Харилцаа холбооны зохицуулах хороо /ХХЗХ/-ноос өнөөдөр /2023.1.202/ "Zarig.mn” вэб сайтыг ямар шалтгааны улмаас хаасан талаар мэдээлэл хийлээ.
ХХЗХ-ны холбогдох төлөөлөл "Zarig.mn цахим хуудасны Монгол Улсаас хандах хандалтыг хязгаарлах жагсаалтад оруулсантай холбоотойгоор мэдээлэл өгч байна.
ХХЗХ нь Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.14 дэх заалт, домэйн нэрийг бүртгэх, ашиглах журмын зургаадугаар зүйл, интернэтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын 3.8.1 дэх заалтын дагуу холбогдох эрх бүхий байгууллагаас ирүүлсэн дүгнэлт, шийдвэрийг үндэслэн зөрчилтэй домэйн нэрийн жагсаалтад оруулж, интернэтийн үйлчилгээнд Монгол Улсаас хандах хязгаарлалт хийх арга хэмжээ авдаг. Энэхүү хууль эрх зүйн үндэслэлийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2023 оны арванхоёрдугаар сарын 1-ний 116 тоот прокурорын зөвшөөрөл, мөн Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албаны 2023 оны арванхоёрдугаар сарын 1-ний 8665 тоот дугаар тоот шийдвэрийг үндэслэн Zarig.mn цахим хуудсыг зөрчилтэй домэйн нэрийн жагсаалтад оруулсан байна. Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй, ХХЗХ өөрийн санал санаачилгаар цахим хуудас болон домэйн нэрийн хандалтыг хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлдэггүй байгууллага. Холбогдох эрх бүхий хууль, хяналтын байгууллагаас ирүүлсэн шийдвэрийг хэрэгжүүлж, хэрэгжилтэнд нь технологийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээг авдаг" гэлээ.
Мөн “Энэхүү зохицуулалт 2013 оноос хойш хэрэгжээд явж байгаа. Өнөөдрийг хүртэлх хугацаанд 6873 домэйн нэрийг зөрчилтэй жагсаалтад оруулсан байдаг. Үүний 80 хувь нь мөрийтэй тоглоом зохион байгуулах Монгол Улсын хуулийг зөрчсөн агуулга бүхий сайт домейн нэрийг оруулсан байсан учраас хааж байсан” гэлээ.
Прокурорын зөвшөөрөлд "Бусдын 56 тооны буюу олон тооны бог малыг завшсан хэргийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхээр 2023 оны аравдугаар сарын 6-ны өдөр хэлэлцэх явцад Н.Өнөрцэцэг нь өөрийн цахим хаягаар тус шүүхийн гаднаас "Найман ишигний хэрэг, найман ишиг бол хулгай биш мал нийлсэн асуудал, найман ишгийг зараад мөнгө угаасан гэж 80 настай хүнийг шүүхийн танхимд цус харватал нь шүүж байна. Өглөөний 10:00 цагаас хойш шүүх хурал завсарлаагүй, долоон цаг үргэлжилж байна" гэсэн гарчигтай шүүгчийн ажил хэргийн нэр хүндэд халдсан, олон нийтийг төөрөгдүүлсэн илт худал мэдээллийг олон нийтийн цахим орчинд тараасан гэх эрүүгийн хэрэгт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Өнөрцэцэг Наран гэх фэйсбүүк хуудас болон Zarig.mn хуудас болон вэб сайтын Монгол Улсаас хандах хандалтыг хязгаарлах технологийн арга хэмжээ авах буюу харилцаа холбооны сүлжээнд нэвтрэх боломжийг хязгаарлаж, мөрдөн шалгах ажиллагааг ХХЗХ-нд даалгаж явуулах нь хэрэгт ач холбогдолтой байх тул мөрдөгчийн саналыг хүлээж авах нь зүйтэй байна" гэж дүгнэжээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ