Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан Н.Алтанхуяг нарыг дахин буруутгав

Хуучирсан мэдээ: 2023.12.02-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан Н.Алтанхуяг нарыг дахин буруутгав

Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан Н.Алтанхуяг нарыг дахин буруутгав

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох шүүх хурал өнгөрсөн зургадугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж, гурван сар үргэлжилсний эцэст 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ дунд УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарт холбогдох хэрэг хэрэгсэхгүй болсон юм.

Харин прокуророос дээрх нэр бүхий гурван гишүүнээс гадна 40 гаруй хүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, зарим шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах, торгох ял оногдуулсан нь хөнгөдсөн гэж үзэн эсэргүүцэл бичиж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн нь  УИХ-ын сонгууль ойртож буй үед гай тарьж мэдэхээр байна.

Прокурор эсэргүүцэл бичсэн нөхцөлд талууд шүүх дээр маргах шаардлага үүсдэг.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд “Говийн зам” компанийн барьсан авто замыг “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн мэдэлд шилжүүлэхээр шийдвэрлэж, векселийн хугацаа дуусах үед төлбөрийг хугацаанд нь төлөхгүй байснаас 1.9 тэрбум төгрөгийн алданги хүлээхэд нөлөөлсөн гэж үзэн, яллагдагчаар татан шүүх рүү хэргийг шилжүүлсэн байсан юм.

Тэрбээр анхан шатны шүүхээр шүүлгүүлж байхдаа "Хүн нь байвал нь хэрэг нь олдоно гэх асуудлыг би ярина. Би ямар нэгэн буруу зүйл хийгээгүй. Өөрийгөө хаацайлаагүй. Зээл авч өгдөг газар нь Засгийн газар биш. Хахууль өгсөн авсан зүйл байхгүй. Эхнэрийг минь хүртэл шалгаад нотлоогүй. Би 10 жил хонгилоор явж байна. Миний эргэн тойрны хүмүүсийг хүртэл хонгилоор чирсэн. Хүний аз жаргал байрны мкв-аас шалтгаалдаггүй. Хулгайч нараа, новшнуудаа…. Миний Монголыг яагаад ийм байдалд оруулж байгаа юм. Ямар өлмөн зэлмэн өссөн юм бэ. Яагаад байгалийн баялгийг дээрэмдээд байгаа юм. Үгээ хэлсний төлөө намайг үгээ хэлэх үү, шоронд орох уу гэдэг. Би шоронд орохыг чинь сонгоё гэсэн.

…Ардын намын зарим гишүүн “Наадахыг чинь хашраана аа” гэдэг юм. Хашрааж байгаа хэлбэр нь энэ гэнэ. Хуцав аа. Намайг шүүх дээр авч ирээд. Ял өгсөн байсан ч хашраахгүй" гэдэг тайлбар хэлж байв.

Харин УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК нь 33.15 тэрбум төгрөгийн зээл олгож, давуу эрх бий болгосон гэж буруутгаж, анхан шатны шүүхээр шүүсэн. Шүүлгүүлж байхдаа УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "Вертекс майнинг партнерс" ХХК-ийн зээл Хөгжлийн банкны зээлийн шаардлагад нийцээгүй, хуулийн шаардлага хангаагүй гэж ярьдаг. Гэтэл энэ компани туршлагатай уул уурхайн олборлогч компани. Монгол Улсын экспортын 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Үүнээс нүүрсний экспорт дангаараа 56 хувийг эзэлдэг. Төсвийн байнгын хорооны гишүүний хувьд нэг тоог баттай хэлье. Улсын төсвийн орлогын 40 хувийг нүүрсний экспорт шууд болон шууд бусаар бүрдүүлдэг. Энэ компани уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байхад яагаад Хөгжлийн банкны зорилгод нийцэхгүй гэж. Хэрэв өнөөдөр ийм төслийн зээлийн хүсэлт орж ирвэл би хоёр гараа өргөөд дэмжихээр байна.

Г.Амартүвшин, Х.Ганхуяг хоёр хамт бизнес хийдэггүй, албан тушаалаа урвуулан ашигласан зүйл байхгүй. Тогтоогдсон зүйл байхгүй.

Би өөрөө ашиг сонирхлын үүднээс зээл олгосон асуудал байхгүй, нотлогдоогүй. Цэвэр улс төрийн зорилгоор миний нэрийг сэвтүүлэх, унагаах зорилготой байсан гэж харж байна. Та бүхэн санаж байгаа байх. 2022 оны эхээр Хөгжлийн банкны удирдлагууд тэр дундаа дэд захирал нь хэвлэлийн бага хурал дээр “Г.Амартүвшин бусдын боломжийг хулгайлсан, найздаа зээл олгосон” гэж гүтгэж, сошиалаар бужигнуулсан. Энэ захирал нь 2020 оны УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт өрсөлдөж байсан нөхөр. Намайг харлуулах гэж дээрх гүтгэлгийг явуулсан гэж хардаж байгаа. Энэ компанид зээл олгуулсан гэж итгүүлэхийн тулд мөрөөрөө ажлаа хийж байсан залуусыг энд хамаатуулсан. Эд нарт ямар ч буруу байхгүй" гэх тайлбар хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "АТГ, хууль хяналтын байгууллагыг дуудсан цагт нь очиж, мэдүүлгээ өгч ирсэн. Гэрт нэгжлэг хийсэн, ээж, аав, ах, эгчийн компани, миний охин компаниудыг бүгдийг шалгасан. Хэрэг шүүхэд шилжээд яллах дүгнэлттэй танилцахад юу ч гарч ирээгүй. Би анх шүүх хурал эхлэхэд л прокуророос асууж байсан. “Нотлох баримт чинь юу юм бэ. Юун дээр үндэслэж намайг яллаад байгаа юм бэ” гэдэг асуултыг тавьсан.

Зээлийг үхэртэй ч зүйрлэв үү, гар утастай ч зүйрлэв үү тийм л юм ярьсан.

Онгоцоор хамт явсан гэдэг асуудлыг тавьдаг. 2018 оны есдүгээр сард би Канадын их сургуульд элсэх эрх аваад тэр цаг мөчөөс ирэн очин байсан.  2019 онд 12 удаа хилээр гарч, 12 удаа орж ирсэн. Нийтдээ дамжин нислэгүүдээ оруулаад 56 удаагийн нислэг хийсэн. 10 мянга гаруй хүнтэй хамт ниссэн. Ний нуугүй хэлэхэд нислэгт хэнтэй хамт явж байгаагаа мэдэхгүй" гэж тайлбарлаж байв.

Хөгжлийн банкны гэх тодотголтой хэрэгт дээрх гишүүдээс гадна Ё.Баатарбилэг гишүүн шүүлгүүлсэн. Шүүхээс түүнд 6 жилийн хорих ял оноосон ч хоригдоогүй байгаа. Учир нь, УИХ-аас түүний гишүүнийх нь бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй, мөн Давж заалдах эрхтэй гэж үзсэнээр өнөөдрийг хүртэл УИХ-ын гишүүн гэдэг статустай байгаа. Гэхдээ УИХ-ын намрын чуулган эхэлсэн өдрөөс өнөөдрийг хүртэл УИХ-ын гишүүний ажлаа хийгээгүй гэж хэлж болно. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн эл асуудалд "Эрүүгийн хууль болон УИХ-ын тухай хуулиар үүнийг зохицуулсан. Энэ нь шүүхийн хүчин төгөлдөр тогтоол буюу давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсны дараа УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэж заасан байгаа. Ё.Баатарбилэг гишүүний асуудалд анхан шатны шүүхийн шийдвэр гарчихсан. Өөрөө давж заалдах шатны шүүхэд хандсан байгаа гэж бодож байна. Түүний дараа бүрэн эрхийн асуудал яригдана. Хуралд оролцох нь ёс зүйн хувьд тохиромжгүй гэж үзсэн болов уу” гэдэг тайлбарыг хийж байсан удаатай.

Мөн Ё.Баатарбилэг гишүүний хувьд "Шүүхийн анхан шатны шийдвэрийг зөвшөөрөхгүй, давж заалдана" гэдгээ мэдэгдэж байв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж