Харилцаа холбооны зохицуулах хорооноос Zarig.mn вэб сайтыг хаасан нь хэвлэлийн эрх чөлөөнд халдсан үйлдэл гэж үзэн, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл болон хэвлэл мэдээллийн байгууллагынхан өнөөдөр /2023.12.02/ Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учралд шаардлага хүргүүлэв. Энэ үеэр сайд Н.Учрал дараах тайлбарыг хийлээ.
Тэрбээр “Цахим сайтыг боомилдог эрх надад байхгүй. Хэвлэл мэдээллийн байгууллага зохих шаардлага хүргүүлж байгаа учраас хүндэтгээд хүлээн авч байна. Энэ асуудал зөвхөн Өнөрөө гэдэг хүний асуудал биш Монгол хүн бүрийн, сэтгүүлч бүрийн хэвлэл мэдээллийн байгууллагын үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, ардчиллын суурь зарчим үнэт зүйлд халдаж байгаа үйлдэл. Сэтгүүлч нар “бид нарт ийм асуудал үүсвэл яах вэ” гэдэг хандлагаар хандлаа гэж ойлгож байна. Би сайт хязгаарласан асуудлаар өнөө өглөө мэдээлэл авсан. Харилцаа холбооны зохицуулах хорооны даргаас мэдээлэл авсан, албан ёсоор бичиг ирүүлсэн. Процедурыг нь харахаар Храилцаа холбооны тухай хуульд заасан, домэйн бүртгэх, хязгаарлах журам, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт тавигдах шаардлагуудыг тусгасан гэрээний үндэслэлүүд байдаг. Харилцаа холбооны тухай хуульд заасны дагуу домэйны журмыг Харилцаа холбооны зохицуулах хороо өөрөө баталдаг. Харилцаа холбооны зохицуулах хороо нь гишүүдтэй, хамтын шийдвэр гаргадаг. Интернэтийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагатай гэрээ хийдэг. Тэр гэрээн дээрээ хууль хяналтын байгууллага үндэслэлээ тодруулаад илгээх юм бол зохих хугацаанд хязгаарлах үүргийг журмаар авсан байдаг. Энэ утгаараа Харилцаа холбооны зохицуулах хоро надад тайлбарлахдаа прокурорын зөвшөөрөлтэй бичиг ирсэн, үүн дээр Шүүхийн ерөнхий зөвлөл гомдол гаргаад, шүүхийн хараат бус байдалд нөлөөлж болзошгүй гэдэг нөхцөл байдал тогтоогдсон гэдэг бичиг ирүүлээд прокурорын дүгнэлт явуулсан. Цагдаагийн байгууллага Харилцаа холбооны зохицуулах хороонд шаардлага тавьсан, тодорхой хугацаанд хязгаарлаж өгөөч гэж асуудал тавьсан. Журмынхаа хүрээнд тодорхой хугацаанд хязгаарласан байна.
Миний хувьд амьдралдаа ямар ч хэвлэл мэдээллийн байгууллагыг эрүүгийн, иргэний ямар нэг зөрчил үүсгэж гомдол гаргаж байсан түүх байхгүй. Олон жилийн өмнө би өөрөө хэвлэл мэдээллийн байгууллага байгуулж байсан, сэтгүүлчидтэй ойр ажилладгийн хувьд ардчиллын суурь зарчмыг хамгаалахын төлөө зогсооно.
Өнөрөөгийн явуулж байгаа мэдээллүүд, үг болгон нь надад таалагддаггүй ч үг хэлэх эрх, эрх чөлөөг нь үргэлж хүндэтгэнэ. Амнаас гарч байгаа үг болгон нь таалагдахгүй байлаа гээд амыг нь боомилно гэдэг үйлдэл ардчилсан нийгэмд байж болохгүй.
Ардчиллаас олж авсан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнийхөө төлөө та бүхэн дуу хоолойгоо илэрхийлж байгааг хүндэтгэж, хүлээн авч байна.
Шийдэл ярих ёстой. Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан, Харилцаа холбооны хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулж дууссан. Ирэх Даваа гаригаас хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж эхэлнэ. Ирэх Засгийн газрын хуралдаанаар Домэйн нэрийг бүртгэх журамд өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Мөрдөн байцаах ажиллагааны нууцыг шалгаж байгаа нэрээр хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг хязгаарлаад байвал цаашид ардчилал байх уу гэдгийг асуудал яригдах учраас төр анхаарах ёстой. Цаашдаа шүүхийн шийдвэр гарсны дараа домэйн нэрийг хязгаарлах арга хэмжээг авах ёстой юм байна гэдэг дүгнэлтэд хүрч байна” гэлээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ