ. Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон орон нутгийн удирдлагын нэгжийн бие даасан байдалд хууль бусаар халдаж, үндсэн хуульт ёс, хууль дээдлэх зарчмыг үл хүндэтгэсэн явдал удаа дараалан гарсан. Гэтэл сөрөг хүчнүүдийн зүгээс тус асуудлыг сенсаацилж ярихаас бус асуудлыг хянан шийдвэрлэх эрхтэй Үндсэн хуулийн цэцэд хандаагүй. Хэрэв УИХ дахь сөрөг хүчний төлөөлөл тус асуудлаар цэцэд хандсан бол ядаж олны хараанд оруулж, нийтийн хэлэлцүүлэг өрнөх боломжтой байсан. Арга ядаад иргэд хандаж байна. Ер нь юуны тулд Үндсэн хуулийн шүүх байгаа юм. Ерөнхий сайд нарын зүгээс энэ асуудлыг огт авч хэлэлцэж байгаагүй гэж байна. Аргагүй шүү дээ. Манайх чинь сонгуульд ялсан намын дарга нь Ерөнхий сайд болж, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлээ сүвлэн зангиддаг Вестминстерийн тогтолцоотой улс. Дээр нь 2019 оны ҮХНӨ-өөр Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж, кабинетийн гишүүдээ өөрөө бүрдүүлэх, огцруулах эрхтэй болгосон. Тэрчлэн  Авилгатай тэмцэх газрын даргыг томилно. Ийм хэмжээгүй эрх мэдэлтэй Ерөнхий сайдтай учраас л Үндсэн хуулийг давсан ийм дур зоргын томилгоо хийгдээд байгаа юм. Ийм хэмжээгүй эрх мэдэлтэй Ерөнхий сайд хэний үгийг сонсох юм. Бүр ойлгомжтой хэлбэл манай УИХ бол төр. Төр нь юу вэ гэхээр парламентад олонх болсон эрх баригч нам мөн. Нам нь юу вэ гэхээр эрх баригч намын Удирдах зөвлөл. Удирдах зөвлөл нь юу вэ гэхээр үндсэндээ намын даргын шийдвэрээр хөдөлдөг эрх мэдэлгүй олонлог . Намын дарга нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх мэдлийг сүвлэн зангидсан ганц хүн бөлгөө. Социалист дарангуйллыг ингэж л бий болгодог.

-Хэрэв Үндсэн хуулийн Цэцээс та бүхний мэдээллийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл ямар үр дагавар гарах вэ /УИХ-ын тогтоол, Ерөнхий сайдын захирамжийн талаар/?

-Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 4-д  зааснаар хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр хүчингүй болдог. Энэ үүднээс Үндсэн хууль зөрчсөн дээрх УИХ-ын тогтоол, Ерөнхий сайдын захирамж хүчингүй болох ёстой. Гэхдээ тэр хүртэл Үндсэн хуулийн цэцийн бага, дунд, их суудлын гэсэн гурван шатны  хуралдааныг дамждаг. Ер нь тэгээд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулиараа л процесс явагдах ёстой.

-Үндсэн хуулийн Цэц хараат бусаар ажиллаж чадахгүй байна гэдэг шүүмжлэл гардаг. Та бүхний мэдээллийг хүлээж авах үндэслэл нь юу вэ?

-Үндсэн хууль зөрчсөн гэх Цэцийн дүгнэлт гарсан ч түүнийг Улсын Их Хурал хүлээж аваагүй тохиолдолд олонхийн эрх ашигт нийцээгүй хууль, шийдвэр тэр чигээрээ батлагддаг. Энэ мэтээр нийтийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд зөвхөн тухайн үед нь л олон нийт шуугиад өнгөрдөг эмгэнэлтэй байдал өнөөгийн Монголын улс төрийн системд нэгэнт уламжлал болон тогтоод удаж байна. Тиймээс Монгол Улсын төрийн байгуулалд ганц танхимтай парламентын эрх мэдлийг хязгаарлаж тогтоох, улмаар тэнцвэржүүлэх арга механизм хэрэгтэй. Магадгүй парламентын хоёр танхим байж болох юм. Гэхдээ энэ бол тустаа асуудал. Эрх зүйч, хуульчдийн хувьд Үндсэн хуулийн хяналтын механизм болсон Үндсэн хуулийн цэц гэх институтээр дамжуулж хууль тогтоох эрх мэдлийг хязгаарлах ёстой гэж үздэг. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүний зургааг нь улс төрийн намаас хамаарал бүхий институтээс нэр дэвшүүлж, мөн төрийн намаас шууд хамааралтай байгуулагддаг Улсын Их Хурлаас томилдог учраас Үндсэн хуулийг сахин хамгаалагч байх боломжгүй ч байж магадгүй. Энэ тухай “Federalist papers” бүтээлийн зохиогчдын нэг Жеймс Мэдисон 50 дугаар нийтлэлдээ тухайн үеийн Пенсилвани мужийн Үндсэн хуулийн хяналтын шүүх байгуулах гэсэн алдааг жишээ аван бичсэн байдаг. Тухайлбал 1783 болон 1784 онд АНУ-ын Пенсилвани мужаас Үндсэн хуулийн хяналтын зөвлөлийг бий болгож тэрхүү зөвлөлийн хуралдаанаар мужийн Үндсэн хууль зөрчигдсөн асуудлыг хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаатай холбон авч хэлэлцдэг байжээ. Гэтэл Пенсилвани мужийн Үндсэн хуулийн хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнд багтсан эрхмүүд нь өөрсдөө тэрхүү мужийн гол намуудын идэвхтэй удирдагч нар байсан учраас  яваандаа Үндсэн хуулийн хяналтын зөвлөл үр дүн муутай ажилладаг болсон. Пенсилвани мужийн Үндсэн хуулийн хяналтын зөвлөл үр дүнгүй ажилласан шалтгаан нь намын хуваагдлаас болж нэгдсэн байр сууринд хүрээгүйтэй ч холбоотой байж болох юм. Бидний хувьд ямар нэгэн улс төрийн нам, хүчинтэй холбоогүй, жирийн багш, судлаач иргэд. Тиймээс нийтийн эрх ашиг хөндөгдсөн энэхүү асуудлыг шударгаар хянан хэлэлцэж, үндсэн хуульт ёс, хууль дээдлэх ёсыг эрхэмлэн дээдэлсэн үйл ажиллагаа явуулна гэдэгт бид гүнээ итгэж байгаа. Учир нь саяхан Үндсэн хуулийн цэцэд мэргэжлийн мэдлэг, боловсрол, нэр хүнд бүхий гурван гишүүн сэлгээгээр нэмэгдсэн. Тэд асуудлыг өөрөөр харах болов уу гэж итгэж байна.

-Энэ дашрамд асуухад, хуульч, судлаачийн хувьд Авлигын хэргийн дагнасан шүүх байгуулах Засгийн газрын санаачилгын талаар байр сууриа илэрхийлэхгүй юу /Энэ бас Үндсэн хуулийн асуудал болох магадлалтай байгаа/? 

-Эхлээд Авлигын хэргийн дагнасан шүүхийн тогтолцоотой улсуудын  сайн, муу туршлагыг сайтар судлах шаардлагатай. Авлигын хэргийн дагнасан шүүх 1979 онд Индонезд анх үүсэж байсан бол хамгийн сүүлд 2021 онд Арменд байгуулагдсан. Өдгөө Албани, Бангладеш, Ботсвана, Бурунди, Камерун, Хорват, Индонез, Кени, Мадагаскар, Малайз, Монтенегро, Умард Македон, Балба, Пакистан, Палестин, Филиппин, Сенегал, Серби, Сьерра-Леон, Словак, Шри Ланка, Танзани, Тайланд, Уганда, Украйн, Зимбабве, Армен зэрэг нийт 27 улс Авилгын хэргийг дагнасан шүүхийн тогтолцоотой байна. Эндээс Хорват, Мадагаскар, Малайз, Балба, Пакистан, Филиппин, Тайланд гэсэн 7 улсаас бусад нь парламентын нэг танхимын бүтэцтэй, нэг хүнд ногдох ДНБ-ээр дэлхийд тэргүүлдэггүй, эдийн засаг, улс төрийн системийн хувьд хямралаа шийдэж чадаагүй улсууд байна. Шууд хэлэхэд Африкийн ядуу буурай орнууд, зүүн өмнөд Ази, тэрчлэн постсоциалист зарим улсуудад энэхүү  Авилгын хэргийг дагнасан шүүх ажиллаж байна. Тэгэхээр дэлхийн 200 гаруй улсаас яагаад ердөө 27 улсад Авилгын эсрэг дагнасан шүүх ажиллаж байна, тэдгээр улсууд авилгын шүүхийг ажиллуулаад улс төр, эдийн засаг, эрх зүйн тогтолцоогоо хямралаас гаргаж чадсан уу гэдгийг сайн судлах шаардлагатай. Их тооны хууль гэж бий. Нэг зүйлийг маш олон удаа туршихад тухайн туршилтын дундаж утга нь үнэнтэй тэнцүү болдог. Их тооны хууль талаас харвал дэлхийн улсуудын практикт Авилгын эсрэг дагнасан шүүхийн тогтолцоо бага туршигдсан байна. Тэгэхээр үнэний утгыг илэрхийлэхгүй. Тэртээх 2005, 2006 оны үед Авилгатай тэмцэх газрыг л байгуулчих юм бол ямар ч авилгагүй болоод сайхан болох тухай ярьж байсан. Одоо хаана байна тэр авилга хээл хахуул багассан нь. Монгол Улс туршилтын туулай биш. Манайх нэг асуудлыг шийдэхдээ тухайн асуудлыг шийдэх чадвартай байгууллага байсаар атал дахин нэг байгууллага байгуулах явдлыг гол зорилгоо болгодог. Энэ бол буруу жишиг. Ер нь  гүйцэтгэх эрх мэдлийг л хэрэгжүүлэх чиг үүрэгтэй Засгийн газар нь дагнасан шүүх байгуулах тухай хуулийн төсөл боловсруулаад парламент уруу яаралтай горимоор оруулдаг жишиг хаана байна. Дээрээс нь шүүх эрх мэдэлтэй холбооотой, ийм ач холбогдол бүхий хуулийн төсөл боловсруулж байгаа бол хууль тогтоомжийн тухай хууль, Засгийн газрыын 59 дүгээр тогтоолоо  ядаж нэг харчих хэрэгтэй. Бушуу туулай борвиндоо баастай гэгчээр хууль зүйн техникийн наад захын шаардагыг хангасан уу хуулийн төсөл үү гэдгийг шалгах ёстой шүү дээ.

-Гэхдээ Засгийн газар хууль санаачлах эрхтэй субьект мөн биз дээ?

Хэдийгээр Засгийн газар хууль санаачлах эрхтэй субьект мөн боловч Үндсэн хууль болон бусад хуулийн биелэлтийг улс орон даяар зохион байгуулж, хангуулах, улсыг батлах хамгаалах, хүний эрх эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хэв журмыг сахиулах, мөнгөний ханшийг тогтвортой барих, дэд бүтцийг хөгжүүлэх, нийгмийн халамжийн бодлогыг хэрэгжүүлэх зэрэг ард түмний амьдралд хамгийн их хамааралтай хуулийг санаачлах ёстой. Тэрнээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, шүүх байгуулах зэрэг гүйцэтгэх эрх мэдлийн хүрээ хязгаараас давсан хууль санаачлах ёсгүй. Тиймээс цаашид засгийн газрын хууль санаачлах хүрээ хязгаарыг тогтоож өгөх ёстой.

-Сүүлийн асуулт, ойрын үед нүүрсний сонсгол хийх асуудал олны анхаарлыг татаж байгаа, та энэ талаар хууль зүйн дүгнэлт өгнө үү?

-2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэг сайн зүйл нь хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах тухай Үндсэн хуулийн 28.2 дахь зохицуулалт юм. Тодруулж хэлбэл нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар, тухайлбал авилга, хээл хахуул зэрэг нийтийн эрх ашиг зөрчигдсөн  асуудлаар парламент хянан шалгах түр хороог байгуулж, төрийн өндөр албан тушаалтнуудыг шүүн байцаах, шинжих, нотлох баримтыг бүрдүүлэх эрхтэй болсон. Гэтэл манайд парламентын хянан шалгах түр хороо сонгодог утгаараа ажиллах боломжгүй. Ингэснээр тус хороог зөвхөн сонсгол хийх төдий чиг үүрэгтэй болгосон. Учир нь парламентад олонх болсон эрх баригч намын дарга нь  хууль тогтоох, гүйцэтгэх шүүх эрх  мэдлийг сүвлэн зангиддаг нам төвт тогтолцоонд хянан шалгах хороо түр хороо хараат бусаар байгуулагдах болон ажиллах боломжгүй. Тухайлбал хянан шалгах түр хороог төрийн өндөр албан тушуултнуудын холбогдсон гэмт хэргийг шалгах зорилгоор УИХ-аас байгуулж, ажиллуулж байгаа ч энэ нь хэлбэр төдий буюу гагцхүү сонсгол хийх байдлаар хязгаарлагдаж байна. Зүй нь хянан шалгах хорооны баримтжуулсан материалыг шүүхэд шилжүүлж, шүүх нь өндөр албан тушаалтнуудын улсад учруулсан хохирлыг тогтоож, тэдэнд  хариуцлага тооцох ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

цэрэн 2023-12-04 139.5.218.244

сонгууль ойртсон мэдэгдэж байна. Сонгууль мэдээж мөнгөнөөс хамаарна. Үүний тулд Их мөнгө эргэлддэг хотыг хяналтандаа авах, өмнөх 2 сонгуулиаНҮҮРСНИЙ мөнгөөр хийж эрх мэдэлд авсан, Одоо дахиж тэднээс мөнгө авахын тулд нүүрсний гэх хэргийг сэдэж шантаажлаж сонгуулийн мөнгөө МАН босгож байна ш дээ. Цаашид сонгуулийг маш бага мөнгөөр хийдэг болох 100 хувь попорцианалиар хийх хэрэгтэй. Хууль зөрчсөн зүүний нялх сэнгүүнийг огцруулах хэрэгтэй. Герман улс 100 хувь пропорцианалиар сонгуулиа явуулдаг.

Avatar

Нэргүй 2023-12-04 66.181.183.164

НЭГЭНТ Л УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР ЧӨЛӨӨЛӨГДӨХ ҮНДЭСЛЭЛИЙГ ЭРХЗҮЙГЭЭР ХАНГАЛТТАЙ ЗОХИЦУУЛААГҮЙ БАЙГАА БОЛ ӨӨР НЭГ ХУУЛЬЗҮЙН АЛТАН ЗАРЧИМ ГЭЖ БАЙДАГ. ХУУЛИАР ЗААЖ ХОРИГЛООГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРӨХ ҮНДЭСЛЭЛТЭЙ БАЙДАГ

Avatar

Хөхинээд 2023-12-04 66.181.177.60

Би дарга больё гээд ард түмний элч байхаасаа өөрөө татгалзсаныг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзвэл хөх инээд хүрнэ шүү

Avatar

Нэргүй 2023-12-04 202.9.40.185

Сүхболд докторыг дэмжиж байна. Эрх баригчид Үндсэн хуулийг уландаа гишгээд удаж байна

Avatar

Иргэн 2023-12-04 103.57.95.247

ҮХЦ-ийг татан буулгаж ,үүрэг эрхийг нь дээд шүүхэд шилжүүлж , үндсэн хууль зөрчиж шийдвэр гаргасан засгийн газрыг татан буулгах , хуулиа сахиулж чадахгүй байгаа УИХ- ыг тараах гээд мөнч их асуудал яригдахаар байна даа.

Avatar

Хотын уугуул иргэн 2023-12-04 66.181.179.106

10.1.2.хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн" гэх заалт байна шүү дээ, мэргэн бөөдий минь… . Өөр ажилд томилогдож байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж үү. Шинээр дугуй бүтээх гээд нээх их мундаг амьтан болох гээд хэрэггүй.

Avatar

Нэргүй 2023-12-04 202.9.40.185

Ерөнхий сайдын дарангуйлалтай улс болжээ

Avatar

Нэргүй 2023-12-04 202.9.40.185

Үндсэн хуулийн цэц нь эс үйлдэл хийгээд авч хэлэлцэхгүй дээ, ер нь Үндсэн хуулийн цэц улс төрийн байгууллага болоод удаж байна даа, аргагүй дээ өөрсдийгөө томилсон хүмүүсийн эсрэг яаж ч маргаан үүсгэхэв дээ

Avatar

Зочин 2023-12-04 124.158.107.71

Маш сайн байна. Энд хувь хүний тухай яриагүй Төрийн эрх барих дээд байгууллагуудын Үндсэн хууль зөрчсөн тухай ярьж байна. УИХ гишүүнийг бөөн зардал болж байж ард нийтээс сонгосоны дараа Би том дарга хийнэ гээд яваад өгдөг. Эсвэл чамаас өөр хүн алга чи улсын их хурлын гишүүнээ боль гэдэг ийм тэнэглэл явагдаад байгаа л болиулах агуулгатай юм байна

Avatar

Зочин 2023-12-04 66.181.188.87

Хуцаа, нийслэлийн хулгайг Нямбаатараас өөр хэн дэлгэсэн юм.

Avatar

Нэргүй 2023-12-04 202.126.88.83

2024 онд МАН ялна.Нийслэлд гамшиг болдогоороо болно.Тэр үед арай бяртай зандкаг хотын даргаар тавих хэрэгтэй.Хурц шорвог шийдвэр гаргаж хотыг цэгцэлнэ.

Avatar

Нэргүй 2023-12-04 66.181.190.95

Данх огцрох болзлоо хангажээ

Avatar

Нэргүй 2023-12-04 103.57.93.189

Ene huuhed ichih nuurgui huuhed tul ogtsrogui l geed yanz yanziin yum sedeed l baigaa. Ichih nuurtei hun baisan bol ali ert bi diilehgui ni gedgee heleed chaddag hund ni ugie geh bailaa

Avatar

Нэргүй 2023-12-04 66.181.177.154

SEKSEER XANGN 80955877

Avatar

Хууль зүйн магистр 2023-12-04 202.126.92.98

хүндэтгэн үзэх шалтгаан бол хүнд өвчин гоё ярих юм аа хахаха. Энэ багшийн шавь нар бас яг ийм ойлголтыг энэ хүнээс авч байгаа гэхээр л

Avatar

яя 2023-12-04 66.181.166.213

энэ багш арай гайгүй шүү, эдний сургуулийн биеийн тамирын багш нь докторын нэрийг гутаасан юм байдаг

Avatar

Нэргүй 2023-12-04 66.181.178.191

Хуулийн заалтыг логиктой зөв тайлбарлаж чадахгүй ийм хүмүүс яаж хууль зүйн шинжлэх ухааны эрдэмтэн байнаа?? "хүндэтгэн үзэх шалтгаан" гэдгийг ингэж мухарлаж болохгүй л дээ!! Хамгийн гол нь иргэн хүн ямар ч ажил албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх эрхтэй байдаг! Энэ эрхийг эс зөвшөөрвөөс албадан хөдөлмөр шиг болно!!! УИХ-ын гишүүний алба ял шийтгэл биш!!

Avatar

zz 2023-12-04 66.181.166.213

zarim erdemted ni ugaasaa hudlaa garuud shd

Avatar

Нэргүй 2023-12-04 103.229.176.140

Khurelsukh uurtuu zoiulj undsen huuli zahialj batluulaad bhad argagui sh dee.

Avatar

Нэргүй 2023-12-04 103.57.95.64

Сүхболд доктор сайн тайлбар хийж. Тийм, бид Оюун-Эрдэнэ гэдэг хаантай болчихоод байгаа юм билээ. Хааяагүй явж тууз хайчилна, үг хэлэх бүртээ э/з өсч, ХҮИ буурч байна гэнэ, цалин, тэтгэвэр өсгөлөө гэнэ, гэтэл юмны үнийн өсөлт саардаггүй, төгрөгийн ханшийг хар! Гэмт хэрэг, түгжрэл, бохирдол яаж байна? Ардчилалгүй гэгдсэн хятадыг судал, Ши ямар үг хэлж байгааг унш. Бас Сингапурын дарга яагаад сайрхдаггүй юм? Муу хаан сайрхдаг байх нь ээ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж