Тарваган тахлаас сэргийлэхийг зөвлөлөө

Хуучирсан мэдээ: 2010.08.31-нд нийтлэгдсэн

Тарваган тахлаас сэргийлэхийг зөвлөлөө

Манай орон тарваган тахлын идвэхитэй бүст  байрладаг бөгөөд 8-10 дугаар сард уг тахлын дэгдэлтийн ид үе гэдгийг мэргэжлийн байгууллагынхан сануулж байна. Тарваган тахал нь тарваганаас хүнд халдах өвчин бөгөөд өвчин үүсгэгч нь богино хугацаанд хэсгийн булчирхайг гэмтээж  суга цавины булчирхай томрон өвчлөх, цусаар тархсан үед уушиг, тархи, зүрх гэх мэт бүх эрхтнийг гэмтээдэг байна. Уг өвчин нь мэрэгч амьтны арьсанд амьдардаг бүүргэнд хазуулах, тарваганы махыг дутуу боловсруулж хэрэглэх, ямар нэгэн шарх, шалбархайгаар дамжих, амьсгалын болон хоол боловсруулах замаар, цусаар тус тус дамжин халдварладаг аж.

Өвчний халдвар авсан үед нууц үе нь хэдэн цагаас 2-7 хоног үргэлжилэх  бөгөөд ямар нэгэн  байдлаар тарваганы мах, арьсанд хүрсэнээс хойш халуурах, толгой хүчтэй өвдөж, дотор муухайрах, огиулах, нойргүйдэх, хий юм сонсогдох, харагдах зэргээр дэмийрэх, нүүр, нүд улайх шинж биед илэрвэл эмчид яаралтай хандах шаардлагатай гэнэ. Мөн булчирхай хэлбэрийн үед улаан толбо гарч улмаар цусархаг идээтэй шингэнээр дүүрсэн цэврүү болж яваандаа хагарч шархлах, цээжээр өвдөн ханиалган  цустай цэр гардаг. Харин  цусаар дамжин халдварлах үед биеийн байдал маш хүндэрч арьс салстаар нь цус харвалт үүсч, цустай цэрээр ханиалган цус алддаг байна.  Хэрвээ дээрх шинж тэмдэг илэрсэн өвчтөнг эмчид хандаж эмчилгээг яаралтай эхлүүлэхгүй бол  өвчлөгсөдийн 50-60  хувь амь насаа алддаг байна.  

Тиймээс  мэргэжлийн байгууллагууд ард иргэдэд хандан урьдчилан сэргийлэх доорхи зөвлөмжийг гаргажээ. Үүнд:
-Үхсэн буюу нохой барьсан тарвагыг оролдохгүй байх
– Тарвага агнахдаа урхи, хавх хэрэглэхгүй байхаас гадна нүхгүй тэнэж яваа, үргэхгүй, хошгирохгүй, хөдөлгөөн удаантай тарваганд хүрэхгүй байх,  
-Түүхий мах, нойтон арьсыг хот, суурин газруудад оруулахгүй байх,
-Урьдчилан сэргийлэх тарилга хийлгэх,
-Тарваган тахлын идэвхтэй, голомттой орон нутгийнхан, анчид, эмнэлгийн ажилтнууд өвчний сэжиг илэрсэн тохиолдолд эмнэлэг, орон нутгийн байгууллагуудад мэдэгдэх,
-Гэнэт өндөр халуурвал байгаа байршлаа  солилгүй эмч дуудах зэргийг зөвлөжээ.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж